Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.19) хуралдаанаар үргэлжүүлэн Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсов.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахаар 7 чиглэлийн 146 арга хэмжээ, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэл хангахаар 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байна.
Хуулийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор Мал эмнэлгийн үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар гэж өөрчлөхөөр, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх, батлах тухай” УИХ-ын 2016 оны 12 дугаарын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын үзэл баримтлал, төслийг боловсруулж, холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгээд байгаа талаараа Б.Батзориг сайд танилцууллаа.
Мөн бүтэц, зохион байгуулалттай холбоотой Засгийн газрын тогтоолын 9 төслийг боловсруулаад байгаагаа дуулгав.
Дээрх хуулиудын хэрэгжилтийн хүрээнд зарим хуулийн давхардал, зөрчил гарч байгааг өөрчлөх, эрх зүйн орчны холбогдох өөрчлөлтийг хийхээр төслүүдийг боловсруулж байгаа гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Г.Мөнхцэцэг нар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн бодлого, арга хэмжээ, Мал эмнэлгийн хүрээлэн, энэ төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтцийн байгууллагууд малын өвчинтэй тэмцэх шинэ төрлийн био бэлдмэл, сорьцыг бэлтгэж буй эсэх, импортын вакцин, био бэлдмэлийг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаар тодрууллаа.
Засгийн газраас тариалангийн бүс нутгаа зарласан нь олон талын ач холбогдолтой. Ингэснээр нэн тэргүүнд газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх, үүнийг түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, малын тэжээлийн үйлдвэрлэл, нөөцтэй холбоотой арга хэмжээнүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх боломж бүрдээд байгааг салбарын сайд хэлсэн.
Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэхэд “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газраас 60 гаруй нэр төрлийн оношлуур, вакцин үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээний 90 хувийг хангаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Алтангэрэл хариуллаа. Импортоор хоёр нэр төрлийн вакцин авч байгаа юм байна.
Мал эмнэлгийн хүрээлэн сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд 6 нэрийн вакцины технологи бий болгосон ч үйл ажиллагааны байгууллагуудын харъяалал өөр байдгаас үүдэн үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй гэдгийг хэллээ. Дээрх хуулиудын хэрэгжүүлэх бэлтгэл хангах хүрээнд салбарын байгууллагуудыг нэгтгэх ажлуудыг гүйцэтгэж байгааг хэлж байсан.
Мал эмнэлгийн үйлчилгээ тогтсон хэлбэрээрээ үргэлжилж байгаа бөгөөд 2018 оны байдлаар мал эмнэлгийн арга хэмжээ нийтдээ 21 тэрбум төгрөгийн вакцин, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, лабораторийн тандалт үйлчилгээний ажлууд төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэгдэж байгааг дуулгав.
Мэдээлэлтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн үг хэллээ.
Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа улс орны хувьд уламжлалт мал аж ахуйгаа хэрхэн зохицуулах, нөхцөл байдалд тохируулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар гарц, шийдлийг олох шаардлага бий. Иймд эрдэмтэн, судлаачид, бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргачид хамтран цаг уур, орчны өөрчлөлтийн нөлөө, нийгэм, эдийн засаг, аж ахуй, хөдөлмөр эрхлэлт, хүнсний хангамжид нь үзүүлэх нөлөөллөөс энэ улс орон, хүн амыг хэрхэн хамгаалах, сэргийлэх, урьдчилж авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар бодлогын түвшинд зөвшилцөх шаардлага бий гэдгийг хэлж байв.
Дэлхийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжил нэн хурдацтайгаар хөгжиж байхад Монгол Улсын хувьд хоцрогдсон байгаадаа дүн шинжилгээ хийх шаардлага тулгараад байгааг анхааруулсан. Мөн тэрбээр газар нутгийн хэмжээгээр Дархан, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутагтай дүйцэх Бүгд Найрамдах Беларус Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, экспортын дүн мэдээтэй харьцуулан тайлбарлалаа.
Сэлэнгэ аймаг бол хүнсний стратегийн онцгой ач холбогдол бүхий бүс нутаг учир бодлогын түвшинд уг асуудлыг хэлэлцэн, хөрөнгө оруулалтыг татахуйц бодлого, шийдвэрийг салбарын яам болон Засгийн газар авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Д.Эрдэнэбат гишүүн хэлээд
“2019 оны Монголын хүнсний бодлоготой холбоотой стратегийн гол бодлогыг тодорхойлох хөрөнгө оруулалтын асуудлаар чуулганыг энэ наймдугаар сард Сэлэнгэ аймагт зохион байгуулахад салбарын яам санаачилж, зохион байгуулах талаар судалж үзнэ үү” гэдэг хүсэлтийг хэллээ.
Салбарын яам уг санал, санаачилгыг дэмжих боломжтой гэдэг дээр Б.Батзориг сайд илэрхийллээ.