Чуулганы завсарлагаар байнгын хороо хуралджээ
2012.03.15

Чуулганы завсарлагаар байнгын хороо хуралджээ

Хэдийгээр УИХ-ын чуулган завсарлаж гишүүдийн ихэнх нь тойрогтоо ажиллаж байгаа ч Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдсан байна. Байнгын хорооны дарга Д.Балдан-Очирын хэлснээр хөдөө ажиллаж байсан гишүүдээ дуудан авчирч Байгаль орчны багц хуулийн төслийг хэлэлцэж ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Гансүхийг томилсон байна. Гурван жил гаруй Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг толгойлсон түүнийг байгаль, экологи хамгаалах чиглэлээр арвин туршлагатай гэж үзэж ажлын хэсэг ахлуулахаар болсон аж. Ажлын хэсгийн дэд даргаар гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах юм байна.

Байгаль орчны багц хууль нь 15 хуулиас бүрдэж байгаа бөгөөд байгаль орчин, экологийн асуудал үүссэн хойно араас нь дагаж хохирлыг нөхөх бус, урьдчилан харж, сэрэмжилж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чигэлтэй юм байна. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглахдаа шинжлэх ухаанчаар хандах, УМХЕГ-тай хамтран ажиллах, цэвэр усны хэрэглээ, нөөцөд анхаарах, байгаль орчны нөхөн төлбөрийг зохицуулах зэрэг асуудлыг багц хуулийн төсөлд тусгажээ.

Багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ийнхүү бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.