“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ
Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, салбар хуралдаанууд өнөөдөр (2018.06.21) Улаанбаатар хотноо эхэллээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин“Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг”-ийг нээж үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт дөрвөн улсын Засгийн газрын дээд хэмжээний төөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэр дундаа тэргүүлэх чиглэлийн салбар болох Хөдөө, аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцэж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна” гээд, харин “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байгааг онцлон өгүүлэв.
“Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. “Тавантолгой” төслийг хувийн хэвшилтэй, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Сүүлийн жилүүдэд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудын хүн амын амьжиргааны түвшин хурдацтай дээшилж, 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 70 хувь нь энэ бүсэд амьдрахаар байна. Дундаж давхаргын хүн амын хэрэглээний бүтцэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг тул генетекийн өөрчлөлт, нэмэлт бордоогүй экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлэх боломж Монгол оронд байгааг та бүхэндээ сонордуулья” гэв. Түүнчлэн дэлхий глобалчлагдах хэрээр хөрөнгө, мэдлэг, ноу-хау түгэж, зах зээл хурдтай тэлж байгаа тул “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнууд хоорондоо худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрүүдийг байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бүтээн байгууллалтуудыг өрнүүлэхийг уриаллаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн сайдын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн боомтод чөлөөт бүс байгуулах, тэнд экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа үгийнхээ төгсгөлд хэлээд, энэ ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулцуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.