Б.Бат-Эрдэнэ: Ард түмний эрх ашгийн төлөө зогсоогүй хүмүүст сонголтоороо хариуцлага тооцлоо
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй Оюутолгой тойрсон асуудал болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал өмнөх парламентаас эхлэн хөндөгдсөн ч дорвитой үр дүн гарсангүй. Магадгүй гэрээг тойрсон улс төр л яваад байгаа юм биш үү?
-Оюутолгойн гэрээ Монгол Улсын талд ашиг багатай хийгдсэнийг засах ядаж аль аль талдаа харилцан ашигтай байх шаардлагыг эхлээд УИХ-ын зургаан гишүүн тавьж байсан бол нэмэгдсээр өнөөдөр 20 гаруй болсон байна. Гэрээг сайжруулах шаардлагатайг ойлгодог хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Тиймээс үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно. Биднийг шоу хийлээ, улстөржлөө гэх мэтээр юу гэж ч хэлж харлуулж байсан эх орныхоо эрх ашгийг хөсөр хаяхгүй гэдэгт итгэлтэй байж болно.
-Саяхан УИХ-ын хэсэг гишүүн уул уурхайн асуудлаар ажиллах Түр хороо байгуулах тогтоолын төслийг боловсруулж УИХ- ын даргад өргөн барьсан. Хэрэв тогтоолын төсөл батлагдвал гэрээг эхнээс нь зүйл заалтаар нь авч үзэх үү. Эсвэл УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх чиглэлээр л ажиллах уу?
-Түр хороо өргөн агуулгаар ажиллана. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэлийн нөлөөгөөр эрдэс баялгийн салбарт ойлгомжгүй, хор холбогдолтой олон асуудлууд бий болсон. Байгаль орчны доройтол, нөхөн сэргээлт огт хийдэггүй гэхчлэн. Мөн Монгол хүн эх орныхоо газар шороон дээр амьдрах орчин хумигдан эрх нь ноцтой зөрчигдөх болсон.
Уул уурхайн үйлдвэрлэл, бодлого төлөвлөлт байхгүй, хамгийн хоцрогдсон техник технилогитой, зөвхөн ашиг хөөсөн үйл ажиллагаанаас болж тэнд ажиллаж байгаа олон мянган уурхайчдын эрх ашиг ч хохирч байна. Ер нь бодлого, төлөвлөлтгүйгээр эрдэс баялгийн салбар, байгалийн нөөц баялагруугаа дайрсан энэ хэдэн жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 10 мянган га газар дахин сэргээх ямар ч боломжгүй болж өнжирсөн тооцоо гарсан, Нөгөө талаас зөвхөн богино хугацааны ашиг хөөх сэтгэлгээний уршигаар эрдэс баялгаа түүхийгээр нь гадаад зах зээлд гаргаж байна. Энэ бүх байдалд дүгнэлт хийх юм.
-Тэгэхээр ганц Оюутолгой гэлтгүй бүх ордын асуудлыг цогцоор нь авч үзнэ гэж ойлгож болох уу?
-Байгаль орчны нөхөн сэргээлт, түүхий эдийн боловсруулах үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой асуудлыг цогцоор нь авч үзье. Зөвхөн Оюутолгой биш эрдэс баялгийн салбарт өмнө нь байгуулагдсан энэ олон гэрээ хэлэлцээрүүдийг авч үзье. Мөн УИХ-аас баталсан хууль тогтоомж шийдвэрүүдийн хэрэгжилтийг ч авч үзье гэсэн. Энэ талаар судалгаа хийж, дүнгээ УИХ-д танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах юм. Энэ талаар УИХ-ын тухай хуулийн хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ ойрын хугацаанд хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.
Мэдээлэл дутмаг гэж хэлж болохгүй
-Та нөхдийн хувьд Оюутолгойн гэрээний талаар мэдээллийн зөрүү их байгаа бололтой. Гэрээг үзэглэсэн Сангийн сайд асан С.Баярцогт өөрөөсөө мэдээлэл авахыг санал болгож байсан шүү дээ. Нөгөөтэйгүүр, дутуу дулимаг ч зүйл бийг хэлж байсан. Тэгэхээр С.Баярцогттой уулзаж, мэдээллээ харилцан солилцож ярилцсан зүйл бий юу?
