
2025.06.23
“Алтан хайч-2025” тэмцээний үеэр ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2025.06.20-21-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотын “Өв соёлын төв” цогцолборт боллоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шагнал гардуулангаа тус тэмцээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийг үзэж сонирхлоо.
Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээн хонины ноосны үнэ цэнийг өсгөх, хаягдалгүй ашиглах, ноосон бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг дэмжих зорилго агуулж байгаа юм.
“Алтан хайч-2025” тэмцээнийг уламжлалт гар хайч, цахилгаан хайчаар ахлан суралцагч болон мэргэжлийн ноослогч гэсэн 3 төрлөөр зохион байгуулж байгаа. Тэмцээнд нийт 21 аймгийн 100 гаруй малчин тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тэмцээний үеэр ноосны бүтээгдэхүүний загварын шоу, шагайн харваа, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болж байна.