М.Билэгт 2019.04.11 | Vip76.mn

М.Билэгт: Эх оронч худалдан авалтыг Үдийн хоол хөтөлбөрт бүрэн хэрэгжүүлэх боломжтой

УИХ-ын өнөөдрийн /2019.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Төрийн байгууллагууд төрийн үйлчилгээгээ явуулах ёстой. Гэтэл хөдөө орон нутагт амжиргаагаа залгуулж төмс ногоогоо зарж, махаа нийлүүлж байгаа иргэд байна. Гэтэл орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар хариуцна гэж хуулийн төсөлд байна. Үүнийгээ ажлын хэсэг хасна биз дээ. Энэ нь хувийн хэвшлийг дэмжих зорилтыг үгүй хийгээд байна. 

Хамгийн ашиггүй, хариуцлагагүй үйлдвэрүүд бол Төрийн өмчит үйлдвэрүүд байдаг гэдэг нь 20 гаруй жилийн хугацаанд батлагдсан. Харин хувийн хэвшил харилцагчаа алдахгүйн тулд хариуцлагатай ажилладаг юм. 

Дэд бүтцийн байдлаас, төвсөө алслагдсан байдлаас хамаарч сумаас нь биш аймаг төвөөс нь худалдан авалт хийнэ гэсэн байна. Энэ арын хаалгаар шийдэгдэх нөхцөл бүрдүүлж байна. Үүнийг бид засахгэж олон жил ярьж байна. Алс орон нутгаас суралцаж байгаа хүүхдүүд ихэнх хугацааг дотуур байрандаа өнгөрүүлж байна. Тиймээс орон нутгийн сургуулийн хүнсний хангамжийг ойроос буюу хамгийн ойр сумаас хангах хэрэгтэй байх. 

Гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн бол хамгийн аюултай. Бид хяналт тавьж чадахгүй байна. Монголчуудын олон жил уламжлан хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол хүнсэндээ оруулах ёстой. Гаднаас авч байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлээрэй."