УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Енхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлүүлгийг хийлээ. Энэхүү төслийг “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэд хэдэн асуудлыг ажлын хэсгээс асууж, тодрууллаа. 2020 оны 9 сарын 1 -ээс энэ хуулийн төсөл үйлчлэж эхэлнэ, 2021 оноос халуун хоолоор үйлчилж эхэлнэ. Сургуулийн цайны газар үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахгүй юм байна. Тэгэхээр хичнээн аж ахуй нэгж, байгууллага ажилгүй болох юм бэ? гэдгийг асуумаар байна. 2021.09.1-ээс энэ үйл ажиллагаа явуулахад улсын төсөвт хичнээн төгрөгийг төсөв ирэх вэ? энэ талаар Сангийн яамнаас санал авсан уу?
УИХ-ын өнөөдрийн /2019.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат: "Сум болгонд лабораторитай байна. Өдөр тутам шинжилгээ хийнэ гэсэн байна. Эцэг эхийн зөвлөл гэж байна. Хэрвээ шинжилгээнд хамруулаагүй хүнс авчирээд өгчихвөл яах вэ? Цаашлаад сургууль аж ахуй 2-ыг хослуулж авч явах юм уу? Үүнд ялгамж зааг оруулна уу? Хүүхэд сургах гээд банйа уу? Аж ахуйгаа хөгжүүлэх гээд байна уу? Хүүхэд юу ч өгсөн идэх л юм бол идчихнэ. Тиймээс эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдал дээр нь л анхаараарай." "Сургуулийн хоол зүйч сурагчдын үдийн хоолны цэсийг сургуулийн захиралаар батлуулна гэж байна. Хүн мэддэг л юмаа батлах ёстой. Сургуулийн захирал хоол зүйч биш учраас энэ заалтыг анхаарч үзэх хэрэгтэй байна."
УИХ-ын өнөөдрийн /2019.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: "Төрийн байгууллагууд төрийн үйлчилгээгээ явуулах ёстой. Гэтэл хөдөө орон нутагт амжиргаагаа залгуулж төмс ногоогоо зарж, махаа нийлүүлж байгаа иргэд байна. Гэтэл орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар хариуцна гэж хуулийн төсөлд байна. Үүнийгээ ажлын хэсэг хасна биз дээ. Энэ нь хувийн хэвшлийг дэмжих зорилтыг үгүй хийгээд байна. Хамгийн ашиггүй, хариуцлагагүй үйлдвэрүүд бол Төрийн өмчит үйлдвэрүүд байдаг гэдэг нь 20 гаруй жилийн хугацаанд батлагдсан. Харин хувийн хэвшил харилцагчаа алдахгүйн тулд хариуцлагатай ажилладаг юм. Дэд бүтцийн байдлаас, төвсөө алслагдсан байдлаас хамаарч сумаас нь биш аймаг төвөөс нь худалдан авалт хийнэ гэсэн байна. Энэ арын хаалгаар шийдэгдэх нөхцөл бүрдүүлж байна. Үүнийг бид засахгэж олон жил ярьж байна. Алс орон нутгаас суралцаж байгаа хүүхдүүд ихэнх хугацааг дотуур байрандаа өнгөрүүлж байна. Тиймээс орон нутгийн сургуулийн хүнсний хангамжийг ойроос буюу хамгийн ойр сумаас хангах хэрэгтэй байх. Гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн бол хамгийн аюултай. Бид хяналт тавьж чадахгүй байна. Монголчуудын олон жил уламжлан хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол хүнсэндээ оруулах ёстой. Гаднаас авч байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлээрэй."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.30 цагт эхэлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: "Хөрс, Агаар, Хүнс бол хүний амьдралын хүрээлэн буй орчны гол үндэс. Бид эрүүл хүнсний тухай ярьж байна. Баялаг хүнс, шим тэжээл нэмэх гэсэн нэрийн дор витаминжуулах гэж янз бүрийн юм хүүхдүүдийн хоолонд хийх вий гэдгийг анхаараарай. Витаминлаг гээд гадны химийн аргаар бордсон янз бүрийн жимс, жимсгэнэ өгөх вий дээ гэсэн болгоомжлол байгаа юм. 600 төгрөг гэдэг бол хүүхдийн нас, биений онцлогт тохирсон хоол тэжээлээр хангах боломжгүй гэж үзэж байна. Тиймээс үүнийг өсөн нэмэгдүүлэх зарчмаар цаашид явуулаарай."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ нэгдсэн хуралдаан 10 цагт 58.7 хувийн ирцтэйгээр эхэлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн" анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санаачлагчид болон ажлын хэсгээс асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: “Гол нь үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй байлгахын тулд мөнгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр нэг хүүхдийн үдийн цайнд зориулж өдөрт 600 төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөөр та нар яг юу авах вэ? Өнгөрсөн удаад Замын-Үүдэд ажиллаж, иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг хөндөж хүүхдүүдийн жин бага байна, бие нь давжаарсан гэх мэт асуудал байгааг эцэг эхчүүд хэлж, бухимдалтай байсан. Тэнд Ууганбаяр гэх залуу надад нэг судалгаа өгсөн. БСШУСЯ-д судалгаа байна уу? Гол нь мөнгө, санхүүгийн асуудал нь чухал байна. Мөн сургууль өөрөө туслах аж ахуйтай байж байж чанартай хангалттай юмаар хангана. Тиймээс энэ заалтыг хасахгүй харин ч оруулах хэрэгтэй. Өмнө нь биднийг бага байхад сургуулийн туслах аж ахуйтай байгаад түүнд нь сурагчид очоод гар бие оролцоод төмс хүнсний ногоогоо нөөцөлчихдөг л байсан. Өнөөдөр багш нар ч хүнд байна. Цалин багатай өдөр бүр гараад хоол аваад идэх боломж байна уу? Хүүхдүүдтэйгээ зэрэгцээд хоолоо идчихдэг байх ёстой. Үүнийг нь хуулиараа оруулаад зохицуулчихмаар байна. Ингэвэл цаг хугацаа хэмнэнэ, багш нарын цалинд ч хэмнэлттэй болно. Хуулийн 9.1.2-т хандив авч болохгүй гэсэн байна. Яагаад болохгүй гэж үзсэн бэ? Хөдөө орон нутагт хүүхдүүддээ туслах, дэмжих, хөрөнгө оруулах хүсэлтэй иргэн байгууллага байгаа. Тиймээс үүнийг анхаарч үзээрэй.”