Ё.Баатарбилэг 2019.04.22 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганд БСШУС-ын сайд илтгэл тавилаа

“Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганд БСШУС-ын сайд илтгэл тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг Байгаль орчин, аялал жуулчлын яамнаас  2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен чуулганд оролцогчдод зориулж мэндчилгээ дэвшүүллээ.

“Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” чуулганаар “Түүхэн өв соёл ба төрийн бодлого”, “Аялал жуулчлал 20:1”, “Аялал жуулчлалын бүсчилсэн хөгжил”, “Аялал жуулчлалын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.л

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг “Түүхэн өв соёл ба төрийн бодлого” сэдвээр тавьсан илтгэлдээ:

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Эзэн богд Чингис хааны өв, соёлыг судлах, түгээн дэлгэрүүлэх ажил сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Дэлхийн улс орнууд улс үндэстнийхээ гарамгай хүмүүсийг алдаршуулан сурталчлах, алдар нэр, мөн чанарыг нь нийгмийн олон салбарт үр дүнтэй, зүй зохистой хэрэглэх, ашиглах талаар нэгдсэн бодлого зохицуулалттай байдаг ба тухайлбал, БНХАУ-ын Күнзийн институт нь дэлхий даяар үр дүнтэй өргөн цараатай үйл ажиллагаа явуулдаг. Мөн Франц улсад Напеолон код буюу үндэстний ёс зүйн код бүтээх зэрэг нийгэмд чухал нөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг Наполеоны хүрээлэн идэвхтэй ажиллаж байна.

Гэтэл бид Чингис хааныгаа алдаршуулан сурталчлах талаар ямар бодлого гаргаж, юу хийж байгаа билээ гэж эргэцүүлэн бодох цаг нэгэнт болсон байна. БНХАУ-ын ӨМӨЗО-д Чингис хаан судлалд ихээхэн хэмжээний хөрөнгө, санхүү гарган олон тооны судалгаа хийгдэж байгаа нь цаашид Чингис хааны бүтээсэн үйл хэрэг, өв соёлыг судлах бүхий л ажил БНХАУ-ын ӨМӨЗО-д төвлөрөх магадлалыг бий болгож байна. Мөн БНХАУ-д Чингис хаан, бусад түүхэн их хүмүүс, Монголын эзэнт гүрний үе, нүүдэлчдийн өв соёлтой холбоотой олон тооны хөшөө дурсгал, үзмэр, музей шинээр байгуулагдаж дотоодын болон олон улсын аялал жуулчлалын нэгэн чухал шугам болгож, олон ангит кино, тайз дэлгэцийн бүтээлүүд, ном товхимолууд олноор хэвлэгдэн гарч буй зэрэг нь энэ чиглэлээр биднийг илүү идэвхтэй, санаачилгатай ажиллахыг сануулж буй хэрэг юм.

Чингис хаан бол Монгол үндэстний эцэг болсон, дэлхий даяар мэдэх их хүмүүн билээ. Эзэн богд Чингис хааны бүтээсэн түүх, үлдээсэн өвийг арчилж тордох, шинжлэх ухаанчаар судлах, олон улсад сурталчлан таниулах шаардлага байсаар байна. Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн өв соёлыг өргөн хүрээнд судлах, Чингис хаан түүний байгуулсан эзэнт гүрний түүхтэй холбоотой аливаа нэр нэршил, харилцаа, үйл ажиллагаа, сурталчилгааг нэгдсэн бодлогоор зохион байгуулах зорилгоор Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-г БСШУСЯ-ны харьяанд байгуулсан.

Чингис хааны өв соёлын хүрээлэн нь дотоод гадаадын эрдэмтэн судлаачдыг Чингис хаан судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа төвлөрүүлэн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, үр дүнг аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүн, сурталчилгаа, урлаг соёлын салбарт үр бүтээлтэй ашиглах, түгээн сурталчлах, Чингис хаан судлалыг зөвхөн түүхийн шинжлэх ухааны хүрээгээр хязгаарлахгүйгээр орчин цагийн олон улсын харилцаа, хууль эрх зүй, улс төр, цэргийн урлаг, ёс суртахуун, худалдаа эдийн засаг, аяллал жуулчлал, соёл урлаг, брэндинг буюу сонгомол бараа бүтээгдэхүүний салбарт тэлэх, тэдгээрийг нэгтгэн зохион байгуулах, бодлого төлөвлөлтөөр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэлээ.