Х.Амгаланбаатар 2019.06.11 | Vip76.mn

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 108 дахь Бага хурал Женев хотноо эхэллээ

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 108 дахь Бага хурал 2019.06.10-21-ний өдрүүдэд Швейцарь Улсын Женев хотод болж байна. Энэхүү бага хуралд МҮЭ-ийн холбоо болон Засгийн газар, Ажил олгогчдын төлөөллүүд оролцож байна.

Тодруулбал ажилтныг төлөөлж МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон холбогдох хэлтсийн дарга нар, Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Ажил олгогч эздийн академийн захирал Х.Эрдэнэчимэг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн удирдагч Т.Энхтуяа зэрэг албаны хүмүүс оролцож байгаа юм.

Энэ удаагийн Бага хурал нь ОУХБ үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйгаараа ач онцлогтой юм. ОУХБ-ын Бага хурал нь Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын хамгийн дээд шатны шийдвэр гаргах бүтэц бөгөөд ОУХБ-ын гишүүн улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гурван талт төлөөлөгчдийг оролцуулан жил бүр хуралддаг уламжлалтай билээ.

Тус хурлаар Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын удирдах зөвлөлөөс баталсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг авч хэлэлцдэг аж. Энэ удаагийн хурлаар Ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай болон Гэрэлт ирээдүйн төлөөх дэлхийн комиссын тайланг хэлэлцэж ирэх зуун жилийнхээ тунхаглал гаргах зорилготой юм.

Гурван талт бүтцийн төлөөлөгчид болон ОУ-ын байгууллагын төлөөлөгч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар ОУ-ын сайн жишээн дээр саад бэрхшээл, ололт амжилтын талаар нээлттэй ярилцахаас гадна ОУХБ-ын үүрэг ролийн талаар гишүүн байгууллагуудын төлөөлөгч нар санал бодлоо солилцох юм байна.