Ж.Батсуурь:Би говиороо бахархаж явдаг
2011.01.21

Ж.Батсуурь:Би говиороо бахархаж явдаг

Энэ удаагийнхаа "Улс төржөөгүй яриа"-ны хойморт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг урьсан юм. Түүний амьдрал говь нутагтайгаа салшгүй холбоотой. Тэрбээр нутгийнхаа тухай "Дээхнэ үед говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр гэж хэлдэг байлаа. Харин энэ зуунд' Монгол Улсын ирээдүйн хөгжлийг говийн бүс тодорхойлох цаг үе иржээ" гэсэн бодол тээж явдаг аж.

-Төрсөн нутгийн тань талаар яриагаа эхлэх үү?

-Миний амьдрал говь нутагтаа минь яах аргагүй холбоотой. Энэ л нутагтаа хүн болж, төрж өссөн. Ард түмний дунд Дорнын их говь гэдгээрээ алдаршсан газар шүү дээ. Манай аймаг Хятад улстай 500 гаруй км газраар хиллэдэг. Зүүнбаян сумын уугуул иргэн байгаа юм, би. Миний төрсөн энэ газрыг Гурван баянгийн хөндий гэж нэрлэдэг. Учир нь Данзан Равжаа хутагтын судар номонд миний төрсөн нутгийг ирээдүйд түм түжигнэж, бум бужигнасан газар болно гэж хэлсэн байдаг. Тэр ч утгаараа энэ нутагт нефтийн хайгуул хийж байна. Уг нь 1960-аад оны үед ОХУ-ын тусламжтайгаар нефтийн үйлдвэр ажиллуулж байсан юм билээ. Одоо бол Дорноговийн ихэнх нутагт нефтийн хайгуул хийж, бас ч зүгээргүй байгаа гэсэн. Зөвхөн манай суманд гэхэд л газрын тосны олборлолт хийж эхлээд байна. Түүнээс гадна нутагт маань ураны орд газар бий. Одоогоор туршилтаар уран олборлож байгаа юм.билээ. Мөн зэс, алтны орд ч бий. Тэгэхээр өвөг эцгийн оноож хэлсэн Гурванбаян гэдэг нэрийн утга учир өнөөдөр тайлагдаж байна. Би ийм сайхан бүс нутагт хүн болж төрсөндөө бахархаж яв-даг. Дээхнэ үед говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр гэж хэлдэг байлаа. Харин энэ зуунд Монгол Улсын ирээдүйн хөгжлийг говийн бүс тодорхойлох цаг үе иржээ. Сонирхуулахад, манай бүс нутаг чинь үлэг гүрвэлийн өндөг олдсон ганц газар шүү дээ.

-Хүүхэд насны чинь амьдрал говьтойгоо холбоотой байжээ?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд насны минь амьдрал говьтой минь салшгүй холбоотой. Энэ нутагтаа л хүн болж, амьдралын анхны хаалгыг татсан гэхэд болно. Хүүхэд ахуй нас маань эгэл жирийн малчны гэрт өнгөрсөн. Манай нутаг ч сайхан шүү. Аравдугаар анги төгсөөд элсэлтийн шалгалтад орж, тухайн үеийн Чехословак улсын Техникийн их сургуулийн барилгын инженер, эдийн засагчийн анги авч билээ. Тэр үед хүүхдүүд гадаадын сургууль руу хошуурдаг байлаа.

-Багадаа барилгын инженер мэргэжилтэй болно гэж бодож байв уу?

-Үгүй шүү. Анагаах ухааны их сургуульд сурна гэж боддог байснаас инженер болно гэж зүүдэлж ч байсангүй. Гэхдээ яах вэ Европын гуравдагч оронд суралцах эрхтэй болсон болохоор татгалзаж чадаагүй юм. Тухайн үед элсэлтийн шалгалтад ороод хоёрдугаар байранд жагсаж байсан шүү.

