Бензины үнэ өссөнд хариуцлага тооцох биш, цаашид хэрхэхээ ярих хэрэгтэй
2012.02.08

Бензины үнэ өссөнд хариуцлага тооцох биш, цаашид хэрхэхээ ярих хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2012.02.07/ хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй.


Үүний дараа “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа. Гэвч энэ асуудлыг АН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлтэд хүрээгүй байгаа учир хэлэлцэхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүн Б.Батбаяр гаргасныг Байнгын хороо хүлээн авлаа. Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох мөн хуралдаанаар сонсох байсан ч энэ удаад мөн хойшиллоо. Мэргэжлийн байгууллагынхнуудыг оролцуулсан ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргасан ч ажлын хэсэгт багтсан МАН-ын бүлгийн гишүүд саналаа нэгтгэн гарын үсгээ зураагүй байгаа учир энэ удаад хэлэлцэх боломжгүй боллоо хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.

Тэрбээр, ам.долларын үнэ өссөн нь үнэн, шатахууны үнэ өссөн нь үнэн. Үүнээс болоод өрхийн амжиргааны зардал 20 хувь нэмэгдчихээд байгаа нь бас үнэн. Бид хариуцлага тооцох биш, цаашид авах арга хэмжээний тухай ярилцах нь гол асуудал. Ийм үнийн хөөрөгдлийн дахин гаргуулахгүй байх шаардлагатай байна хэмээн хэлсэн. Ямартай ч ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг ажлын хэсэгт багтсан бүх гишүүдэд хүргүүлээд байгаагаа тэрбээр дуулгасан юм.

open-parliament.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.