Занданшатар.Г Хүрэлбаатар.Ч 2018.03.23 | Сайт: Vip76.mn

Япон улсаас олгож буй 850 сая ам.доллартой тэнцэх хэмжээний иений зээлийг төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 12 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас ТӨСВИЙН ДЭМЖЛЭГ болгож 850 сая ам.доллартой тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих 3 ЖИЛИЙН хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ.

Санхүүжилтийн ЭХНИЙ ШАТ болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-д:

  • Зээлийн хэмжээ: 32,0 тэрбум иен буюу 283,3 сая ам.доллар
  • Зээлийн хүү: Жилийн 0,8 хувь,
  • Урьдчилгаа шимтгэл:  0,1 хувь
  • Төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 6 жил
  • Эргэн төлөгдөх хугацаа: 20 жилийн хугацаатай

Манай улсад олгож байгаа энэ тав дахь удаагийн зээл нь ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцын хүрээнд болон Япон Улсын Засгийн Газраас олгож байсан дэмжлэгээс ХАМГИЙН ӨНДӨР ҮНИЙН ДҮНТЭЙ зээл юм.

“Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр:

ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ энэ зээлээр ямар ТӨСӨЛ хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлэх вэ? Иргэдийг ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах уу? гэсэн асуултыг Сангийн яамны сайдаас тодруулж байсан.

САНГИЙН ЯАМНЫ САЙД Ч. ХҮРЭЛБААТАР:

Энэ зээлээр ямар нэгэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй. Эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, эдийн засгийг өсөлтийг дэмжих гэсэн чиглэлийн төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглана.
Төсвийн зардалд дотоодын арилжааны банкнуудаас жилийн 14-18 хувийн хүүтэй зээл авч санхүүжүүлж ирсэн. Урт хугацаатай, хүү багатай энэ зээлийг төсвийн зардлыг санхүүжүүлэхэд хэрэглэх юм. Ингэснээр Арилжааны банкнууд  иргэд хувийн хэвшилдээ зээл олгох нөхцөл бүрдэж байгаа гэсэн хариултыг сангийн сайд хэлж байсан юм.

Дашрамд мэдээлэхэд: Зах зээлийн эдийн засаг руу шилжсэн 1990-ээд оноос хойш Япон Улсын Засгийн газар нь манай улсын эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллаж ирсэн бөгөөд улсын төсөв, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, ТӨСӨВИЙН дэмжлэг олгож ирсэн.

Анх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг импортлоход зориулж “Сommodity loan” буюу барааны зээл хэлбэрээр НИЙТ 7.3 тэрбум иений зээлийг 1991, 1993 онуудад олгож байсан.

Энэхүү зээлийг хоол хүнс, нэн яаралтай тоног, төхөөрөмж болон нефтийн бүтээгдэхүүн импортлоход ашигласан.

Мөн 2009, 2012 онуудад нийт 50 сая ам.долларт тэнцэх хэмжээний иений хөнгөлөлттэй зээлийг ТӨСӨВИЙН зардлаа санхүүжүүлэхэд авч байсан. Харин тавь дахь удаагийн энэ зээлийг Манай улс төсвийн алдагдлыг бууруулахад ашиглах юм.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа