Энхтүвшин.Ө Баттөмөр.Б 2019.01.18 | Vip76.mn

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хууль санаачлагчийн илтгэлтийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. 

Хуучин хуулиар хэжлийн нэгдмэл байдлыг хангах, түүнд хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоож байсан бол энэ хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангахын сацуу эдийн засаг, нийгмийн хөгжилд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулна. 

Хэмжил зүйн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчны хувьд дараах үр дүн гарна гэж үзэж байна. 

Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжил зүйн тогтолцоо олон улсын жишигтэй нийцнэ. 

Хоёрдугаарт, Хэмжил зүйн судалгаа, шинжилгээний ажил, олон улсын түвшинд хүрэх болно. 

Гуравдугаарт, олон улсын жишгийн дагуу худалдаа, үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын ажлыг итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. 

Дөрөвдүгээрт, салбаруудын болон үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба, лабороториуд бий болно. 

Тавдугаарт, алба лабороториуд бий болсноор төрийн ажил үйлчилгээг одоогийн төвлөрөл, ачаалал саарна. 

Зургаадугаарт, олон улсын гэрээ, хэлэлцээрт тусгасан импортын хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрдөг болно. 

Долдугаарт, ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид цаг хугацаа хэмнэж, нэгж хэмжүүрт ноогдох зардал буурч, эрх зүйн орчин бүрдэнэ. 

Наймдугаарт, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах, хэмжил зүйн ажил үйлчилгээг эрхлэх, тусгай зөвшөөрөл олгодог одоогийн үйл ажиллагаа халагдаж, хэмжил зүйн ажил үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгүүлэх тогтолцоо бий болно. Ингэснээр төрийн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжид шуурхай шууд хүргэх болно.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хууль санаачлагчийн илтгэлтэйл холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.