Сургууль, цэцэрлэгийн барилгын тоосго бүрийг хүүхдийн төлөө өрөх ёстой
2019.06.26

Сургууль, цэцэрлэгийн барилгын тоосго бүрийг хүүхдийн төлөө өрөх ёстой

Улсын хэмжээнд 803 сургууль, 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ч энэ нь тийм ч хангалттай биш. Нийслэлд ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим бүлэг гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 хувь нь цоожтой хаалганы цаана хоцордог гэсэн статистик бий.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Хүүхэд бүрийг цэцэрлэгт”, “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох” зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу БСШУСЯ-ныхан энэ онд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд буй.

Салбарын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаныхан сүүлийн саруудад Хэнтий, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дундговь, Төв аймаг, Багануур, Налайх дүүрэгт ажиллан, сургууль, цэцэрлэгүүдийн нөхцөл байдал, барилгын ажлын явцтай газар дээр нь танилцсан.

Энэ үеэр Ё.Баатарбилэг сайд

“Сургууль, цэцэрлэгийн барилгуудын тоосго нэг бүрийг сурагчдын сурч, хүмүүжих эрхийн төлөө өрөх учиртай. Удааширч, “царцсан” барилгуудын цаана хүүхдийн эрх зөрчигдөж байдаг. Хөрөнгө мөнгөө авчихаад гэрээний үүргээ биелүүлж, барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй байгаа компаниудын нэрийг зарлана” гэдгээ анхааруулжээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт БСШУСЯ-ны удирдлага Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, бодлого, зорилтоо танилцуулаад ирэв. Өвөрхангай аймгийн хэмжээнд 43 цэцэрлэг, ерөнхий боловсролын 29 сургууль, спортын долоон ордон, соёлын 22 байгууллагад 2800 орчим албан хаагч ажиллан. иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.

Энэ онд тус аймагт боловсрол, соёл, спортын чиглэлээр нийт 31 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Эдгээрээс гадна нэг сургууль, хоёр цэцэрлэг, соёлын төвийн тав, дотуур байрны нэг, биеийн тамирын хоёр заалыг он дамжуулан барьж байгааг албаны хүмүүс хэлэв. Нэгээс бусдыг нь энэ онд ашиглалтад оруулах боломж бүрдсэн тухайгаа ч дуулгасан. 2019 онд дөрвөн сургууль, мөн тооны цэцэрлэг, соёлын төвийн нэг, дотуур байрны гурав, биеийн тамирын дөрвөн заалны барилгын ажлыг эхлүүлэх юм байна.

Аймгийн төв Арвайхээрийн ерөнхий боловсролын дөрвөн сургуульд 7800 гаруй хүүхэд суралцдаг гэнэ.

“Зарим сургуулийн анги дүүргэлт хэтэрсэн учраас шинэ сургууль барьж байна. 2018-2019 оны хичээлийн жилд нэг ангид дунджаар 42 сурагч ногдож, багш, хүүхдүүдэд хүндрэл үүсгэжээ. Тиймээс хувийн сургуулийн 10 бүл-гийг түрээсэлж, зохицуулсан” гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн хэлсэн юм.

Өвөрхангай аймагт 2017, 2018 онд улсын төсвөөс оруулсан хөрөнгө 100 хувь үр ашгаа өгчээ. Тиймээс 2019 оны худалдан авах ажиллагаануудаа гуравдугаар сараас зохион байгуулж, явцын үзүүлэлтээрээ бусад аймгаа тэргүүлж байгаа аж. БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан болон Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженерүүд аймгийн төвд барьж буй 320 болон 928 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль, II, IV цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцсан. Ажил нь урагштай явааг цэцэрлэгийнхэн нь хэлэв.

