2019.01.18

С.Эрдэнэ: Монгол Улсын Ерөнхий сайд та ажлаа хийнэ үү?

УИХ-ын өнөөдрийн /2019.01.18/ үдээс хойшхи хуралдаанаар “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл танилцуулсаны дараа УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

“Засгийн газрын мэдээллийн цаг дээр Ерөнхий сайд нь өөрөө яагаад ирэхгүй, асуултанд хариулахгүй байгаа юм бэ? УИХ-ын дарга аа. Шатахуун, валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Засгийн газрын тэргүүн нь шударга үнэн яриад яваад байх юм. Одоо ажлаа хийнэ үү?

Махны үнэ өссөөр байна. Нэг талдаа жилийн 4 улирал дээлтэй хувцастайгаа унтаж, нойр хоолгүй зүтгэж байж малаа өсгөөд түүнийгээ зах зээлийн эргэлтэнд оруулж байгаа нь зөв. Тодорхой үнэ ханштай байх нь ч зөв. Харин үүний цаана малчдаас хямдхан мах аваад зориудаар үнэ өсгөж борлуулж иргэдэд ачаа үүрүүлж байгаа хэсэг бүлэг байгаа бол үүнийг зогсоох ёстой. Засгийн газар махны үнийг тогтоон барих ёстой.

Мөн мал амьтны халдварт өвчин сүүлийн үед ихээр нэмэгдэж байна. Монголчууд үүнийгээ дийлэхгүй байх юм. Засгийн газар юу хийгээд байгаа юм бэ? Вакцинжуулалт хийж чаддаг юм уу? Одоо гахайн мялзан өвчин гарчихлаа. Ерөнхий сайдыг ажлаа хийхийг шаардаж байна.”

Түүний асуултанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар хариуллаа.