Б.Баттөмөр Ц.Гарамжав Г.Тэмүүлэн 2018.06.22 | МН25 ТВ

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх төслийг УИХ хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцэсэн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаахаас 7 хоногийн өмнө энэхүү төслийг оруулж ирж байгаа нь багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Харин Засгийн газар Эрдэнэс Тавантолгойн хөрөнгийн үнэлгээг дахин хийж, компаний 30 хүртэлх хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, шаардлагатай хөрөнгийг татах шийдвэрийг эцэслээд байна. УИХ-ын чуулганы хуралдаан хаагдахаас өмнө асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх боломжтой гэдгийг гишүүд хэлж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Баяр наадмын үеэр завсарлаад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Тавантолгойтой холбоотой асуудал болон бусад асуудлыг хэлэлцэх бүрэн боломж байгаа. Чуулган завсарлахаас долоо хоногийн өмнө орж байна. УИХ-ын удирдлагын түвшинд ярьж, шийдвэрлэх ёстой асуудал. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хэлэлцэж амжих эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэдийгээр хэлэлцэхийг даргын зөвлөлийн хурлаар шийднэ. Ер нь Тавантолгойн үйлдвэрийн үйл ажиллагааг явуулах нь зүйтэй. Үүнийг дагаж маш олон ажлын байр бий болно. Энэ салбарт бүх төрлөөр маш олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжинэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хуулийн хугацаагаар 6 сарын 29 хавьцаа УИХ завсарлах төлөвлөгөөтэй байсан. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын үйл ажиллагааг сунгаж, хуралдахыг үгүйсгэхгүй. Тавантолгойн орд бол 7.3 тэрбум тонны нөөцтэй дэлхийн хосгүй орд. Үүний зонхилох хэсэг нь коксжих нүүрс. Эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.