УИХ-ын дэд дарга Н.Энхболд
2012.03.13
Н.Энхболд: Төслүүдийн аль алинд боломжтой заалт бий
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Иймд бид Орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбогдуулан УИХ-ын дэд дарга Н.Энхболдоос дараах тодруулгыг хийлээ. Ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах төлөвлөгтөөтэй байсан ч хоёр намын бүлэг ойлголцолд хүрч чадалгүй хойш тавьсан юм.
-УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль яг ямар байдлаар зохион байгуулагдах гээд байна вэ гэдгийг олон нийт хамгийн их сонирхож байна. Хойшлуулсан гэдгээс өөр тоймтой хариулт өгч чадахгүй болчихлоо. Та бүхэн ямар ойлголттой байна вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч бүлэг дээрээ ярилцаж байгаад хойшлуулсан. Хувийн байр сууриа илэрхийлэхэд, ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхлэхэд дахиж ярилцах хэрэгтэй гэж бодож байгаа. Хуулийг хэлэлцэх асуудлыг хойшлуулснаараа энэ хуулийг хэрэгжүүлэхэд үүсч болох хүндрэлтэй нөхцөл байдлууд арилсан гэж үзэхгүй байгаа. Хоёр сонгууль давхар явахад зохион байгуулалтын болоод бусад асуудлууд бий. Үүнийг аль аль талдаа ойлголцоод чуулганы эхэнд дахин ярих бололцоо гарах байх.
-Одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд бол Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулах ёстой. Энэ хүрээндээ хийчихээр юу нь болохгүй байгаа юм бэ?
-Тийм ээ, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хоёр сонгууль хамтарч явахаар байгаа. Тэгэхдээ хуулийнх нь үг үсгийг хөөгөөд үзвэл төвөгтэй зүйлүүд бий. Заавал өөрчилж батлахаас аргагүй. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр гээд заачихсан. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийн хүрээнд санал хураалтыг ням гаригт авна гээд заачихсан. Үүнийг өөрчлөхөөс эхлээд заавал ямар нэг байдлаар хөндөх асуудал гарч ирж байгаа. Түүнээс гадна 2008 онд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон цагаас хойш нөхцөл байдал нэлээд өөрчлөгдлөө. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуульд олон шинэ зохицуулалт орсон. Зохион байгуулалтын хувьд ч тэр, тавьж байгаа нөхцөл шаардлагын хувьд ч тэр. Энэн дотроос маргаангүйгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулчихмаар олон заалт бий. Хоёр бүлгийн төвшинд ч гишүүд санал ч нэгдэж байгаа. Жишээ нь мөнгө хөрөнгөнөөс хойл байлгах, машинаар тоолох, үр дүнг маргаангүй хүлээж авах, зохион байгуулалтыг нь нарийн боловсронгуй болгох, машинаар тоолох, үр дүнг маргаангүй хүлээж авах гэх мэт.-Эдгээр хэрэгтэй заалтуудыг нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульдаа тусгаад хоёр сонгуулиа зэрэг зохион байгуулчихаж болдоггүй юм уу, тэгвэл?
-Орон нутгийн сонгуулийн тухай хоёр хуулийн төсөл өргөн барьсан, хоёр бүлгээс тус тусдаа. Тэр төслүүдээс аль алийг нь авах боломжтой олон заалт бий. Ганц асуудал нь сонгууль явуулах хугацаа юм. Таны асууснаар нэг өдөр явуулна гэхээр их олон төвөгтэй зүйлүүд гарна. Эцсийн дүнд сонгуулийн ажил хүндрэх, будлиантах, олон газар маргаан гарвал яах вэ гэдгээс эхлээд бодмоор зүйл их бий. Сая зөвшилцөх явцад аль аль талаасаа ойлголцсон уг нь энэ асуудлын хүрээнд. Гэхдээ эцсийн дүнд хойш тавьчихсан болохоос биш. Ямар ч байсан дахиж авч хэлэлцэх шаардлагатай.-Уг нь хоёр бүлгээс тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан Ойлголцолд хүрлээ гээд байсан. Эцсийн мөчид ойлголцож чадалгүй ээлжит бусыг завсарлуулсан. Тэгэхээр хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг дахин хэлэлцэх явцад мөн л ойлголцож чадахгүй байсаар сонгууль хийх цаг тулах юм биш байгаа даа. Танай бүлгийн хувьд яг яагаад сонгуулийг зэрэг явуулах бололцоогүй байна гэж үзээд байгаа юм бэ?
