Г.Баярсайхан: Дүрмээ  шинэчлэхгүй  бол  АН  олигархиудын  үүр болсон
2011.02.07

Г.Баярсайхан: Дүрмээ шинэчлэхгүй бол АН олигархиудын үүр болсон

УИХ-ын гишүүнГ.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.

-УИХ-д "Монголын төлөө" гэсэн бүлэглэл байгуулагдсан гэсэн. Та тэнд ямар оролцоотой оролцож байгаа юм бэ?


-"Монголын төлөө" гэсэн бичигтэй Бурхан халдун уулын зураг гишүүдэд өгсөн л дөө. Оюутолгой, Таван толгой гээд уул уурхайн төслүүд, байгаль орчны чиглэлээр байр сууриа илэрхийлдэг гишүүдэд өгсөн юм билээ. Надад ч ирсэн. Би байгаль орчны чиглэлээр түлхүү анхаардаг болохоор авсан гэж бодож байна. Түүнээс биш заавал хөдөлгөөн, бүлэглэл гэж ойлгоод байх хэрэггүй ээ. Фракц гэвэл аль аль намд нь л байна. Олон байгаа юу гэхээс цөөдөөгүй.

-Н.Батбаяр гишүүн хувиасаа өгсөн гэсэн үү?

-Тийм. Цаадах чинь өвөрмөц зүйл сэдэж явдаг хүн шүү дээ.

-Зөвхөн АН-ын гишүүддээ өгсөн юм уу?

-Үгүй байх аа, олон гишүүний өрөөнд байна лээ.

-Ийм бүлэг байгуулаад л, цаана нь ямар зорилго байгаа юм бэ?

-Яг албан ёсны бүлэг биш. Бүлэг гэдэг энгийн, байдаг л зүйл шүү дээ.

-Танай нам доторх бүлэглэлүүд чинь генсекээ өөрчлөхөөр тохирчихсон гэж сонссон. ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч хойшлуулсан гэх мэдээлэл байна. Сая болдог ҮЗХ-ны хурлын зорилго нь юу байсан юм бэ?

-Намын амьдрал өөрийнхөө мэдрэмжээр, төлөвлөсөн ёсоороо л явсан байх. Генсекээ солих гэж хурал зарлаагүй байх. АН-ын дотоод амьдрал бол Монголын улс төрийн бараг тал нь шүү дээ. Генсекийг солих нь гэсэн яриа бол хоёр шалтгаантай байх. Нэгд, хавар болж байна. Тэмцлийн ч гэмээр сөрөг мессеж нийгэмд санаатайгаар илгээж байгаа биз. Нөгөө шалтгаан нь, энэ бол байдаг л зүйл. Улс төрийн амьдралд салж, нийлдэг зүйл байдаг л процесс. МАН-ынхан одоо яаж байгаа билээ. Үзэл бодлын зөрүүнээс  болоод хоёр хуваагдчихаад байна. Харин манай нам фракцуудаасаа болж ийм байдалд орохгүй байх. Би хувьдаа арай өөрөөр харж байгаа. АН өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлээд л явах ёстой.

-ҮЗХ-ны хурлаар "Монгол хүн-2020" хөтөлбөрийг голчлон ярилаа. Харин АН-ын дүрмийн шинэчлэлийн асуудлаар шийдвэр гаргасангүй?

-АН-ын дүрмийг шинэчлэх хэрэгтэй гэж олон гишүүн ярьж байгаа. Би ч тэдний нэг. АН өнөөдөр олигархуудын үүр болсон байна. Ах. дүү нараараа дүүргийн намын хороог дүүргэчихсэн улс захаас аваад байна. Улстөрийн наймаа хий-дэг л ажилтай хүмүүс бий болчихлоо. Мөнгөний улс төр явж байна гэсэн үг л дээ. Ийм зүйлүүдийг яриад байгаа мөртлөө өөрчлөх гэж яарахгүй байгааг л гайхаад байна. Уг нь нам дээр ажлын хэсэг гарсан. Дүрмийн шинэчлэлийн асуудлаар шүү дээ. Гэтэл сая болдог ҮЗХ-ны хурлаар энэ талаар түлхүү хэлэлцэх ёстой байсан ч дахиад л хойшлуулчихлаа. Түүнээс намын дарга, генсекээ солих цаг нь одоо биш. Шаардлагатай бол бид хуралдаад сольчихдог шүү дээ. Сонгууль ойртсон энэ үед харьцангуй тогтвортой байгаа намын дотоод улстөрийн хөдөлгөөд, хөөргөөд байх шаардлагагүй. Харин ч энэ үед дүрмээ шинэчилж, АН-ыг улам тунгалаг болгох ёстой. ҮЗХ-ны суудлыг наймаалцдаг, ах дүү нараараа дүүргэдэг тэр процессыг арилгаж байж нам шинэчлэгдэнэ. Үүний тулд дүрмээ шинэчлэх ёстой.

-"Монгол хүн-2020" хөтөлбөрийг ҮЗХ-ны хурлаар голчлон хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-"Монгол хүн-2020"-ыг бид бүгдээрээ мэднэ. Ц.Элбэгдорж даргын үеэс ярьж байсан зүйлүүд нэлээд орсон байгаа. Шинэ зүйлээр ч баяжсан байна лээ. Энэ хөтөлбөрийг ҮЗХ-ны хурлаар ярих нь гарцаагүй. Гэхдээ дан ганц хөтөлбөр ярьж байна гээд хуралдаад тарсан нь олон хүний цаг барсан ажил л боллоо.

-ҮЗХ-ны хурлын ирц 50 хүрэхгүй хувьтай байсан. Танай намынхан чиньяагаад ийм идэвхгүй болчхов. Эсвэл дарга солих гэхээрээ л өндөр ирцтэй хуралддаг юмуу?

-Санал нэгдэж байна. Гэхдээ дарга, генсек солих цаг нь одоо биш. Тогтвортой байгаа АН-д дотоод хагарал үүсгэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрөх гүй. АН-ын идэвх сул байгааг намын удирдлагууд харж байгаа байлгүй дээ. Ерөнхийдөө манай нам чинь үйл ажиллагааны нам шүү дээ. Юманд соргогоор хандаж, болох, болохгүйг нь үргэлж харж байх ёстой. Засагт орчихсон болохоор тэр ажилдаа арай түлхүү хандаад байгаа юм болов уу. Уг нь, засгийн ажлаас гадна намын дотоод амьдралдаа анхаарах хэрэгтэй байгаа юм. Байр сууриа илэрхийлж байгаа гишүүдээ сонсож байх ёстой. Манайх МАН шиг дээрээс тулгаад байдаг нам биш шүү дээ.

Сөрөг хүчин байхдаа бид болж байгаа, болохгүй байгаа зүйлсийг уудлаад л ярьдаг байсан. Сая болсон хурал ирц бага байсан болоод ч тэр үү өрнөж, ноцож чадсангүй. "Монгол хүн-2020"-ийг манай намаас дэвшүүлж байгаа, хэрэгжүүлэх нь ч зөв. Гэхдээ энэ хөтөлбөрөөс чухал зүйл зөндөө байгаа. Сонгууль ойртож байхад намын рейтингийг өсгөх гээд ярих зүйл их бий. Намын шинэчлэл гээд.

-Намын дүрэм өөрчлөх асуудлаар та ярьж байна. Тэгээд АН-ын дүрмийг яаж өөрчлөх ёстой юм бэ?

-Дүрэм хөрсөндөө суурилсан, хэвтээ тэнхлэгтэй байх хэрэгтэй. Намын удирдлагыг босгоод л байвал дахиад л сөрөг үр дагаврууд гарна. Асуудлыг олонхоороо хэлэлцдэг, шийддэг байх хэрэгтэй. Түүнээс биш 90 градус дээшээ байх юм бол энэ нам чинь нэг хүний өмч болчихно.

-Намын татварын асуудлаар олон хүн шүүмжилж байгаа. ҮЗХ-нд үзэл бодолдоо үнэнч хүмүүс нь татвараас болоод орж чаддаггүй. Харин "утсан хүүхэлдэй"-нүүд бусдаар татвараа төлүүлж, өмнөөс нь ярьдаг гээдл...

-Ерөөсөө байдал тийм байгаа. Хэдэн олигарх өөрсдийнхөө фракцын гишүүдийн татварыг төлж ҮЗХ-нд суулгадаг. Өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэрийг халмаар байгаа юм. Мэдээж дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ бүхэн тунгалаг болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.