-Тухайн үед гадаадад сурч байгаа оюутнуудыг төрийн зардлаар сургадаг байсан. Таныг оюутан байхад хамгийн бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

-Хүний амьдрал бэрхшээлгүй байна гэж юу байх вэ. Хэдийгээр улсын зардлаар сурч байгаа ч гэсэн хоол унд, хувцас гээд мөнгө их л хэрэгтэй болдог байсан даа. Мөн хилийн дээс алхаж үзэх нь битгий хэл нутгаасаа гарч үзээгүй балчирхан амьтанд гэрээ санана гэдэг хамгийн хэцүү асуудал байсан. Гэхдээ хоёр улсын хэлэлцээрээр сурч байгаагийн хувьд оюутны тэтгэлэг гээд бүх л арга хэмжээнд хамрагддаг байв. Үүнийхээ хэрээр хариуцлага өндөртэй, улсынхаа нэр төрийг өргөх ёстой гээд их л хичээж суралцдаг байлаа.

-Тухайн үеийн Чехословак улсын боловсролын чанар сайн байсан шүү.

-Тийм ээ. Тус улсын боловсролын сургалт явуулж байгаа арга барил, сургах технологиор дэлхийд дээгүүрт тооцогддог байсан. Өөрөөр хэлбэл, боловсролын түвшингээрээ дэлхийн улс орноос 20-д жагсаж байсан санагдана.

-Та их сургуулиа ямар дүнтэй төгссөн вэ?

-Хичээлээ сайн хийдэг оюутан байлаа. Тийм ч учраас онц дүнтэй төгсөж байсан.

-Барилгын инженер мэргэжилтэй хүн улс төрд хөл тавьсан нь сонирхолтой савагдаж байна л даа?

-Их сургуульд багшилж байхдаа Чех улсад эрдмийн зэрэг хамгаалсан. Дараа нь 1990 оны эхээр Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөн олон намын тогтолцоотой болсныг би хувьдаа дэмжиж байсан. Тэр үед би эвлэлийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. Тэгээд ч тодорхой хэмжээгээр аймгийнхаа МАХН-тай хамтран ажилладаг байсны хувьд энэ намд элссэн. Ингэж яваад л улс төрд хөл тавьчихсан юм даа.

-Танай аймаг зохиолч, дуучин хүмүүсээрээ алдартай. Таны удам судар гэвэл?

-Би жирийн л нэгэн малчин айлын хүү. Бид эхээс 11-үүлээ. Миний хувьд, зохиол яруу найраг оролдож байсангүй. Харин дүү маань яруу найрагч, зохиолч хүн бий.

-Та ер нь хэр шүтлэгтэй хүн бэ?

-Өвөг эцэг маань шарын шашнаа шүтдэг байсан. Миний хувьд, өдөр бүр гандан хийдээр гүйгээд байдаггүй ч цагаан сарын шинийн 1-нд гандан хийдээр орж, ирэх жилийнхээ өнгийг асуудаг. Тэгээд хаврын эхэн сарын 15-нд багтааж, засал номоо уншуулдаг.Түүнээс тийм ч их шүтлэгтэй хүн биш байх аа. Монголчуудынхаа эрт дээр үеэс шүтэж, дээдэлж ирсэн бурхандаа хааяа залбирч л суудаг юм.

-Аливаа хүв бурхнаас заяасан төөрөг тавилангаараа амьдардаг гэдэгтэй санал нийлэх үү. Ер нь аливаа хүнэхээс анх мэндлэхдээ ийм, тийм ажил мэргэжилтэй хүн болно гэж төрдөггүй шүү дээ. Хүн бүр л сайхан амьдрах хүсэлтэй ч санаснаар болдоггүй...

-Тийм шүү. Энэ философитой санал нийлнэ. Ер нь судар номонд ч гардаг шүү дээ. Бурхан багш хүнийг ертөнц рүү илгээхдээ заавал өөрийн гэсэн үүрэг, зорилготой явуулдаг гэж. Тэгэхээр тухайн хүн бурхны захиасыг биелүүлж чадахгүй болохоороо төөрөгдөлд орж, амьдрал нь бүтэлгүйтдэг гэдэг. Тийм учраас л хүн заяа, тавиландаа дасахаас яах вэ гэж ярьдаг байх.Тэр ч утгаараа "Ус хэдий урсдаг ч сав гольдролоо дагах юм. Учрал хэдий баян ч хувь тавилангаа дагах юм" гэж нэрт яруу найрагч маань уулга алдсан юм болов уу.

-Эр хүнийг найранд гурван дуу, наадамд гурван даваатай гэдэг дээ. Таны хувьд?

-Дундговийнхон бултаараа шахуу уртын дууч ард түмэн. Гэхдээ надаас бусад нь шүү дээ. Уг нь дуунд дуртай. Даанч хүмүүсийн хэлдгээр солгой хоолойтой. Харин Равжаа хутагтын нутгийн хүү юм болохоор зохиол, найраглал сонирхоно. Гэхдээ ямар ч байсан найранд хүмүүсийг дагаж дуулаад өөрийгөө шараа болгохгүй аваад гарчихна. Харин наадамд ямар юмных нь даваа байх вэ.

-Аавын маань миний зүүн чихэнд өгсөн алдар нэр цаанаа учир жанцантай гэж ярьдаг. Таны нэрийн утга юу вэ, төвд үг үү?

-Хүмүүс надаас говьд Батсуурь нэртэй хүн олон бий юу гэж асуугаад байдаг юм. Яагаад гэхээр Дорноговийн хоёр гишүүн хоёулаа ийм нэртэй.Уг нь ийм нэртэй хүн манай нутагт ховор л доо. Яагаад ч юм энэ удаа сонгогдсон хоёр гишүүн адилхан нэртэй нь тохиолдол юм болов уу. Харин миний нэрийг аав маань өгсөн гэдэг. Манай томчуудын нэрэнд бултаараа шахуу Бат гэж орсон болохоор Батыг нь дагуулаад ийм нэр өгсөн байх. Манайх долоон хүүтэй айл. Бүгд Баттай шүү.

-Төрийн түшээг өсгөж, хүмүүжүүлсэн хоёр буурлынхаа талаар хуучлаач?

-Аав, ээж маань жирийн малчны үр удам. Аав маань бурхан болоод 10 гаруй жил болж байна даа. Харин ээж минь нутагтаа малаа хариулаад одоо хүртэл явж байгаа. Хэн бүхний аав, ээж ямар ч зан араншинтай байсан үр хүүхдэдээ хамгийн сайн хүн юм шиг л санагддаг шүү дээ. Миний хоёр буурал хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, сайн хүн болгож өсгөсөн ачтан.

-Ээждээ очиж cap шинээ гаргах уу. Энэ жил нутаг явахуу?

-Тэгэлгүй яах вэ. Ер нь нутгаасаа гараад сурч, ажиллаж байгаа ч жил бүрийн цагаан сараар ээждээ очиж цагаалдаг. Очихгүй бол ижий минь нүдээ ширгэтэл зам ширтэх байлгүй. Ямар ч ажилтай байсан яаж ийгээд л очно доо.

-Миний бодлоор улстөрч хүнолонургалч үзлийг биедээ шингээсэн байх ёстой юм болов уу гэж боддог. Та өөрийгөө ямархуу ааш араншинтай хүнгэж боддог вэ. Бас баяр, гунигаа хэрхэн тайлдаг вэ?

-Ямар ч байсан архи ууж бухимдлаа тайлдаггүй. Би хатуу хүн. Аливаа ажлыг хариуцлагатай, шуурхай амжуулахыг хичээдэг. Бас шаггүй ааш муутай хүн шүү. (инээв) Миний баримтлахыг хичээдэг зарчим бол цаг барих. Тийм ч учраас чамтай 14,30 цагт уулзахаар тохирчхоод яг цагтаа сууж байна.

-Таны амьдралын философи юу вэ?

-Өөрийнхөө эрчхүч, энергийг зөв ашиглах ёстой гэсэн бодолтой явдаг. Хамгийн гол нь санаа зөв бол заяа зөв гэдэг үгийг хатуу баримталдаг. Мөн энэ насныхаа ганц олдох амьдралаа улс эх орон, ард түмнийхээ төлөөнэгэнт зориулсан болохоор халуун ам бүлийн минь хувь заяа өөдрөгбайна гэдэгт итгэл төгс байдаг.

-Таны хэлэх дуртай үгээр яриагаа өндөрлөх үү?

-"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж сайхан үг бий. Тийм учраас хувь хүн хичээжявбал бүх юм сайн сайхан болно.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.