
Ж.Хунан: Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг 2018 оноос огцом өссөн!
“Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн эрх”, Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлгийг танилцууллаа.
Илтгэлийн бүлгийг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан танилцууллаа,
Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг 2018 оноос огцом өссөн. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас сүүлийн 5 жилд 1553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд өртөж хохирсон. Хохирогчдыг нийгмийн байдлаар нь авч үзвэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагч 1320, сургууль завсардсан 21, оюутан 60, бусад 229 хүүхэд байна.
Шүүх шинжилгээний байгууллагад сүүлийн 10 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр 5,487 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 885 нь хөгжлийн бэрхшээлтэй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаар 2021 онд 212, 2022 онд 218, 2024 онд 222 хүн ял шийтгэл эдэлж байна.
Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгахдаа хохирогчоос олон дахин мэдүүлэг авдаг, мөрдөгч, прокурор солигддог, ижил хүйсийн мөрдөгч оролцуулдаггүй, хууль сануулдаг, мэдүүлэг авах хуулийн хугацааг хэтрүүлдэг, мэдүүлэгт гарын үсэг зуруулдаг, хэрэг хянан шалгах ажиллагааг урт хугацаанд явуулж байгаа зэрэг нь хохирогч хүүхдийг давхар хохироох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Мөн насанд хүрээгүй хохирогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй зэрэг асуудал нөлөөлж байгааг хөндлөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан