Эх орон ч гишүүдийг нэрлэлээ
Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг. Харамсалтай нь энэ үг өдгөө
ямар ч үнэ цэнэгүй болсон гэхэд хилсдэхгүй. Энэ парламент буян ч хийсэн, нүгэл ч үйлдсэн.
Хоёр толгойг эргэлтэд оруулах эхний алхмуудыг хийсэн гавьяаг нь хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ яаран сандран үзэглэсэн гэрээ Монгол Улсад ашигтай эсэх талаар асуудал хөвөрнө.Бүр Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болсон. Цаашлаад гэрээг үзэглэсэн гурван сайд улсаа худалдсан талаар ангийн нөхөд нь баримт дэлгэх болсон билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Монголоо худалдсан хэрэг мөн биз дээ", Д.Ганхуяг "Ийм ашигтай бизнес Монгол Улсад байхгүй" гэхчлэн Оюутолгойн.гэрээ ямар болсон, өнөөдөр Монгол Улсын эрх ашгийг хэрхэн уландаа гишгэж байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн ярилцлага. манай сонинд нийтлэгдэж байсныг санаж буй байх. Мөн энэхүү хууль бус үйлдлийг парламентад цээжээрээ хамгаалдаг хэсэг бүлэглэл байдаг талаар дуугарах боллоо.
Нийгэм, хууль эрх зүйн асуудлаас илүү улс орны эрх ашиг, аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар шорооны төлөө шулуун шударгаар хэлчихдэг, өөрийн байр сууриа хамгаалан тэмцдэг гишүүн 76 дотор хуруу дарам цөөн. Тэр дундаа хоёр нам нэг хөнжилд шургалж байгаад шийдвэрлэчихсэн асуудлаар дуугарах хүн бүр ч ховор.
Хэвлэлийн хүрээлэн, "Зууны мэдээ" сонины хамтран "Эх оронч гишүүний эрэлд гарчээ. Ингэхдээ Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой асуудлаар гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлсэнд мониторинг хийжээ. Ингэхдээ Оюутолгойн гэрээг тойрсон асуудалд анхаарлаа хандуулсан байна. Гэрээг УИХ-аар батлахыг эсэргүүцэж, улс төр бизнесээс ангид үзэл бодлоо илэрхийлж,үндэсний эрх ашигт үнэнч үлдсэн10 орчим гишүүн л тухайн үед цөөнх болсон аж. Гэхдээ тэд муу болсон гэрээг дуугүй хараад суусангүй.Засаж сайжруулахын тулд үзэл бодлоо илэрхийлж,засаж болох хувилбаруудыг дэлгэв.Тиймээс УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ш.Сайхансамбуу, С.Эрдэнэ нарыг "Эх оронч гишүүн"-ээр өргөмжилж, өргөмжлөл олголоо.
Гэхдээ дээрх эрхмүүд үнэхээр эх орончид мөн үү? Энэхүү асуултыг тэдэнд тавьсан юм.
Ц.Даваасүрэн:
Би үндсэн хуулиар олгогдсон ард түмнийхээ төлөөлөл гэсэн үүргээ биелүүлж байна л гэж ойлгож байгаа. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байна гэж заасан учраас ард түмнийхээ түлхүү бодож байгаа бодлыг илэрхийлэх ёстой.Тэр агуулгаараа Оюутолгойн гэрээний асуудал дээр намайг сонгосон сонгогчдынхоо байр суурийг баримталсан. Түүнийг минь үнэлж энэ шагналыг олгосонд талархаж байна. Монгол хүн бүр өнөөдөр газар шорооныхоо төлөө, төр нь баялгаа иргэн бүртээ тэгш хүртээх чиглэл рүү ажиллах ёстой.Энэ баялгийн дараа 1,2 хүн баян болох биш. Нийтээр баян чинээлэг болох эрх зүйн зохицуулалтыг бий болгохын төлөө энэ бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэх болно. Тэгэхгүй бол дэлхийн бусад орны жишгийг харахад өнөөгийн энэ байдлаар явбал хоосон хоцорсон улс орнууд байна. Түүнчлэн зөв ашиглаад нийтээр баян чинээлэг болчихсон орон ч байна.Тэгэхээр сайн туршлагаас суралцаад, сайн жишгийн дагуу баялгийг ард түмэндээ хүртээж, амьдралыг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно.
Д.Ганхуяг:
Монгол Улсын иргэн бүр эх оронч байх ёстой болов уу гэж боддог. Газар шороо, эх орон, ард түмнийхээ эрх ашигт, УИХ-ын гишүүд эх орныхоо эрх ашгийн төлөө тангараг өргөдөг. Сонгогчдынхоо эрх ашгийг бас дээдлэх ёстой. Гэхдээ хий улс төр хийх биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй асуудалд хандах нь чухал. Би ийм байр сууринаас асуудалд хандаж ирсэн. Иймдээ ч Засгийн газар өнөөдрийн байдлаар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн байр суурьтай болсон байгаа. Үүнд хэдхэн улстөрчийн хөдөлмөр биш, хэвлэл мэдээллийнхний хүч ч их нэмэр болсон байх. Аливаа юмыг зөв эхлэх нь хамгийн чухал. Үүний дараа олон стратегийн ордууд байгаа. Оюутолгойн гэрээг сайжруулж, зөв зам руу нь оруулна гэдэг чухал.
Н.Ганбямба:
Би Ганбямбын байр суурь гэхээсээ илүү ард түмнийгээ төлөөлж байр сууриа илэрхийлсэн юм. Би тэдний байр суурийг хатуу баримтлах учиртай. Өнөөгийн Ашигт малтмалын тухай хууль бол лицензийн л хууль. Энэ бол Өмчийн харилцаанаас эхлээд учир дутагдал ихтэй хууль. Ийм хуулийн хүрээнд том том асуудлыг шийдвэрлэхэд хэцүү. Тийм учраас энэ хуулийг өөрчлөхийн төлөө санаа нэгдсэн гишүүдтэйгээ хамтарч ажиллана гэж бодож байна.