Рейган бол парадокс-улстөрч, мөн
-ОХУ-ын тоймч Сергей Балмасов, Вадим Трухачев нарын нийтлэл-
2-р сарын 6-нд АНУ-ын хамгийн алдартай, агуу Ерөнхийлөгчдийн нэг Рональд Уилсон Рейганы 100 жилийн ой болж өнгөрлөө. Тэрээр Чикагогийн орчимд төрсөн бөгөөд Юрик хотын эдийн засаг, нийгмийн их сургуулийг төгссөн. Гэвч Рейган эрдэм номд нэг их шамдсангүй, мэдлэгээр ч гавьсангүй. Энэ сэдвээр тэр нэг удаа “Миний сургуулийн дүнг нууцал гэж Холбооны мөрдөх товчоонд тушаал өгч болох л байсан” хэмээн хошигносон удаатай. Рейган хожим нь Ерөнхийлөгч болоод айлчилж ирсэн Арабын шейхийг газрын зураг руу дагуулан очиж, улс орон нь хаана байгааг асуучихдаг хэнэггүй нэгэн байсан юм.
элхийн II дайны үед Рейганыг хараа муутай гээд фронтод авсангүй. Тэгээд ар талд алба хашиж, ахмад хүртэл цол ахижээ. Арын албаны энэ түүх нь Америкийн армийг дэлхийн өнцөг булан бүр рүү огтхон ч эргэлзээгүйгээр илгээж, “Оросыг бөмбөгдөх” тушаалыг өгч хошигнож байсан түүний “харцага” хочит “эрэлхэг” дүртэй нэг их дүйхгүй байгаа биз. Жишээ татахад Том-Джордж Буш байлдааны нисгэгч шүү дээ.
1937 онд Рейган "мөрөөдлийн фабрик" хэмээх Холливудад нэрд гарч эхэлсэн. Гэвч тэр тэргүүн зэргийн од байгаагүй. Түүний тоглосон 54 киноны ихэнх нь эгэл ковбой эрийн дүр байлаа. Рейган нэг ч удаа Оскарын шагнал аваагүй. Харин түүнийг улстөр л дээш гаргасан юм. Сүсэг бишрэлтэй гэр бүлээс гаралтай Ронни /Рональд/ коммунистуудад маш их дургүй байсан. Тэр бүү хэл мань эр Холливудаас "Кремлийн туршуулууд"-ыг барихад Холбооны мөрдөх товчоондоо тусалдаг байлаа. 1940-1950-аад онд хүйтэн дайн оргил цэгтээ хүрэх үеэр АНУ даяар ЗХУ-ын тагнуул, туршуулуудыг барих их ав эхлэв. Яг энэ үед Рейган хэрэгтэй газраа хэрэгтэй цагтаа байж чадсан юм. Улмаар тэр Америкийн Кино жүжигчдийн гильдийн ерөнхийлөгчөөр хэдэн удаа сонгогдов.
Рейган удаан хугацааны турш Ардчилсан намын гишүүн байсан, гэвч 1962 онд тус намын үзэл суртал өөрийнхөөс нь харь хөндлөн байна гэж үзээд Бүгд найрамдах намд элсчээ. Энэ үед түүний үзэл бодол бүрэлдэн тогтсон. Рейган эдийн засагт төр хөндлөнгөөс оролцохын эсрэг, мөн нийгмийн том зардлуудын эсрэг тэмцэж, бизнесийн эрх чөлөөний талыг баримталж байсан юм. Түүнийг Христийн шашны үнэт зүйлсийн хамгаалагч хэмээн алдаршуулсан нь учиртай. Эхлээд тэр үр хөндүүлэхийг эсэргүүцэж байсан бол Ерөнхийлөгч болсны дараа Ватикантай хамтран коммунизмын эсрэг “Загалмайтны аян дайн” зарласан.
Рейганы Ерөнхийлөгчийн суудалд суух гол гүүр нь Калифорний амбан захирагчийн суудал байв. Тэр 1967-1975 онд буюу 2 хугацааны турш энэ албан тушаалыг хашихдаа нийгмийн зардлуудыг танаж, эсэргүүцлийн жагсаалыг хөөх тушаалыг өгч байсан юм. Тэр бүү хэл 1969 оны 5-р сарын 15-нд Беркли паркад болсон эсэргүүцлийн ажиллагааг дарахад улс даяар “цуст мягмар гараг” гэж нэрлэжээ. Гэхдээ тухайн үед амь үрэгдсэн хүн байгаагүй.
