Н.Амарзаяа 2018.11.22 | Vip76.mn

Үндсэн хуулийн цэцийн 14-р дүгнэлтийг хүлээж авлаа

Үндсэн хуулийн цэцийн 14-р дүгнэлтийг хүлээж авлаа

Өнөөдөр /2018.11.22/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 14-р дүгнэлтийг хэлэлцлээ. 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. ҮХЦ-ээс Сонгуулийн тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзээд үлдсэн заалтуудыг нь зөрчөөгүй гэж үзжээ. 

Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. 

Дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат нар үг хэллээ. 

Ийнхүү байнгын хороодоос гаргасан саналын дагуу ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллын дагуу снаал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.