С.Мөнхчулуун: Бид утаа, түгжрэлийг бууруулж, ажлын байрыг бий болгох асуудлуудад түлхүү анхаарах ёстой
2019.01.22

С.Мөнхчулуун: Бид утаа, түгжрэлийг бууруулж, ажлын байрыг бий болгох асуудлуудад түлхүү анхаарах ёстой

НИТХ-ын хуралдаанаар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр С.Мөнхчулуун өөрийн нэрийг Хотын захирагчид дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналыг авсан. Түүнийг Ерөнхий сайд батламжилсан тохиолдолд нийслэлийн Засаг даргаар томилогдох хуультай. Өчигдөр түүнийг Засаг даргаар томилох тогтоолыг Ерөнхий сайдад өргөн барьсан. Одоогоор түүнийг албан ёсоор батламжлаагүй байна. Түүнтэй Хотын захирагчаар томилогдсон тохиолдолд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар нь ярилцлаа.


-Та нийслэлийн Засаг даргыг сонгох хуралдааны үеэр заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Энэ бол төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал. Урд өдөр нь хүртэл би бүрэн шийдээгүй байсан. Нэр дэвшиж байгаа байдал, орж ирж байгаа бодлого, шийдвэрүүдийг харъя гэж бодож байсан. Мөн төлөөлөгчидтэйгөө ярилцаж байсан юм.

Би нийслэлийн төр захиргааны байгууллагад олон жил ажилласны хувьд дүүрэг, анхан шатанд ажиллаж байсны хувьд нийслэлийн ажил, амьдралыг мэднэ. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд гар бие оролцох ёстой гэдэг үүднээс нэр дэвшсэн.

Мөн сонгогдсон тойргийн иргэдээс их санал хүсэлт ирсэн. Би өөрөө иргэдийн төлөөлөгч учраас иргэдийнхээ хүсэлт, саналыг бодож үзсэн.

-Ерөнхий сайд таныг батламжлахгүй байж мэднэ гэсэн яриа гарч байна. Таны хувьд юу гэж харж байна?

-Иргэдийн хурал гэдэг бол нийслэлийн нийт иргэдийн төлөөлөл юм. Энэ төлөөллийн 55 хувь нь намайг дэмжиж, хотын удирдлагаар сонгосон. Тийм учраас Ерөнхий сайд баталгаажуулах байх аа.

-Гэнэт нэрээ дэвшүүлсэн нь АН-ын бүлгийнхэнтэй хамтарч С.Амарсайханг унагаах, санал хуваах бодлоготой байсан гэж яригдаж байна. Мөн танд санал өгвөл АН-ын төлөөлөгчдөд таван тэрбумын тендер өгнө гэж амласан гэх юм.Энэ үнэн үү?

-Ямар хүмүүс тэгж ярьж байгааг мэдэхгүй. Хэн нэгний хэлсэн үгийг би баталж хэлэх боломжгүй. Санал хураалт болохын өмнө манай намын удирдлагууд "Нэрээ татаж болохгүй юм уу" гэж хэлж байсан. Хариуд нь “Би нийслэлийн хөгжлийн төлөө гар бие оролцох ёстой” гэж хэлсэн юм. Нууц санал хураалт явсан учраас хэн нь хэнийг дэмжсэнийг би мэдэхгүй. Янз бүрийн л асуудлууд яригдаж байна. Энэ бол улс төр бохирдсоны нэг илрэл. Би Улаанбаатар хотын иргэн. Улаанбаатар хотын иргэдээс сонгогдсоны хувьд нийслэлийн хөгжлийн төлөө, тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллая гэж гарч ирсэн. Тэгэхээр уг нь цаашаа юу хийх вэ, хэрхэн ажиллах вэ, өмнө нь хэрхэн ажиллаж байсан юм бэ гэдгийг яримаар байна, уг нь. Тэгэхэд ямар нэгэн байдлаар өрсөлдөгчөө харлуулах, олон нийтийн сүлжээгээр дайрах тохиолдол их гарлаа. Миний хувьд хүмүүсийн яриад байгаа шиг 60 тэрбум, ЖДҮ аль нь ч хамаагүй. Би мэргэжилтнээс эхлээд өнөөдрийг хүртэл шударгаар явж байгаа хүн. Ер нь тийм асуудал огт байхгүй.

-Үлдсэн хугацааг та МАН-ын зүгээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах хугацаа гэж бодож байна уу?

