Ардчилсан зууны хэмжээгүй эрхт удирдагчид
2011.02.05

Ардчилсан зууны хэмжээгүй эрхт удирдагчид

Грек хэлнээс “Ард түмний засаглал” гэж орчуулагддаг демократизмыг цэнхэр гаригийн 192 улсын ард иргэд харилцан адилгүй хүртдэг аж.

АНУ-ын “Freedom house” байгууллагаас 2010 онд хийсэн судалгаагаар дэлхийн 87 улсыг эрх чөлөөт ардчилсан, 60 улсыг хэсэгчилсэн эрх чөлөөт, 47 нь чөлөөт бус гэж тогтоосон байна (Дашрамд хэлэхэд, Косово, Төвд хоёрыг тусгаар улс хэмээн тооцжээ). Хамгийн их хүн амтай төдийгүй эдийн засгийн хөгжлөөрөө, АНУ, Барууныг гүйцэж түрүүлээд байгаа Хятад улс, хамгийн том газар нутагтай ОХУ чөлөөт бус орнуудын жагсаалтыг тэргүүлж байхад Украин, Кыргыз, Мексикийг хэсэгчилсэн эрх чөлөөт гэж нэрлэжээ.

Хэвлэлүүд, тайван жагсаал, бүх нийтийн санал асуулга гээд ард түмний дуу хоолойг төрд хүргэх арга зөндөө. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөө, ил тод байдлын төлөө хэдэн зуун жил цус асгаруулан тэмцсэний хүчинд XXI зуунд дарангуйлал, колоничлол, нэг хүнийг тахин шүтсэн тогтолцоо багассан байх. Гэхдээ л өнөөгийн даяаршсан, техникжсэн, ардчилсан зуунд “Ардчилсан” гэх тодотголтой улсуудад хүний эрх зөрчигдөж, төрийн аппаратыг хэрсэн авлига газар авсаар байгаа нь нууц биш. Хэвлэлийн эрх чөлөө, сөрөг хүчний төрд нөлөөлөх хүрээний тухай ярих ч шаардлагагүй (Нийгэмд болж буй үйл явдал, асуудлыг нийтэд хүргэж, төр, ард түмний хооронд гүүр нь болох ёстой хэвлэл зарим нэг улсад нэг намын, нэг хүний, эсвэл тодорхой давхаргын “цагаан хоолой” болчихдог учраас энэ).

Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь Эмир буюу хаандаа итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд түүнийг огцруулдаг тогтолцоо Арабын орнуудад бий. Гэтэл эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө бусдаас хоцроогүй, өөрсдийн бичиг үсэг, соёлын өвтэй томоохон орнуудын ард түмэн нь яаж ч эсэргүүцэл илэрхийлсэн түүнийг хүлээж авахгүй тас гүрийчихдэг, сөрөг хүчнийхнийг нухчин дарчихдаг хэмжээгүй эрхт удирдагчид байна.

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН СТАЛИН

“Социализм бол шинжлэх ухаан юм” гэж номлосон Ким Чен Ир 20 настайдаа буюу 1961 онд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намд элсэж, төрд зүтгэж эхэлжээ. 34 настайдаа тус намын Төв хорооны даргаар сонгогдсон тэрбээр 17 жил цөмийн зэвсэгтэй, 25 сая хүнтэй улсыг удирдаж буй. Тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх албан байгууллага Их удирдагч Ким Чен Ирийн зургийг ханандаа хадсан байдаг бөгөөд энэ хүний талаар муу үг цухуйлгасан этгээдийг шоронд хорих зэргээр шийтгэдэг. Удам залгамжлан төр барьсан Кимүүдийн намтрыг дунд сургуулийн сурагчид тусгай хичээл болгон судалдаг гэхчлэн өнгөрсөн зууны 30-40 оны Орос орныг санагдуулах зүйл мундахгүй. Түүний засгийн эрх барьж буй энэ хугацаанд Япон, БНСУ-ын иргэдийг хулгайлах, концлагерь барих, төрийн бодлогыг ямар нэгэн байдлаар шүүмжилсэн хүмүүсийг олны өмнө цаазлах явдал олноор гарсан хэмээн олон улсын ажиглагчид шүүмжилж, БНАСАУ-ын төрийн, эдийн засгийн, гадаад харилцааны бодлогыг буруушаадаг. 

Тус улсад саяхныг хүртэл гадаадын кино үзүүлдэггүй байв. Жүжигчин Мел Гибсоны тоглосон кинонуудад дуртай Ким Чен Ир социалист маягийн киноны солонгос хувилбаруудаар ард түмнийхээ мэлмийг баясгахыг чухалчилдаг. Эрх чөлөөг тунхагласан, ардчилсан, зарим нэг талаараа “задгай” америк кино хүмүүсийн сэтгэхүйд өөрчлөлт хийнэ гэж айдгийнх болов уу. Их Британийн “Scabal” брэндийн торгон, ноолууран, цэвэр даавуун хувцсаар гоёж, “Perrier”-ийн цэвэр ус, “Martell” коньякаар умдаалдаг Их удирдагч 1000 гаруй машинтай гэж түүний шадар туслах асан, хожмоо Австралид цагаачилсан Ким Чён Руль гэгч мэдэгдсэн нь бий. Түүний эдэлж хэрэглэдэг бүхнийг гадаадаас захиалж авчруулдаг бүхэл бүтэн Ажлын хэсэг байдаг аж. Албан бус эх сурвалжид мэдээлснээр бол Европын банкуудад тэрбээр хэдэн зуун их наяд ам.доллараар хэмжигдэх их хөрөнгийг нууц дансанд байршуулсан байна. “Социалист диваажинг” бий болгохоор хоногт 13 цагаар ажиллаж, нэг долоо хоногт хоёр удаа суртал ухуулгад хамрагддаг жирийн иргэд харин авсан цалингийнхаа 35 хувийг татварт өгдөг гэнэ.

Ким Чен Ирийн дэглэмийг унагах, даран - гуйллаас мултрах гэсэн мэр сэр оролдлогыг цэргийн хүчээр нам дардаг түүнийг Солонгосын хойгийн Сталин гэж барууны ертөнц “өргөмжилдөг”.

ДЕРЬМОКРАТ ОРОСЫН АЛДАРТ ТАНДЕМ

“Орос дахь ардчиллын түүх бол хоёр хүний театрын тоглолт” гэж Европын нэг улс төр судлаач тэмдэглэсэн. СанктПетербургийн их сургуулийн багш, доктор, профессор Анатолий Собчакийн гарын шавь Б.Ельциний халааг авснаар тандемийн нэг дугуй В.Путин Орос орныг авч явах гараагаа эхэлжээ. 1999-2008 он хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгч байсан Владимир Владимировичийн журмын нөхөр, мөн л А.Собчакийн шавь Д.Медведев 2008 онд Засгийн эрхэнд гарав. М.Горбачёвын өөрчлөн байгуулалтын дараах эмх замбараагүй, үймсэн, туйлдсан, мафийнханд атгуулсан энэ гүрнийг өндийлгөхөд энэ хоёрын хийсэн зүйл их гэдгийг ард түмэн нь хүлээн зөвшөөрдөг. Хуучин, социалист сэтгэлгээнээсээ салж амжаагүй энэ ард түмэн улс төрийн идэвхтэй. Гэхдээ л тандемийн “дугуйнууд” ээлжлэн төр удирдсан (удирдаж буй) энэ 12 жилийн хугацаанд сөрөг хүчин, чөлөөт сэтгүүлчдийн мэнгэ голлосоор. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас хийсэн судалгаагаар энэ хугацаанд тус улсад 111 сэтгүүлч аллагад өртөж, 46 хэвлэл мэдээллийн ажилтан сураггүй болжээ.

В.Жириновский, Г.Зюганов, Б.Немцов зэрэг өөр өөрийн арга барилтай сөрөг хүчний лидерүүд “Антипутинизм”-ийг үндэслэхээс бүр өмнө Европт амьдардаг Оросын олигархууд энэ тандемийг буруушааж байсан аж. М.Ходорковский ч тэдний бодлогыг шүүмжилснийхээ төлөө хэрэгт холбогдсон гэх таамаглал олон. Москва, СанктПетербургт байсхийгээд л болдог эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараан, оролцогчдыг нь саатуулдаг уламжлал харин Д.Медведевийн үед бий болсон. Кремлийг хэрсэн энэ дарангуй - лал “менежмент” сайтай. Эрх баригчдад өмсөх хувцас, хэлэх үг, хэрхэн инээмсэглэхийг хүртэл цаг үе, нөхцөл байдалтай нь уялдуулан зааж өгдөг тусгай команд ч бий. Өөрөөр хэлбэл тэд өнгөлөн далдлалт сайтар хийдэг тулдаа өнөөг хүртэл ард түмэн нь бослого гаргачихаагүй байж мэдэх юм. Тэд Ким Чен Ирээс ч дутахааргүй тансагладаг, туйлдаг ч үүнийгээ их цэвэрхэн хийдэг.

Яагаад гэвэл их уншдагаараа алдартай ард түмэн нь үүнийг мэдчихвэл нүдээ аниад өнгөрөх нь юу л бол. В.Путин, Д.Медведев хоёрын нөхөрлөлд цав суугаад байгаа тухай мэдээлэл барууны голдуу хэвлэлүүдэд гарч эхэллээ. Харин энэ нь хяналттай, шударга тогтолцоог бий болгохын эхлэл болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Юутай ч одоогоор хоёр хүний театрын тоглолт үргэлжилсээр... Алга таших уу, болих уу

ААВ БОЛ ААВ


“Европын сүүлчийн дарангуйлагч”-ийг Польш руу нэвтрэхийг хоригложээ. Араас нь ХБНГУ, Чех ийм шийдвэр гаргаж магадгүй нь.Гэхдээ “Батька” эл хориг арга хэмжээнд сөхөрчихөөр “жул” амьтан биш гэнэ. В.Сталиныг хүндэлдэг гэж хэлээд хэл аманд орооцолдсон А.Лукашенко 15 жил цагаан оросуудыг удирдаж байна. Газар нутаг нь ОХУ-аас Европ руу газрын тос, байгалийн хий экспортлоход түшиц болдог, геополитикийн хувьд бас ч үгүй ашигтай тулдаа тэрбээр том дуугарч чаддаг. Түүнийг Леонид Синицын, Дмитрий Булахов, Виктор Гончар, Валерий Цепкало, Александр Федута, Михаил Сазонов, Юрий Малумов зэрэг намынхаа нөхрийг нухчихсан гэдэг юм билээ. Энэ талаар дуугарсан сэтгүүлчдийг ч бас тэдний араас илгээсэн гэх таамаглал байдаг. Өнгөрсөн зун Кремльтэй түнжин хагарсан А.Лукашенко ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн нэлээд томоожсон. Сонгуульд ялалт байгуулсныг нь эсэргүүцсэн сөрөг хүчнийхнийг баривчлан шоронд хорьсон тэрбээр “ийм бусармаг үйлдлийг” газар авахуулж болохгүй гэдгийг чухалчилдаг. “Батька”-гийн талаар түрүүлж донгодсон сэтгүүлч “хөхөөний” хошуу хөлдсөн тохиолдлыг харин хүний эрхийг хамгаалах байгууллагууд мартсангүй. Беларусийн хөдөө аж ахуйг өөд нь татна хэмээн амалж асан А.Лукашенкогийн хөрөнгө есөн тэрбум ам.доллар хүрнэ гэж “Wikileaks” цахим хуудсанд мэдээлжээ. Мөн эх сурвалжид нийтлэгдсэн Беларусийн хамгийн баян хүмүүсийн дотор Парламентын гишүүд бараг бүгдээрээ багтчихсан байсан нь ч гайхмаар хэрэг огт бус. Кыргызын Ерөнхийлөгч асан Курманбек Бакиев, Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили нартай “үй зайгүй” тэрбээр ард түмнийхээ аав нь гэдгээрээ их бахардаг. Улс төрд өөрийгөө зориулан, хоногт 25 цаг байдаг ч болоосой гэж халаглах “Крёстный батька” бүх насаараа Беларусийг захирсан ч чадна гэж аархдаг аж.

“МӨНХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ” НУРСУЛТАН НАЗАРБАЕВ


“Ажилчин гарлыг эрхэмлэдэг коммунист сэтгэлгээ өвөг дээдсийнхээ дунд язгууртныг хайдаг явдлаар солигдов. Харин би хоньчны хүү гэдгээрээ л бахархдаг” хэмээсэн Нурсултан Назарбаев өдгөө 71 нас хүрч байна. Туулсан амьдралынхаа гуравны нэг буюу 21 жилийг Казахстаныг удирдахад зориулсан Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэв. Алма-Атагийн жижиг сууринд төрж өссөн тэрбээр хүнд хүчир ажил хийж, хажуугаар нь боловсрол эзэмшсэн. Төрийн өндөрлөг өөд алгуурхан зүтгэсэн түүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч байлгах хүсэлтэй иргэд цөөнгүй. Төрсөн охиныхоо нөхрийг авлига авсныг мэдээд хорин жилийн ял оноосон нь түүнийг шударга нэгэн гэдгийг баталсан гэх юм билээ. Нэгэнт бий болгосон засаглалаа ямар нэгэн аргаар хадгалж үлдэх, хамгаалах нь эрх баригчдын “үүрэг”. Казахстаны хувьд засаглалаа хамгаалах системээ хуульчлаад баталчихсан байдгаараа өврмөц.Төрийн тэргүүн, Парламентын гишүүдийг доромжилсон, өдөөн хатгасан этгээд хуулийн хариуцлага хүлээнэ. “Хар жаг - саалт”-д багтсан сөрөг хүч - нийхэнд ээлжээ хүлээх л үлддэг бөгөөд тэдний үр хүүхэд, хамаатан садныг ч ийм л хувь заяа хүлээдэг аж. Одоогоос дөрвөн жилийн өмнө Н.Назарбаевын бодлогыг эсэргүүцэгч Алтынбек Сарсенбаев, түүний туслах Бауржан Байбосын болон Василий Журавлев нарыг харгис хэрцгийгээр хөнөөсөн нь тохиолдол биш гэж ажиглагчид үздэг. Ерөнхийлөгч байнга хийдэг иймэрхүү “цэвэрлэгээндээ” чамгүй хөрөнгө цацдаг тухай бичсэн сурвалжлагч Гульжан Ергалиева Орост цагаачлахаас өөр аргагүйд хүрч байв. Н.Назарбаевыг огцруулах тухай санал асуулга явуулахыг уриалсан Галымжан Жакиянов, Мухтар Аблязов нараас найз нөхөд нь, гэр бүлийнхэн нь хүртэл нүүр буруулсан гэдэг. Аль ч улсын эрх баригчид байр сууриа хадгалах, албан тушаалдаа үлдэхийг хүсэх нь мэдээж. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ард түмэн, Засгийн газар болон эрх баригчдад хяналт тавих систем нь эрүүл, ардчилсан нийгмийн атрибут гэж судлаачид үздэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.