-Хоёр бүлгийн төвшинд орон нутгийн сонгуулийг намар хийхээр болох юм бол наана нь хийж амжуулах олон ажил бий гэдгийг сая зөвшилцлийн үед ярьсан. Ер нь орон нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгохоор олон жил ярьж байгаа. Сүүлийн үед УИХ-ын нэлээн олон гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн зарим зүйл заалтуудыг нэг мөр шийдье. Үүний тулд Үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлсан журмаар явуулдаг. Тэр нь бас хуулиар батлагдсан. Бас амар процедуртай биш. Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулъя. Ингээд намар тэр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөө ч тэр, бусад хуульд оруулах өөрчлөлтөө ч оруулж ирж байгаад орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгож аваад тэрэндээ тохирсон сонгуулиа явуулбал яасан юм бэ гэсэн саналыг МАН-ын бүлгээс гаргасан. Ардчилсан намын бүлэг байж болох санал гэж үзсэн байна билээ. Уг нь ингэж шийдвэл зөвхөн хоёр сонгуулийг хамт явуулах асуудлыг биш, нэлээн хэдэн жил яригдаж байгаа зарим зүйлүүдийг боловсронгуй болгоод авах бололцоо бүрдэх юм.-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс танайд яг ямар хариу өгсөн юм бэ, “Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Засгийн газар орон нутгийн сонгуулийг зохион байгуулах ажлынхаа бэлтгэлийг хангах ёстой” гэсэн зүйлийг тус бүлгийн дарга ээлжит бус чуулган хаагдахын өмнө хэлээд байсан?
-Манай намын бүлгээс санал болгосон саналыг ерөнхийд нь Ардчилсан намын бүлэг зөвшөөрлөө гэж ойлгож байгаа. Ардчилсан намын бүлгээс зөвхөн удирдлагын хүрээнд шийдэхэд бэрх байна. Орон нутгаас санал авах хэрэгтэй байна гэсэн. Бидний ойлгосноор орон нутаг дахь намын төлөөлөл, удирдлагууд хамт явуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм билээ. Тэгээд бүлэг дээрээ дахиж очоод чухам ямар учир шалтгааны улмаас хамт явуулах гэж шийдсэнийг бид мэдэхгүй. Ажлын хэсэг дээр зөвшилцөхдөө хамт явуулах нь нэлээн төвөгтэй гэдгийг нэлээн сайн ойлголцсон. Би үүнийг нэгмөсөн хойшлууллаа гэж бодохгүй байна. Хаврын чуулганы эхэнд заавал ярих ёстой. Зохион байгуулалттай холбоотой үнэхээр олон бэрхшээл алхам тутамд тулна. Олон хүний нэрээр, намын нэрээр санал хураахаас эхлээд ойлгохыг хүсвэл төвөгтэй зүйл олон бий. Зохион байгуулалтын төвөгтэй зүйлүүдээс болоод санал хураалтын дүнд нь нөлөөлөхүйц асуудал олон газар зэрэг гараад ирвэл их төвөгтэй байдал үүснэ. Тухайлбал, Орон нутгийн сонгуулиар маргаан гарсан байхад УИХ-ын сонгуулийнхыг хүчинтэй гэж үзэх үү, яаж ялгаж салгаж үзэх вэ гэхээс эхлээд олон зүйл бий. Онолын хувьд ярихад их амархан л даа. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооныхон ч “Төвөгтэй зүйл бий” гэж хэлж байгаа. Гарч болзошгүй маргаанаас зайслхийхийн тулд салгаж явуулах нь зүйтэй гэж бид үзсэн. Өдий болтол гишүүдийн яриад байгаа Орон нутгийн сонгуулийг яаж боловсронгуй болгох вэ, орон нутгийн удирдах байгууллагын эрх үүргийг яаж боловсронгуй болгох вэ зэрэг асуудал бий. Гишүүдийн ярьж байгаа асуудал одоо болтол УИХ дээр яригдаж, иргэдэд эрхийг нь нэмэгдүүлэх асуудлыг шийдье гэсэн зүйл яригдаад байгаа юм. Тэгэхээр хугацаагаа тохирч чаддагүй юмаа гэхэд Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах олон дэвшиллтэй өөрчлөлтүүдээ оруулах хэрэгтэй гэж бодож байна. Ярихгүй бол энэ орохгүй үлдчих гээд байгаа юм. Энэ талаар бид ажиллана. Дээр нь сая гарсан хуулиар гэхэд орон нутгийн сонгуульд оролцье гэж бодож байгаа хүн ч гэсэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажил төрлөө зохицуулсан байх ёстой. Гэтэл сонгуульд оролцьё гэсэн олон хүн хууль яах бол гэж хүлээсээр байгаад хоцорсон хүмүүс байна. Намаас нь ч дэвшүүлье, өөрөө ч дэвшье гэж байсан нэлээд олон хүн сонгуульд оролцох боломжгүй болох юм.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.