Ирээдүйд олох 504 тэрбум төгрөг Хүний хөгжил санд дутжээ
2010.12.02

Ирээдүйд олох 504 тэрбум төгрөг Хүний хөгжил санд дутжээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хэвлэлийн бага хурал хийж ирэх оны Төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.

Төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталснаар Зас-гийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үр дүнгийн үзүүлэлтэд дараах өөрчлөлт гарсан байна. Төсвийн орлого З,284.2 тэрбум байсныг 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, зарлага 3,954.9 тэрбум байсныг 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Харин төсвийн нийт алдагдал 670.7 тэрбум төгрөг байсныг 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хасах 9.9 хувь болгож өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал хасах 1.3 хувиар нэмэгджээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа улсын төсвийн хөрөнгийн зардал 737.9 тэрбумд хүрч Засгийн газрын өргөн барьсан зардлаас нийт 95.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
 
Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг буюу өргөн барьсан төсвийн төслөөс 28.4тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 805.2 тэрбум төгрөгт хүрчээ. Алдагдал нь 504 тэрбум төгрөгт хүрэхээр тооцоо гарсан аж. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил санд 504 тэрбум төгрөг дутагдаж байгаа. Үүнийг уул уурхайн ордуудын урьдчилгаа төлбөрөөс авна гэж тооцож байгаа юм. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай батлагдсан. Төсвийн зардал өндөр, алдагдал их байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцлов. Ирэх оны Төсвийн тухай хууль нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн халамжийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх суурь жил учраас хөрөнгө оруулалт зайлшгүй шаардсан байна. Хөгжил дагаж шаардагдах хөрөнгө оруулалтууд төсвийн зардалд томоохон хувь эзэлж байна. Мөн улс төрийн намуудын мөнгөн амлалтыг хэрэгжүүлэх чухал жил тохиож байгаа юм.
 

"Монгол мал" хөтөлбөрийн санхүүжилтэд жил бүрийн төсвийн нэгээс доошгүй хувийг зарцуулахаар болсон. Ирэх жил тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 27 тэрбум төгрөг тусгажээ. Сум хөгжүүлэх сангийн сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтад 24 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн дэлхийн шилдэг 50 сургуульд олон улсын хэмжээний олимпиадад амжилттай оролцсон шилдэг хүүхдүүдийг сургахад гурван тэрбум төгрөг төсөвт суулгалаа. Энэ арга хэмжээг цаашид жил бүр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлжээ. АН-ын ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн ирэх оны төсвийг түүхэн бөгөөд эрсдэлтэй хэмээн тодотгож байлаа. Ирэх онд иргэн бүрт cap бүр 21 мянган төгрөг олгоно. Үүнд 703 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ нь төсвийн нийт зардлын дөрөвний нэг хувьтай тэнцэхээр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.