Ц.Байгалмаа: Боловсрол хэлбэртээ биш агуулгандаа
ШУ-ы доктор Ц.Байгалмаа
2016.05.27

Ц.Байгалмаа: Боловсрол хэлбэртээ биш агуулгандаа

Манай сонины 05 сарын 16 ны дугаарт нийтлэгдсэн Ухаалаг эко зуухны тухай ярилцлагын эзэн “Стратеги Академи”-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, инженерийн ШУ-ы доктор Ц.Байгалмаатай бид дахин уулзлаа. Учир нь түүний ярилцлагыг уншсан уншигчид манай редакци руу утасдан түүний бүтээсэн зуухны талаар асууж сурсан эрэлт хэрэгцээ, талархал их байлаа. Үүнээс үүдэн бидний тодотгосноор “дэлхийн хүн” Ухаалаг-эко зуухыг бүтээсэн Др.Цагааны Байгалмаатай бид зуухыг тойрсон зарим асуудлыг тодруулж, түүнчлэн бусад сэдвээр ярилцлаа.

Өмнөх ярилцлагадаа энэ тухай асуугаагүй юм байна. Ухаалаг зуух хийх санаа юунаас үүдэлтэй байсан бэ?

-Улаанбаатар хот яаж, хэрхэн утаанаас салах вэ гэсэн яриа хэлэлцүүлэг явагдсаар л байсан, түүнтэй холбоотой утаагүй болгох зуух, түлш гээд олон зүйлүүд хийгдсээр л ирсэн. Миний хувьд, бага насны хүүхдээ салхилуулж байхдаа л утаа бол үнэхээр хүнд асуудал болсон юм байна гэдгийг биеэр мэдэрч, яаж утаагүй болох вэ, ямар арга зам байна вэ гэж эрэлхийлж судалж эхэлсэн юм. Манайхан нүүрснээс шууд татгалзаж дулааныг утаагүй шийдэх талаар яриад байдаг.

Гэтэл утаагүй өртөг өндөртэй түлш түлэх боломж үнэндээ байхгүй бид ядуу байна шүү дээ. Монгол улс нүүрсний асар их нөөцтэй орон. Тэр давуу талаа бид ашиглах ёстой. Жишээ нь Японы Фукушимагийн цөмийн цахилгаан станцыг цунамид өртсөний дараанаас нүүрсээр болон бусад түлшээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг сэргээх хандлагатай болсон. Тиймээс би нүүрсэндээ түшиглэсэн, утаагүй, хамгийн гол нь аюулгүй ажиллагаатай зуух хийж Монголдоо нэвтрүүлэхийг зорьсон.

-Зуухны бүтэц загварыг монгол инженер залуу гаргасан гэж байсан. Манай инженер мэргэжилтнүүд танд ямар санагдав?

-Тиймээ. Зуухны бүтэц загварыг монгол инженер залуу гаргаж, би өөрөө дотоод системийг нь хийсэн. Ер нь манай зуухыг бүтээлцэхэд олон мундаг чадварлаг залуус гар нийлэн оролцсон л доо. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд социализмийн үед бид бодлогоор инженер техникийн ажилчдыг бэлтгэдэг байсан.

Гэтэл одоо эсрэгээрээ нийгмийн ухааны чиглэлээр боловсрол эзэмшигчид олонхи нь байхад техник технологи, инженерчлэлийн чиглэлийн үндэсний мэргэжилтэн хангалтгүй болсон байна. Аль болох монголын асуудлыг монголдоо өөрсдөө л шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэр ч утгаараа үндэсний мэргэжилтэн ажилтнуудыг бэлтгэдэг төрийн бодлого боловсролын салбарт үгүйлэгдэж байна.

-Боловсрол гэснээс та АНУ-ын Харвардын Их Сургуульд судлаач багшаар ажиллаж, шинэ бүтээл бүтээгдэхүүн гаргаж байсан гэсэн. Ийм зохион бүтээгч, эрдэмтэн хүний хувьд Монголын боловсролын салбарын тухай санал бодлоо бидэнтэй хуваалцаач?

-Тиймээ, би Харвардын Их Сургуулийн Анагаахын Их Сургуульд анагаахын инженерчлэлийн чиглэлээр ажиллаж байсан. Өмнө нь Японы их сургуулиудад багшаар ажиллаж байхдаа шинэ бүтээлийн олон улсын 7 патент авсан. Монголын боловсролын салбарын тухайд гэвэл, өнөөдөр бид их юм мэддэг ярьдаг боловч мэдэж байгаа юмаа яаж бодит зүйл болгохоо мэддэггүй боловсон хүчинтэй болж хувирчээ.

Монголд боловсрол үнэгүйдэж, мэдлэг гэдэг ойлголт хийсвэр зүйл болсон мэт. Зах зээлийн эдийн засагт шилжснээр бидэнд цоо шинэ гадаад ертөнц нээгдсэн. Энэ хугацаанд өндөр хөгжил, өнгө мөнгөнд нь алмайрч, аль болох гаднаас суралцах гэж хөл алдсан. Монголыг өөрчилж чадах хүчтэй зэвсэг бол өндөр боловсролтой иргэн гэдгийг хэт хялбарчилж, хэт радикал хандсанаар бид өөрсдийн байсан уламжлалт системээ эвдсэн.