Дундаж жүжигчин эр ийнхүү хатуу, чанд бодлоготой улстөрч хэмээн нэрд гарчээ. Тухайн үед ийм хүн л үндэстний хэмжээнд хэрэгтэй байсан аж.
1980 онд Рейган Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, 50 мужийн 44-ийн саналыг авч чаджээ. Тэр өөрийн "рейганомик" хэмээх хатуу бодлогоор эдийн засгийн хямралтай тэмцэж, амжилтад хурдан хүрсэн юм. Рейган татварыг бууруулж, бизнест том эрх чөлөө олгон, Үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцлийг үл тоон нийгмийн зардлуудыг танасаар байв. АНУ-д эдийн засаг өсч, түүнийг дагаад шинжлэх ухаан, техникийн хувьсгалын шинэ эрин эхэлсэн юм.
Гадаад улстөрд Рейганы нэр социалист лагерийн сүйрэл, ЗХУ-ын бутралтай яах аргагүй холбогддог. Чухам түүний үед хүйтэн дайн хүчээ авч эхэлсэн билээ. “Оддын дайн” хөтөлбөр, коммунистуудын эсрэг хүчийг дэмжиж, Афганистаны моджахедуудад тусалсан, Европод "Першинг" пуужингуудыг байрлуулсан зэргийг дурдахад хангалттай. Рейган хамгийн анх ЗХУ-ыг “хорон санаат эзэнт гүрэн” гэж нэрлэсэн юм.
Рейган Михаил Горбачевтой уулзахдаа өөрийн "doverjay no proverjay"-аар ЗХУ-ын генсекийг хожиж, зэвсэглэлийг хязгаарлах гэрээг АНУ-д ашигтайгаар хийж чадсан гэж өнөөдөр шинжээчид нэгэн дуугаар баталдаг. Рейганы авсан өөр нэг хатуу арга хэмжээ бол социалист болох шахсан Гренада руу 1983 онд халдсан явдал. Түүнчлэн тэр л 1986 онд олон улсын терроризмыг дэмжсэн гэж сэжиглэн Ливи улсыг 1986 онд бөмбөгдсөн билээ. Түүнээс гадна Рейган 1982 оны үеэр Аргентинтой хийсэн Маргарет Тэтчерийн Фолклендын дайныг дэмжиж байсан. Тэгээд Персийн буланг АНУ-ын онцгой сонирхлын бүс гэж зарласан билээ.
Түүний улстөрийн бодлого маш үр өгөөжтэй байсан тул америкчууд Үндсэн хуулиа өөрчилж, Рейганыг 1988 онд 3 дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг оролдсон удаатай. Гэвч тэр санаархал бүтээгүй.
Рейган амьдралын сүүлийн жилүүдээ нэлээд нам жим өнгөрөөв. Экс Ерөнхийлөгчийн Альцгеймерийн өвчин даамжирсаар тэрээр 2004 оны 6 сарын 5-нд нас нөгцчээ.
Хамгийн шилдэг Ерөнхийлөгч гэгддэг түүнд олон шидэт амжилт бий. XIX зуунд индианы омгийн нэгэн удирдагч “Тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчид өөрийн бус үхлээр өнгөрөг” гэж хараасан тухай домог байдаг. 1840 оноос эхлэн Авраам Линкольн, Джон Кеннеди… гээд АНУ-ын Ерөнхийлөгчид бүрэн эрхийн хугацаандаа бүгд л үхэж, үрэгдэж байсан. 1981 оны 3-р сарын 30-нд энэ гунигт жагсаалтад Рейган нэмэгдэх байв. Гэвч халдлагад өртсөн ч тэр амьд үлдсэн билээ. Ингээд хараал үйлчлэхээ больсон гэдэг /Дашрамд дурдахад Рейган өөрөө далдын хүч энэ тэрд итгэн, хувийн зурхайчтай байсан нь амийг нь аварсан бололтой/.
Рейган бол үнэхээр гоц үзэгдэл. Тийм ч сайн боловсролтой биш тэрээр Цагаан ордонд өдөрт 5 цагаас илүү ажилладаггүй байсан. Дайныг ар талд сууж өнгөрөөсөн, хамт ажиллагсдаа матах замаар дээш дэвшсэн гээд хачирхалтай баримтууд зөндөө. 2 удаа гэрлэсэн хэрнээ Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тухайн үедээ маш хатуу дэг жаяг, чанд ёс журамтай байсан Америкт боломжгүй зүйл байсан. Гэвч чухам Рейган л дайны дараах АНУ-ын хамгийн хайртай Ерөнхийлөгч болсон, улсынхаа түүхэнд элдэв хэвшмэл ойлголт, хараалыг ялсан хамгийн агуу нь болж үлдсэн юм.