Өвөрхангай аймгийн нийтийн номын сангийн барилга нэлээд хуучирсан, Орон нутаг судлах музей нь зориулалтын бус байртай. Өвөл хүйтэн, зун борооны ус байнга гоождог учир соёлын үнэт өв, дурсгал, ном, бүтээлүүдэд аюул учраад байгааг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан хэлсэн. Тиймээс музейн байрыг зайлшгүй засварлах шаардлагатай гэж салбарын яамныхан үзэв. Үүнээс гадна Арвайхээрт энэ онд ашиглалтад оруулах 928 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын нэмэлт санхүүжилтийг улсын төсөвт тусгаагүй ч салбарын сайд Ё.Баатарбилэг уг асуудлыг шийдвэрлэхээр болсноо дуулгав.

Харин Архангай аймагт нөхцөл байдал арай өөрөөр угтав. Энэ онд тус аймагт нийт 25 төсөл хэрэгжүүлж буй бөгөөд шинээр зургаан сургууль, таван цэцэрлэг, соёлын төвийн хоёр, дотуур байрны гурван барилгын ажлыг эхлүүлэх графиктай ч худалдан авах ажиллагааны явц удааширснаас болж нэг ч тоосго өрөөгүй байлаа. Харин он дамжуулан барьж буй сургууль, цэцэрлэг, соёлын төвийн зургаан барилгын ажил хэвийн үргэлжилж, 2019 онд багтаан ашиглалтад оруулах боломж бүрджээ.

Аймгийн төв Эрдэнэбулган сумын Хоёрдугаар сургуулийн өргөтгөл, архангайчуудын олон жил хүлээж буй Хөгжимт драмын театрын шинэ барилгын ажлыг албаныхан шалгав. Театрын барилгыг 2012 оноос эхлэн барьсан ч гүйцэтгэл нь одоо л 80 хувьд хүрч байгаа аж. Өнгөрсөн онд тус барилгыг ашиглалтад оруулна гэж “Акмихолдинг” ХХК-ийнхан ам өгч байж. Өнөө жил ч ингэж ярьсаар угтсан юм.

Ё.Баатарбилэг сайд тус компанийнханд “Хүн хүчээ нэмэгдүүлэн, ажлаа эрчимжүүл. Барилгыг 2019 онд багтааж дуусгах төлөвлөгөө боловсруулж, танилцуул” гэж үүрэг болгов.

‘Театрын барилгын санхүүжилтийг улсын төсөвт суулгасан ч зураг төслийг нь өөрчилсөн. Түүнээс шалтгаалан гэрээний ажлууд удааширч, барилгын ажил саатсан” гэх тайлбарыг гүйцэтгэгч компанийнхан өгсөн юм. БСШУСЯ-ны удирдлага “Иймэрхүү “элдэв” тайлбар дахиж сонсохгүй” гэдгээ хэлнэ лээ. Түүнчлэн Хөгжимт драмын театрын барилга нэлээд том учир бүх талбайг нь ашиглах, ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулах боломжийг судлахыг орон нутгийн холбогдох албаныханд даалгав.

Архангай аймагт барьж буй Усан спортын төвийн барилга “царцаад” удсан юм байна. Улсын төсвийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд ийм шалтгаантай хэд хэдэн барилгын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгуулах саналаа Засгийн газарт хүргүүлэх болсноо салбарын яамныхан хэлсэн.

Ё.Баатарбилэг сайд нийт есөн аймаг, хоёр дүүрэгт, яамны газрын дарга нар нийслэлийн зургаан дүүрэг дэх сургууль, цэцэрлэг, соёл, спортын барилгын ажлыг яаравчлуулах үүрэг чиглэл өгсөн нь энэ. Ингэхдээ орон нутагт болон нийслэлийн зургаан дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын явц, тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэж, харьяа Боловсрол, соёл, урлагийн газрынханд нь удирдлага зохион байгуулалтаар ханган, хяналт тавихыг' даалгасан юм. Мөн ирэх хичээлийн жилд элсэх болон нэг ангид ногдох хүүхдийн тоог нарийн тооцож, шаардлагатай бол анги танхим түрээслэх, сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэгдсэн. Энэ бүхэн гүйцэтгэгч компаниудын “чихэнд” есдүгээр сарын 1-ний хонхыг “сонсгож” чадсан гэж найдья.