С.Эрдэнэ гишүүн Баянгол дүүргийн 73-р сургуулийн үйл ажиллагаатай танилцав
2010.03.19

С.Эрдэнэ гишүүн Баянгол дүүргийн 73-р сургуулийн үйл ажиллагаатай танилцав

Нийгмийн байдал, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн С.Эрдэнэ, Байнгын хорооны Ажлын алба, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газартай хамтран БГД-ийн тэргүүний Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн, Чөлөөт бөхийн мэргэжлийн сургалттай 73 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуулийн барилга 1953 онд ашиглалтад орж нэг, гуравдугаар хорооны болон Төмөр замчдын замын ангийн ажилчдын хүүхдүүдийг сургадаг аж. 73-р сургуульд 1057 сурагч сурч байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дотуур байртай ганц сургууль юм.

Анги танхимын хүрэлцээгүйгээс гурван ч ээлжээр хичээллэж байна

Анги танхимын хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэдэг. Түүнчлэн нэг ээлжийг Төмөр замын дотуур байранд явуулж байна. Тус сургууль нь 2009-2010 онд Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх хосолсон сургалтын төлөвлөгөө,  хөтөлбөрөөр сургалт хүмүүжлийн ажлын агуулга арга зүйн уялдаа холбоог хангаж, суралцагсдын сурлагын чанарыг  ахиулж, эх оронч үзэлтэй иргэн болгон төлөвшүүлэх, Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний үндсэн чиглэл, Монгол бичгийн үндэсний  хөтөлбөр-2, Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хамран сургах тойргийн хүрээнд сурагч, эцэг эх, иргэд болон байгууллагуудад жигд хүртээмжтэй шуурхай үйлчилгээ үзүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилтууд тавин ажиллаж байна.

Амжилт арвин ч бэрхшээл их байна

Баянгол дүүргийн 73-р сургуулийн захирал Ч.Чанцал  Дүүргийн болон улсын чанартай тэмцээн уралдаанд удаа дараа эхний байруудыг эзэлж ялангуяа математик, англи хэл болон чөлөөт бөхөөр олон багш сурагчид медаль, тусгай шагналуудыг авч Нийслэлийн 370 жилийн ой угтаж хийсэн бүтээлч ажлаараа “Батламж”, Ажлын хариуцлага сахилга батыг сайжруулах ажлын хүрээнд хийсэн ажлаараа БГД-ээс “Хүндэт өргөмжлөл” авч олон багш дүүргийхээ ажил мэргэжлийн аваргаар шалгарсан зэрэг амжилтаасаа дурьдаж байлаа.

Тус сургуульд Соёлын заал, номын сан, цайны газар огт байхгүй, чөлөөт бөхийн мэргэжлийн сургалт явагдаад 21 жил болж байгаа ч сургалтын зориулалтын танхим байхгүй, сургалтын үйл ажиллагаа  гурван ээлжээр явагдаж байгаа тул хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажил явуулах  боломж муутай, дээврийн агааржуулалт дутуу хийгдсэнээс 00-ийн өрөө үнэр ихтэй, дээврээс дусаал гоождогоос барилгын хананд нуранг үүсч, суулт өгсөн, цахилгааны монтаж шаардлага хангахгүй болсон тул гэрэл байнга шатдаг, дулааны шугамын хоолой элэгдэлд орж ус байнга алддаг зэрэг хүндрэл бэрхшээлтэй байгаа тул анхаарч туслахыг хүслээ.

Улсын их хурлын гишүүн С.Эрдэнэ сургуулийн өргөтгөл хийх, шинээр барих асуудлаар зураг төсвөө мэргэжлийн түвшинд хийлгэх, асуудлуудаа бичгээр ирүүлэхийг зөвлөв. Түүнчлэн дээрх асуудлыг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулж Байнгын хороонд танилцуулахаар тогтсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.