ОХУ-ын“Улстөр” сангийн ерөнхийлөгч В.Никонов “Рональд Рейган Америкийн хэмжээсээр ч жир бус. Тэр жүжигчнээс хамгийн агуу Ерөнхийлөгч хүртэл улстөрийн сонирхолтой замнал туулсан хүн. Түүний замаар Арнольд Шварценеггер явах гэж оролдсон. Гэвч тэр Калифорнийн амбан захирагчаас дээш гарч чадсангүй. Яагаад гэвэл АНУ-д төрөөгүй учраас” хэмээн ярьж байна.
Рейганы онцлог нь тэр хэзээ ч улстөрийн үзэл бодлоо эрс өөрчилж байгаагүй. Рейганыг дээш ахихад Кино жүжигчдийн гильдэд байхдаа коммунизмын үзэл суртлыг дэмжигчдийн эсрэг идэвхтэй тэмцэж байсан нь их нөлөөлсөн юм. Тэр 1976 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан. Гэвч энэ ялагдал түүнийг бууж өгч, мартагдахад хүргээгүй.
Түүний Ерөнхийлөгч байсан үе АНУ-ын түүхэнд хамгийн онцлогтой. В.Никонов “Рейган улс орноо нэлээд богино хугацаанд эдийн засгийн хямралаас гаргаж чадсан. Тэр том бизнес, хувийн капиталд татвар ногдуулж, үүний ачаар жижиг бизнесийг дэмжиж эхэлсэн. Одоо АНУ-ын зарим шинжээч түүний зах зээлийн хандлага улс орныг эцэст нь мухардалд хүргэсэн гэдэг. Үнэндээ үүнд Бага-Джордж Буш л хамаатай байх. Тэр л Америкийг өрийн спиральд татан оруулсан. Рейганы гадаад бодлого үнэхээр анхаарал татмаар. Тэр Гренадад Зөвлөлтийн талыг баримтлагч нэгэн улсыг устгаж, “галзуу нохой” Каддафийг /Ливийн удирдагчийг Рейган ингэж нэрлэдэг байсан/ нам буулгаж авсан билээ. Энэ болон өөр олон хэрэг түүнд ашигтай байдлаар эргэсэн. Яагаад гэвэл ЗХУ тэрүед АНУ-тай сөргөлдөх бодлогоосоо татгалзсан. Хоёрдугаарт ЗХУ дээрх асуудлуудыг амин чухал биш учраас Америктай харилцаагаа хурцатгахыг хүсээгүй. Иймээс л энэ тал дээр гадаадад Рональд Рейган их алдаршсан. Америкийн түүхчид болон улстөр судлаачид түүнийг “коммунизмыг ялагч” гэж магтдаг. Гэхдээ энэ бол хэтрүүлэг. Ерөнхийлөгч Форд, Никсон нартай харьцуулахад тэр хэт хатуу ширүүн байсан” ” гэж дүгнэжээ.
Гэхдээ түүний явуулсан хатуу бодлого ЗХУ-ын эсрэг чиглэсэн ч түүнээс болж, Зөвлөлт гүрэн бутраагүй. Үүнд зэвсэглэлийг бууруулах хөтөлбөр ч хамаагүй. “Оддын дайн” хөтөлбөр ч оросуудад нэг их аюул занал авч ирээгүй.
ЗХУ унасан нь дотоод шалтгаантай. Зөвлөлтийн зурагтаар америк маягийн амьдралыг харуулахад элбэг дэлбэг бараа таваарыг хараад оросууд шоконд орсон.
Яагаад гэвэл манай өөрчлөн байгуулалт зах зээлийн эдийн засаггүйгээр ардчилсан дэглэмд шилжих оролдлого байсан юм. Гэвч хүмүүс үүнд бус харин “Хоол, идэх юм хаана байна” гэж их догдолж, санаа зовж байлаа. ЗХУ бутрахад Зөвлөлтийн эрх баригчдын үйл хөдлөл, тэдний сөргөлдөөн, мөн Холбооны улсууд дахь элитүүдтэй өрсөлдсөн явдал гол түлхүүр үүрэг гүйцэтгэсэн юм.