Зүй нь бид байсан систем дээрээ суурилан зах зээлийн чөлөөт эдийн засагтай нийгмийн шинэ арга барилыг нэвтрүүлж түүн дээрээ орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололтуудыг нэмээд явах ёстой байлаа. Гэтэл бид бүх юмыг шинээр барих гэж зүтгээд хуучин байсан үнэт зүйлсээ үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл өнөөгийн боловсролд хуучин системийн авууштай давуу талууд үгүйлэгдэж байна.

-Хөгжихийн тулд өндөр хөгжилтэй орноос суралцах ёстой биз дээ?

-Суралцах зүйл байлгүй яахав. Гэхдээ уламжлалгүй шинэчлэл байж болохгүй. Монголын боловсролын системд хэт их шинэчлэлийг ээлж дараалан бодлогогүй хэрэгжүүлж ирсэн. Жишээ нь ЕБС-ийн багш нар шинэ хөтөлбөртэйгээ танилцахад хамаг анхаарлаа хандуулж сурагчидтайгаа ажиллах цаггүй болсон. Ялангуяа монгол хэл, соёл, түүх гэх мэт суурь боловсролын чанартай хичээлүүдийн агуулгыг үндэстний хэмжээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрч байж бид цаашид хөгжих сууриа тавих ёстой юм.

Өнөөдөр суурь боловсролын хичээл, заах аргыг гадны мэргэжилтнүүдээр заалгах, гадаадын хөтөлбөр хэрэгжүүлэх нь илүүц ажил. Олон хэлээр сургалт явуулдаг ЕБС-иуд ба гадаадын төрөл бүрийн хөтөлбөрүүдээс авч хэрэглэсээр хүүхэд залуусын ерөнхий мэдлэг эрээвэр хураавар болж, хүүхдүүд туршлагын туулай болж гүйцлээ. Зөвхөн Монгол хэлнийхээ дүрэм дээр л гэхэд иргэд төөрөлдсөн байна. “Эх хэлэндээ сайн хүний бодол цэгц, бодол цэгц хүний үйлдэл цэгц” гэдэг үг бий. Үнэндээ бид өнгөрсөн хугацаанд хэлбэрийн шинэчлэл их хийж ирлээ. Уг нь “Боловсрол бол хэлбэртээ биш агуулгандаа” л баймаар байна.

-Манайд агуулгаас илүүтэй хэлбэрийг илүүд үзээд байгаа нь аль ч салбарт харагддаг. Ялангуяа боловсролд ингэж хандах нь ямар сөрөг үр дагаварт хүргэх вэ?

-Ер нь бол үндэсний түүх, хэл, соёлтой холбоотой асуудлаар олон ургалч үзэл байх шаардлагагүй, улс үндэстэн бүгдээрээ нэгдмэл нэг ойлголттой байж гэмээнэ үндэсний дархлаа бий болно. Миний мэдэхээр Японд эдгээр асуудал дээр маш хатуу нэгдсэн бодлого, ойлголцол байдаг. Хэдэн жилийн өмнө Японы ЕБС-ийн сурах бичигт орсон, Дэлхийн II дайнд яаж оролцсон тухай хагас хуудас өгүүллэгийн агуулгын талаар Япон даяар сар гаруй хэлэлцэж байж билээ. Япончууд буруу зөрүү агуулгыг түүхийн сурах бичигтээ оруулж, өмнөх үеэ хилсээр буруутган, хойч үе нь түүхээ жигших вий гэхээс эмээж тэр өгүүллэгтээ маш их ач холбогдол өгч анхаарал тавьсан. Яг түүнтэй адилхан бид боловсролын агуулгадаа ихээхэн ач холбогдол өгч, илүү их хэлэлцэх хэрэгтэй юм.

Сургуулийн өмнөх насныханд зориулсан болон бага ангийн сурагчдын сурах бичигт орсон зарим нэг агуулгыг эцэг эхчүүд шүүмжлээд байгаа нь манайх боловсрол агуулгадаа анхаарах цаг болсныг харуулж байна. Бид хүн төвтэй, хүнээ хөгжүүлэх төр засгийн бодлого явуулах цаг болсон. Тусгаар тогтнолын нэг үндэс суурь болсон эх оронч үзлийг хүүхэд залуустаа төлөвшүүлэх тал дээр анхаармаар байна. Сүүлийн үед Монголоо гэх сэтгэлгүй, монгол ёс заншлаа муучилдаг, гадны гэх бүх л зүйлийг сохроор тахин шүтдэг үзэл газар аваад байна. Маш өндөр чадвартай инженер монгол залуу, “Компанидаа ямар ч хамаагүй гадаад хүн оруулмаар байна, гадуур ажил хөөцөлдөхдөө дагуулж явна” гэж байна. Гадны хөрөнгө оруулалттай, гадны өндөр технологитой гэж компаниа хэлбэрдэн суртчилахгүй л бол тоож үздэггүй, монгол хүнд итгэдэггүй, итгэлцэлгүй ийм л нийгэмд бид амьдарч байна. Энэ бүхэн агууллаггүй, хэлбэрдсэн боловсролын үр дагавар юм.