-Миний хамгийн эхэнд бодож байгаа зүйл бол нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүчээрээ зүтгэнэ. Одоо 1.5 жилийн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд үлдсэн ажлуудыг хийж гүйцэтгэхийн тулд хурдтай ажиллах ёстой. Үүний тулд олуулаа ажиллана. НИТХ-ын 45 төлөөлөгчийг татаж оролцуулж, есөн дүүрэг, дэргэдэх харьяа газар, агентлагуудад эрх мэдлийг нь өгч хамтран ажиллана. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа маш олон асуудал бий. Утаа, түгжрэл хамгийн эхэнд зайлшгүй шийдэх асуудал юм. Мөн хүүхдэд ээлтэй хот байх ёстой. Хамгийн гол ярьдаг зүйл болох "Аз жаргалтай хот" гэдэг нь иргэд маань ажилтай, орлоготой, авсан цалин нь амьдралдаа хүрдэг байхыг хэлнэ. Тийм учраас ажилтай орлоготой болгохын тулд л ажиллана.

-Та төлөөлөгчидтэйгөө хамтран ажиллана гэж байна. Гэтэл танай нам дотоод хагаралаас төрийн ажил гацаад байна. Энэ байдал нийслэлд нөлөөлж байгаа юу?

-Би хамтарсан Засгийн газрын үед ажиллаж байсан. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурал МАН-аас, Засаг дарга нь АН-аас, би Тамгын газрын даргаар ажилласан. Тэгэхээр ажлыг явуулах гэж байгаа болохоос биш иргэдийн хурал, Засаг дарга дээр намын үйл ажиллагаа явуулах гээгүй ээ. Тийм учраас ИТХ-ын МАН-ын 34 төлөөлөгчидтэй ажил хэргийн шугамаар хамтран ажиллана. Бидний дунд үл ойлголцох асуудал гарахгүй гэдээгт итгэлтэй байна.

-"Аз жаргалтай Улаанбаатар хот" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж байна. Үүний тулд ямар ажил хийх вэ гэдгээ ярихгүй юу?

-Энэ ганц хүний ажил биш. Тийм учраас би түрүүн хэлсэн хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллана. Агаарын бохирдлыг нүүрс тараагаад, сайжруулсан түлш, утгаагүй зуухаар шийдэх боломжгүй. Үүнийг дэд бүтцээр шийдэх ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогссон. 17 байршил дээр явж байсан дахин төлөвлөлт гацчихсан. Төрөөс дэд бүтцийг тавихад анхаарах ёстой. Үүн дээр гол хөрөнгө, төсөвөө зарцуулж, дэд бүтцээ тавиад өгвөл зогсчихсон байсан барилгын ажлууд үргэлжилнэ. Тэгэхээр бид юуны өмнө дахин төлөвлөлтөд анхаарах ёстой.

-Түгжрэлийн асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удлаа. Үүн дээр танд шийдэл байна уу?

-Мэдээж зам төлөвлөлтөө анхаарна. Дээрээс нь нийтийн тээврийг эрс шинэчлэх ёстой. Хүн зөөдөг хөлдүү автобус байж болохгүй. Харин ч тохь тухтай унаа байх ёстой шүү дээ. Тийм учраас нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ.

-Түгжрэл, утаанаас гадна автомашины зогсоолын хүрэлцээ муу байна. Сүүлийн үед баригдаж буй орон сууцнууд автомашины зогсоолгүй байх нь элбэг болжээ. Үүнийг журамлаж, зогсоолгүй бол метр.кв үнээ бууруулна гэдэг ч юмуу, зохицуулалт хийж болохгүй юу?

-Ер нь хотод баригдчихсан байгаа төвлөрсөн орон сууцнууд дунд шинээр төлөвлөлт хийж, газар доорх зогсоол хийгээд явах боломжтой. Шинээр баригдаж байгаа барилгуудын хувьд зай талбай, зогсоолтой байх ёстой гэсэн стандарт шаардлагаа мөрдөх хэрэгтэй. Хэрвээ орон сууцны хороолол барьж байгаа юм бол хажууд нь нийгмийн дэд бүтэц нь зайлшгүй байх ёстой. Сургууль, цэцэрлэг, амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбай, ногоон байгууламж, зогсоол граж зэрэгт стандарт шаардлагууд бий. Түүнийгээ мөрдөж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй юм. Цаасан дээр байгаа стандарт, гаргасан зураг төслөөсөө өөрөөр яваад байдаг. Түүнийг нь төрийн байгууллага хүлээж аваад байдаг нь буруу. Үүнийг таслан зогсоож байж цаашаа явна. Манайд хууль, стандарт нь муу гэсэн юм байхгүй. Харин үүнийг хэрэгжүүлж л чадахгүй байгаа юм.

-Аз жаргалтай Улаанбаатар байхын тулд иргэд нь ажил орлоготой байх хэрэгтэй. Ажлын байрыг нэмэгдүүлж байж МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжинэ шүү дээ. Энэ тал дээр яаж анхаарах вэ?

-Төр ажлын байрыг нэмэгдүүлдэг байгууллага биш. Төр хувийн хэвшил, иргэдээсээ авсан татвараараа менежмэнт хийдэг байгууллага. Тийм учраас төрийн зүгээс ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд жинхэнэ үйлдэрлэгчидээ дэмжиж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх ёстой. Ингэснээр иргэд бизнес хийх, өөрсдөө амьжиргаагаа залгуулах энэ асуудлууд шийдэгдэнэ. Өнөөдөр Монгол Улсын 1.6 сая иргэн нь хөдөлмөр эрхлэх насных. Түүнээс төрийн албанд 200 мянга нь ажиллаж байна. Үлдсэн хэсэг нь хувийн хэвшилээр өөрсдийгөө авч явж байгаа. Тэгэхээр хувийн хэвшилээ дэмжиж байж улс орон хөгжинө. Хэрэв иргэд өөрсдөө ажилтай, цалин нь амьдралдаа хүрдэг байх юм бол өөрсдийнхөө асуудлыг шийдээд явна шүү дээ. Тэр хүмүүс заавал гэр хороололд амьдрахгүй. Гэр хорооллын зарим иргэд дугуй түлдэг. Тэр хүмүүс өөрсдийгөө хохироохыг бодохгүй шүү дээ. Тэр хүмүүсийн цалин амьдралд нь хүрдэг, хуримтлал үүсгэдэг байх юм бол өөрсдөө ямар нэгэн байдлаар орон сууцанд ороод л явчихна. Тийм учраас бид ийм утаа, түгжрэл, ажлын байрыг бий болгох асуудлуудад түлхүү анхаарах ёстой. Бусад төрийн үйлчилгээ, нийгмийн салбарын юмнууд явдагаараа явна.

-ЖДҮ-ийг дэмжинэ гэж байна. Төрийн эрх мэдэлтнүүд ЖДҮХС-гаас зээл авснаас болж энэ оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжихэд мөнгө тавигдаагүй. Нийслэлийн хувьд энэ оны төсөвтөө ЖДҮ-ийг дэмжихэд хөрөнгө тавьсан уу?

-УИХ-ын хурал дээр тавигддаг ЖДҮ-ийн мөнгө манай нийслэлээр дамждаггүй. Энэ бол ХХААХҮЯ-аар дамждаг. Манай нийслэл дээр ЖДҮ-ийг дэмжих төв (ЖДҮДТ) гэж бий. Жилд 2-3 тэрбум төгрөг тавьдаг. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд ЖДҮДТ нэг ч төгрөгний зээл олгоогүй.

-Яагаад тэр вэ?

-Дүрэм журам нь болохгүй байсан учраас тэр. Одоогийн ЖДҮХС дээр үүсээд байгаа асуудал гарч болзошгүй байсан учраас дүрмийг нь өөрчилье гэсэн. Одоо харин бид нэгэнт том алдаа гарсныг харж байгаа учраас энэ төв шилэн байх ёстой, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байлгах ёстой гэж үзсэн. Ийм тохиолдолд цаашаа явна.

-Халаа сэлгээ хийх үү?

-Халгаа сэлгээ хийхээр төлөвлөсөн юм байхгүй. Мэдээж ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй, гадуур дотуур яригддаг шиг хээл хахууль, албан тушаалын янз бүрийн юм гарвал үүн дээр би хатуу хариуцлага тооцно. Бусдаар бол ажлаа хийгээд явж байгаа хүнийг илүү сайжруулж, чадавхжуулаад ажиллана.

-Та ашиг сонирхлын зөрчилтэй юу?

-Ашиг сонирхлын зөрчил гэдэг чинь тухайн гаргаж байгаа шийдвэр дээр сонирхлын зөрчилтэй байна уу гэсэн үг. Надад тийм зүйл байхгүй. Миний хувьд ирээдүйдээ, үр хүүхдүүддээ сайхан нийгэм үлдээх юмсан. Өнөөдрийн болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдэх юмсан гэдэг л ашиг сонирхол бий. Надад байгаа ашиг сонирхол гэдэг бол өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх юмсан, намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх юм.

Э.ЯНЖМАА