Отрын бүсийн хил заагийг тодорхой болгох, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах шаардлага үүслээ
УИХ-ын БОХХААБХ-ны /2023,07,04/-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Дараа нь Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон.Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат танилцуулав.
Тэрбээр санал, дүгнэлтдээ, Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй ажилласныг дурдаад Ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 12, 19, 21, 28, 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд хуралдаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн удирдлагууд болон отрын бүс нутгийн холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж, аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж, тодорхой үүрэг, чиглэл өгч ажилласныг онцлон тэмдэглэв.
Одоогийн байдлаар мал сүргийг байгалийн давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 783.3 мянган га газрыг Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хэрэгцээний нутаг буюу аймаг дундын отрын есөн бүсийн 783.3 мянган га талбайд 294 өвөлжөө хаваржаа, өвс, тэжээлийн долоон агуулах, малын 29 хороо, 80 инженерийн хийцтэй худгийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна гэж байлаа.Ажлын хэсгээс аймаг, дундын отрын бүсүүдэд ажиллан дараах дүгнэлтийг гаргасан байна. Отрын есөн бүсийн бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнээс харахад Аргалант, Чилэн, Малах, Хөхдэл нутгууд цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй, Хэрлэнбаян-Улаан дунд, Чойбалсан, Багахайрхан, Баяннурууны отрын бүс цөлжилтийн сул зэрэглэлд байна. Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын захиргаа удирдлага, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин, санхүүжилт, ажлын нөхцөл, хангамж нь үйл ажиллагаагаа бүрэн хэмжээнд явуулах чадамжгүй болсон байна. Отроор ирэгсэд нь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдаагүй, эрүүл мэндийн гэрчилгээгүй, гарал үүслийн бичиггүй, тогтоосон маршрутаар нүүдэллэдэггүй, хугацаандаа гардаггүй, сэг зэмээ устгадаггүй зэргээс малын гоц халдварт өвчин дамжих, бусад малчдыг эдийн засгийн хохиролд оруулах явдал байсаар байна. Отрын бүс нутаг дахь түүхийн дурсгалт газар, соёлын өвийг сүйтгэх, нэн ховордсон ан амьтдыг устгах, зүй бусаар ашиглах явдал гарч байна. Отроор ирэх өрхийн нэрс ил тод бус, орон тооны бус зөвлөлийн шийдвэрээс илүү тоогоор ордог, хэн давуу эрх эдэлж байгаа нь тодорхой бус, хариуцлага хүлээдэггүй, татвар хураамж төлдөггүй зэрэг эмх замбараагүй байдлыг бий болгож байна. Орон нутаг отрын нүүдлийн талаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, холбогдох дүрэм журмаа батлах, отрын бүсийн хил заагийг тодорхой болгох, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудын талбайн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээлэл, танилцуулга болон тухайн отрын бүсийн аймаг, орон нутгийн иргэд, малчдын санал, хүсэлтийг сонсож нөхцөл байдалтай танилцаад дараах саналыг гаргасан гэв. Тухайлбал, аймаг, дундын отрын бүсийн захиргааг Улаанбаатарт байршуулах, бүсүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг автомашин, бензин шатахуунаар хангах, байцаагчийн эрх олгох, цалингийн нэмэгдэл олгох ажлыг зохион байгуулах, цаг хүндэрсэн үед ашиглах орон нутгийн тусгай хэрэгцээний газрын отрын бүс нутгийн бэлчээрийн хэмжээг нэмэгдүүлж, зүй зохистой ашиглах, тохижилт үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрийн босоо чиглэлд отор нүүдэл зохион байгуулах, мал эмнэлгийн хяналтын явуулын постыг отрын малын дамжин өнгөрөх бэлчээрт байгуулах, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтрүүлэх, цахимжуулах зэрэг олон ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байна гэж байлаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батжаргал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Байнгын хорооны тогтоолын төсөлд аймаг дундын отрын бүс нутгийн талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг гаргуулах асуудлыг тусгах шаардлагатай гэсэн санал хэлсэн.
Аймаг дундын отрын бүс нутаг, бэлчээр ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд отрын бүс нутгийн талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг гаргаж, холбогдох арга хэмжээ авах, аймаг, дундын отрын бүс нутагт хамаарах соёлын өв, түүх дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах, аймаг, дундын отрын бүсийн ажиллах дүрэм, журмыг шинэчлэх, бүс дамнахгүй, босоо чиглэлд отор нүүдэл хийх, татвар, хураамж бий болгох, хугацаандаа гараагүй малчдад хариуцлага тооцох, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.
Хуралдааны төгсгөлд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн удирдамжийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.