НББСШУБ-ын хороо ажлаа тайлагнав
2011.02.11

НББСШУБ-ын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат тус байнгын хорооноос  2010 оны намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн  ажлын талаар  болон цаашид  хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааныхаа  талаар  сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Тэрбээр мэдээлэлдээ , НББСШУБХ-ны тайлангийн хугацаанд 14 удаа хуралдаж, Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлууллаа. Түүнчлэн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны 2011 оны төсвийг баталлаа. Мөн дөрвөн парламент дамжин хэлэлцэгдсэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай  хуулийг батлуулав. Энэхүү хууль батлагдан гарснаар улс төрийн намын өөрийн төлөөллийн байгууллагын бүрэлдэхүүнд, сонгуулийн үр дүнгээр сонгогдож, томилогддог улс төрийн албан тушаал, түүнчлэн захиргааны албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл доод тал нь 15, дээд тал нь 40-өөс дээшгүй байхаар хуульчлагдлаа. Мөн  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлууллаа. НББСШУБХ  УИХ-ын 2010 оны намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн болон ард иргэдийн амьжиргаатай холбоотой нэлээд гол гол хуулиуд дээр ажиллав.

 

Үүнд, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгыг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, 2011 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлээд байна.

 

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2010 оны ажлын тайланг Байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэн тус зөвлөлийн 2010 оны ажлын гүйцэтгэл болон 2008 онд Зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах талаар УИХ-ын гишүүдээс өгсөн үүргийн биелэлтийг шалгах үүрэг бүхий Байнгын хорооноос байгуулагдсан  Ажлын хэсэг ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын дүнг 2011 оны нэгдүгээр сарын 26-нд Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.

 

НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, АНУ-ын мянганы сорилтын сан болон Олон улсын төсөл, хөтөлбөрийн газар, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, суурин төлөөлөгчдийн газрынхантай хамтран ажиллах асуудлаар ажил хэргийн уулзалтуудыг хийж байна.

 

НББСШУБ-ын хороо  тайлангийн хугацаанд ШУА-ийн Физиз-математик-химийн салбарын Бага чуулган хамтран “Байгалийн шинжлэх ухаан-Монгол улсын хөгжилд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачид төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, төр, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухааны бүтээлийн нийгмийн үнэлэмж ба үр өгөөжийг дорвитой нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр олон санал солилцож Зөвлөмж гаргалаа.

 

Байнгын хороо намрын чуулганы завсарлагааны хугацаанд болон 2011 оны хавар, намрын чуулганы хугацаанд нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг буруулах асуудлаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлгүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг сонсох, мэдээлэл авах “Хөдөлмөр эрхлэлт” нээлттэй сонсгол зохион байгуулна. Мөн “Эмч”, “Багш” нээлттэй сонсгол зохион байгуулах, НХХЯ, БСШУЯ, ЭМЯ-ын 2010 оны ажлын тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонсох, Улаанбаатар, Эрдэнэт,Дорнод аймгуудад эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар бүсчилсэн уулзалт зохион байгуулах, Өрхийн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулах, 1000 багш, 1000 эмч, 1000 залуучуудын чуулга уулзалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн ШУА-тай хамтран “Эрүүл мэндийн шинжлэх ухаан-Монгол Улсын хөгжилд” хэлэлцүүлэг, “Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн шинжлэх ухаан-Монгол улсын хөгжилд” хэлэлцүүлэг болон Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.