Б.Баттөмөр 2019.01.25 | Vip76.mn

Б.Баттөмөр: Бид буруу шийдвэр гаргаад, улс төржөөд яваад байвал төгрөгийн ханш унасаар л байна

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“7,2 их наяд төгрөгийг хэвлээд зах зээлд нийлүүлчихдэг. Тэр мөнгөний ихэнх нь ам.доллар болдог. Ингээд долларын эрэлт нэмэгддэг. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үүссэн өр өнөөдөр бидэнд өвлөгдөөд явж байгаа. ОУВС-ийн аргачлал, Монголбанкны аргачлал зөрдөг. ОУВС-ийн аргачлалаар бодвол валютын нөөц сөрөг дүнтэй гарна. Своп хэлцлээс Монголбанк их алдагдал хүлээж байгаа. Үүнийгээ яаж нөхөж байгаа вэ?

Валютын ханшийг Монголбанк хариуцдаг л гээд ойлгоод явдаг. Яг үнэндээ Засгийн газар төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ёстой. Бид буруу шийдвэр гаргаад, улс төржөөд яваад байвал төгрөгийн ханш унасаар л байна. Тиймээс зөв бодлогоор удирдах шаардлага байна.

Арилжааны банкууд хадгаламжаа валютынх болгож байгаа тухай мэдээлэл байна. Үүнийг яаж тэнцвэржүүлэх вэ?”

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариуллаа.