Байнгын хороодын дарга нар солигдоно
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын Байнгын хороодын дарга нарын томилгоог хэлэлцэх төлөвтэй байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ярилцан шийдвэрлэсэн гэсэн мэдээтэй байгаа юм.
Байнгын хороодын дарга нарт шинээр нэр дэвшүүлсэн гишүүдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ удаа санал болгосон гэж яригдаж байна. Д.Дэмбэрэл дарга, байнгын хороодын дарга нарт ажлын туршлага, мэдлэг, нэр хүнд гэхчлэн ноён нурууг нь харж хүмүүсийг томилох нь зөв хэмээн үзсэн бололтой.
АН Засгийн газраас гарснаар, шинэ сайдуудын томилгоо болон дэд сайд нарын асуудлаас болж гадуур нэлээд хэл яриа гарч, шүүмжлэлд өртөөд амжсан. Үүнийг ч бодолцсон уу, ямартаа ч УИХ-ын дарга аль нэг бүлэглэл, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд нэр нь тэр бүр холбогдоод байдаггүй гишүүдийг Байнгын хорооны дарга нарт санал болгосон сураг дуулдана.
Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Буд, Төсвийн байнгын хорооны даргаар О.Чулуунбат, БОХХАА-н байнгын хорооны даргаар Д.Балдан-Очир, АБГБ-ын байнгын хорооны даргаар Э.Мөнх-Очир, НББСШУ-ны байнгын хорооны даргаар А.Телейхан нар томилогдох сурагтай. Харин Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарыг энэ удаад солихгүй байхаар шийджээ. Гэхдээ энд дурдагдсан хүмүүстэй хамт нэр дэвшин өрсөлдсөн хүмүүс бас байгаа, тухайлбал Б.Чойжилсүрэн, Д.Дамба-Очир, Х.Баделхан, Ж.Батсуурь, Д.Очирбат нарын гишүүд байнгын хороодын дарга нарт нэр дэвшсэн ч бүлэг дээрээ олонхийн санал авч чадаагүй байна.