Ц.Баярсайхан: Сүүлийн таван жил цагаан сараар нэг л дээл өмссөн
Өмнөговьаймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй энэ эрхэм хэвлэлийнхний хувьд"хаалттай" гэмээр хүн. Түүний дотоод ертөнц рүү бага боловч шагайх гэж үзлээ.
-Та Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн юм байна. Монгол орноо тойроод дуусгасан уу?
-1997 онд Монголын аялал жуулчлалын хоёр холбоо нэгдэхдээ намайг ерөнхийлөгчөөрөө сонгосноос хойш дөрөв дэх удаагаа улираад байна. Саяхан Парламентын 20 жилийн ойгоор төрөөс шагнал авахад манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүд одоо энд өлгөөтэй байгаа ховор гэрэл зургуудыг бэлэглэсэн юм. Өмнөговь аймгийн Баянзагаас хамгийн анх динозаврын яс олдож байсан түүхтэй. Тэр үеийн болоод Гурвантэс сумын Нэмэгт уулын орчмын малталтын үеийн ховор гэрэл зургууд байна. Манай аймагт хувийн аялал жуулчлалын салбар түлхүү хөгжсөн учраас энэ салбарыг ойлгож, дэмждэг гээд намайг сонгосон болов уу. Өнгөрсөн хугацаанд Аялал жуулчлалын тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан. Би аялах дуртай ч Ховд, Увс, Баян-Өлгий аймагт очиж амжаагүй байна. Монголчууд дэлхийн гайхамшгуудыг үзэхээр харийг зорьдог ч дотооддоо үзэж хараагүй олон сайхан зүйл байдаг. Манай холбоо гаднын жуулчдыг татахын тулд Баян-Өлгийн бүргэдийн баяр, Өмнөговийн тэмээний, Архангайн сарлагийн, Гандан тэгчлэн хийдэд болдог цамын, наадмын дараа "Дээлтэй монгол" гэх олон баяр, арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг болсон.
-Баян-Өлгийд очоогүй гэсэн юмчинь бүргэдийн баяр үзээгүй байхнь ээ?
-Манай холбооны удирдлагууд ээлжилж очиж ажилладаг л даа. Би удахгүй очиж үзнэ ээ.
-Аяллаас өөр юу сонирхдог вэ?
-Сургуульд байхаасаа л ном унших дуртай байсан. Тиймээс шинэ гарсан ном унших дуртай. Цаг зав муутай учир олон зүйлд өөрийгөө зориулах боломж хомс юм. Ан сонирхдог байсан, сүүлийн хоёр жил больсон. Одоо буу гэхээсээ байгалийн, аж амьдралын гэрэл зураг авах болсон. Өөрийн гэрэл зургийн цомогтой болохыг хүсдэг. Сүүлийн үед хүн бүр л гэрэл зураг сонирхох болж. Би гэр бүлийнхээ хүрээнд л зураг авч байна, зарим нэг хөгжим тоглох гэж оролддог.
-Ямар хөгжим тоглодог юм бэ?
-Манай говийн ихэнх айл морин хууртай. Намайг бага байхад Зүүн сайхан ууланд Намсрай гэдэг хүн байлаа. Түүнийг гэрт нь ирэхэд хүмүүс их хүндэтгэн зочилдог, Намсрай гуай айлд очихоороо хуур тоглоно. Тухайн үед сонссон говийн "Доголон жонон" гэдэг ая сэтгэлд одоо хүртэл эгшиглэдэг юм. Манай Өмнөговь морин хуурын олон мастертай. Ер нь монгол хүн бүр тоглож сурах ёстой хөгжим учир сүүлийн үед морин хуур тоглож сурч байна.
-Гишүүд эрүүл мэнд, гоо сайхандаа нэлээд анхаардаг юм билээ. Хөдөлгөөнтэй байхын тулд ямар арга хэмжээ авч байна даа?
-Залуудаа caгс, гap бөмбөгөөр хичээллэдэг байсан. Одоо суугаа ажил хийж буй болохоор жин нэлээд нэмж байна. Жингээ зохист түвшинд барих хэрэгтэй боллоо. Хөшиж үхэхээс хөдөлж үхдэггүй гэдэг үг бий. Долоо хоногтоо 2-3 цаг фитнес клубт хичээллэдэг. Хөдөлгөөн хийгээд ирэхээр жин хасагдаад, бие хөнгөрдөг юм байна. Бидний насныхан өвчин хэлчих гээд байдаг болж. Хөдөлгөөнөөр биеэ эмчлэх, эрүүлжих шаардлагатайг ойлгоод байгаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Өвөө болж амжсан уу?
-Дөрвөн хүүхэдтэй. Нэг зээ хүүтэй. Завтай үедээ гэрийн ажилд оролцдог, "гайгүй" гэсэн үнэлгээ авна шүү. Ма-най говийнхон борцтой, будаатай цай чанадаг. Тиймээс цай гайгүй чаначихна. Давс, сүү ихтэй, аагтай цайнд дуртай. Манай аймгийн зүүн талынхан давс бага, баруун тийш ихтэй цай уудаг. Би эмэг ээж дээрээ аагтай цай ууж өссөн хүүхэд. Гэхдээ сүүлийн үед эхнэр маань давс бага хэрэглэ гээд байгаа.
-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж үздэг вэ. Хэвлэлийнхэн танаас ярилцлага авахаас жийрхдэг юм билээ?
-Би дуугарах зүйл дээрээ яриад,хэрэггүй зүйл дээр бусдынхаа яриаг сонсоод явдаг. Нутгийнхны, аж ахуйн нэгжийнхний саналыг сонсоод шаардлагатай бол төсөл санаачилна. Түүнээс олон нийтэд таалагдах гээд телевизийн камер хараад гүйдэггүй. Тийм хүмүүжил ч байхгүй. Гэхдээ хуулийн ерөнхий үзэл баримтлалыг уншаад, хүн асуухад хэлэх үгтэй байхыг боддог.
-Гишүүд камер хараад шоудаад байна гээд Дэгийн тухай хуульд Байнгын хороог хаах заалт оруулж үзлээ. Та харин тийм биш, нэг ёсондоо баггүй хүн үү?
-Телевизийн дуран байна уу, үгүй юү гэдгийг харж ярьдаггүй ээ. Хэлэх үгээ бол хаана ч хэлнэ.
-Удахгүй cap шинийн баяр болох нь. Энэ баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ. Ямар дээлээр гоёхоор төлөвлөж байна?
-Эхнэрийн маань ээж өндөр настан, энд байдаг. Тиймээс хамгийн түрүүнд очиж золгоно. Миний ээж нутагтаа байгаа. Ах дүү нартайгаа золгоно. Хүмүүс зочилж ирдэг юм. Тэдэнтэйгээ баярлана. Дээлийн тухайд нэг их чамирхаж гангарах юмгүй. Бодоод байсан чинь сүүлийн таван жил цагаан сараар нэг л дээл өмсжээ. Тийм болохоор энэ жил шинэ дээл хийлгэхээр төлөвлөж байгаа. Хүйтэн байвал олон жил өмсөж байгаа хурган дотортой дээл минь бий. Ер нь үндэсний хувцсаа өмсөж золгохыг боддог.
-Танайх энэ жил хэдэн бууз хийх вэ. Танд ер нь энэ тухай мэдээлэл байгаа юу?
-Бууз хийхэд ямар ч байсан гар бие оролцдог юм. Хоёр мянга орчим бууз хийдэг. Энэ жилийнхээ буузыг амралтын өдрөөрөө л хийнэ дээ. "Өнөөдөр" сонин хамт олон, нийт ард түмэндээ cap шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье. Гарч байгаа туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөе.