Хүрэлбаатар.Ч Энх-Амгалан.Б 2018.01.26 | Сайт: Vip76.mn

Зээлийн хэлцээрийг баталж, Дарханы цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Зээлийн хэлцээрийг баталж, Дарханы цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрчим хүчний үр ашиг" хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн зорилго нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт-н хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход оршино.   

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ. 

Төслийг 2018 онд бүрэн хэрэгжиж дуусахад нийт 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгааг дараах байдлаар санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ нийт 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээгээр тохиролцоод байна.

Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд дараах нөхцөлтэй олгоно. Үүнд:

Зээлийн хүү (жилийн): 2.0%
Зээлийн хугацаа: 30 жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 10 жил        Хөнгөлөлтийн түвшин: 36.7%

Зээлийн хэлэлцээрийг АБГББХ-оор хэлэлцэж, санал дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 01 сарын 26-нд хуулийн төслийг хэлэлцсэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа. Зээлийн хэлэлцээрийн анхны хэлэлцүүлгээр батлах АБГББХ-ны саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 82.4 хувь нь дэмсэнээр зээлийн хэлэлцээр батлагдлаа.