-Тэгвэл манай дээд боловсролын тухай та юу гэж бодож байна вэ?

-Дээд боловсролын тухайд ч гэсэн бараг л гадны бодлого уу гэж хардмаар сөрөг ухуулга, үзэгдэл нийгэмд харагдах боллоо. Хөгжлийн бодлогоо эрдэмтэн судлаачдаар хийлгэхгүй, харин хүчтэй лидер байхад Монгол улс хөгжинө гэсэн үзэл, ойлголт нийгмийн элитүүдийн дунд байна. Гэтэл үнэндээ хөгжилтэй бүх орны хөгжлийн бодлого судалгаан дээр суурилсан, салбарын судлаач эрдэмтдийн үгийг сонссон байдаг.

Улс төрч хүн нийгмийн массын хүсэл сонирхолыг мэдэрч цаг үедээ таарсан шийдвэр гаргадаг бол эрдэмтэн судлаач хүн судалгаан дээр үндэслэж, илүү холыг тодорхойлдог гэж би боддог. Боловсрол, ШУ-ны бодлогоо ядахдаа улс төрөөс ангид залгамж халаатай институтээр хийлгэдэг баймаар байна. Тухайлбал, өнөөдөр Монгол улсын ДНБ-ийн 0.16 хувийг ШУ-д зарцуулж байна. Зүй нь энэ хувийг дэлхийн дундаж болох 2 хувьд хүргэхэд анхаарах шаардлагатай. Дээд боловсрол, ШУ-ны санхүүжилт товчдоо маш хангалтгүй байна. Тэгж байж бид чанартай оюутаныг багш нараас шаардах эрхтэй болно.

-Харин мэргэжлийн боловсролын тухайд ...?

-Мэргэжлийн боловсролын тухайд ч мөн адил. Мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулахад санхүүжилтийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, мөн түүнчлэн практик дээр суралцах нөхцөл бололцоог илүү сайжруулах шаардлагатай байна. Жишээлбэл, би ухаалаг-эко зуухаа хийх явцдаа олон авъяаслаг залуучууд байгааг мэдэрсэн.

Тэдгээр залуучууд сурч боловсрох асар их хүсэл мөрөөдөл байгааг ч анзаарсан. Харамсалтай нь тэдгээр залуучуудын сурч боловсрох орчин нөхцөл хангалтгүй, материаллаг бааз дутмаг байдаг нь амьдрал дээр ажил дээр гарч байж сурах шаардлагатай тулгардаг. Тэр нь эргээд ажил олгогчид тодорхой хэмжээнд цалинтай сургалт явуулж байж сайн ажилтантай болох, нэгэнт сургасан ажилтанаа илүү цалин хангамж амалсан хүнд алдах гэх мэт асуудлууд урган гарахад нөлөөлдөг юм байна гэдгийг ойлгосон. Энэ бүхэн мэргэжлийн боловсролын системийн доголдолтой байгааг л харуулж буй юм.

-Та ухаалаг-эко зуухаа хийхдээ олон залуу мэргэжилтэнтэй ажилласан гэж хэлсэн. Дахин лавлахад бусад бүрэн шаталттай гэх нам даралтын зуухнуудаас танай ухаалаг-эко зуух яг юугаараа давуу вэ гэдгийг тодруулж хэлэхгүй юу. Учир нь манайд олон уншигчид энэ талаар асууж тодруулахаар хандаж байна л даа.

-Манай Ухаалаг-эко зуухны онцлог нь гэр хорооллын болон амины орон сууцны хорооллын халаалтын шинэ загвар санал болгож байгаад юм. Дулааны асуудлыг цогцоор шийдэх нь хүндрэлтэй.

Тухайлбал, Амгаланд барьсан дулааны станцыг бид Баянхошуу, Чингэлтэй, Хайлаастын чиглэлд бий болгоё гэхэд их хүндрэлтэй, үүнд төмөр зам тавих асуудал гарч ирнэ. III, IV цахилгаан станцаас дулаанаар хангах боломж бас хүндрэлтэй. Тиймээс бидний санал болгож байгаа шийдэл нь тухайн газарт нь локал хэлбэрээр гудамж бүрт амины орон сууц бүрт нь халаалтыг шийдсэн, нүүрсээр галлагаа хийдэг, гэхдээ утаагүй, хаягдал багатайгаар шийддэгээрээ давуу талтай. Мөн бүх ажиллагааг нь автоматжуулж, нүүрс шахах болон гадны температураас хамааран халаалтыг тохируулах зэрэг үйл ажиллагааг “ухаалаг”-аар хийдэг. Маш найдвартай удирдлагын хяналтын системээр тоноглогдсон бүрэн шаталттай зуух юм. Ийм төрлийн импортын автомат галлагаатай зуухнуудаас харьцангуйгаар хямд үнээр зах зээлд гарч байгаа зэрэг давуу талуудтай.

Танд баярлалаа.

Б.БААТАР