-Мэдээллийн тухай асуудлын хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д анх өргөн барьсан цагаас нь бид байр сууриа илэрхийлж байсан, УИХ-ын гишүүд. Хоёрдугаарт, халз мэтгэлцээн хийх гэж буй С.Ганбаатар гишүүнийг хэлж байх шиг байна лээ. С.Ганбаатар гишүүн мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл анх яригдахаас эхлэн байр сууриа илэрхийлж байсан хүн.
Мөн иргэний хөдөлгөөнд жагсаж, өлсөж, тэмцэж байсан хүмүүс учраас С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт болон бусад хүнийг энэ талаар мэдээлэл дутмаг гэж хэлж болохгүй байх. Мэдээллийг аль талаас нь харж байгаагаас хамаарч зөрүү байж магадгүй. Бид эх орныхоо язгуур эрх ашиг, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө асуудлыг харж байгаа. Бидэнд тэр талаасаа мэдээлэл бий.
Магадгүй гэрээг үзэглэсэн эрхмүүдийн хувьд гадаадын хөрөнгө оруулагч талаасаа мэдээлэл байж мэднэ. Өөрөөр хэлбэл, гадаадын бэлдэж өгсөн гэрээг шууд хуулбарлаж, орчуулсан тэр талаасаа мэдээлэл илүү байж магадгүй. Мэдээллийн зөрүүд ийм л зүйл бий. Түүнээс биш өөр зүйл байхгүй. Тухайлбал, УИХ- ын 57 дугаар тогтоолоор тодорхой үүрэг чиглэл өгч, эрх зүйн орчныг бүрдүүлэх байдлаар Монголын талын эзэмших хувь хэмжээг өсгөх тухай заалт тусгасан.
Тэгэхээр Монгол орныхоо эрх ашигт нийцсэн эрх зүйн өөрчлөлтийг оруулах, орчныг сайжруулах нөхцлийг бүрдүүлэх ийм л үүрэг чиглэл. Харамсалтай нь, тухайн үеийн асуудал хариуцсан сайдууд эх орынхоо эрх ашигт нийцсэн нэг ч хууль эрх зүйн өөрчлөлт хийгээгүй. Харин ч эсрэгээрээ гадаадын хөрөнгө оруулагч талд хэт таатай, давуу байдлыг бий болгож, тэдэнд л ашигтай байх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн.
Жишээ нь Усны тухай, Газрын тухай, Татварын тухай гээд олон хуульд өөрчлөлт оруулж өгсөн. Энэ асуудлыг л бид ярьдаг.
-Анхны юм бүхэн алдаатай байдаг хэмээн зөвтгөх нь бий. Харин та бүхний энэхүү үйлдэл гадны хөрөнгө оруулагчдыг үргээж, магадгүй Монголын ирээдүйд тийм ч ашигтай шийдэл биш байж мэдэх юм биш үү. Энэ талаар тооцож үзсэн үү?
-УИХ-ын өгсөн чиглэл, шийдвэр нь дэлхийн бусад орнуудын жишгийг судалж, үндэслэлтэй гаргасан зүйл. Хөрсөнд буух боломжгүй зүйл биш. Дэлхийн бусад оронд ийм том хэмжээний төслийг хэрэгжүүлэхдээ тухайн байгалийн баялгийг эзэмшигч орны хувьд үнэ төлбөргүй эхний ээлжинд хувь эзэмшдэг. Тодруулбал, 15-35 хувь. Мөн үргэлжлүүлээд тодорхой хугацааны дараа хувиа үнэ төлбөргүйгээр эзэмших эрх нь нээлттэй байдаг.
Энэ том төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны болон нийгмийн нөлөөлөх байдлын үнэлгээ талаасаа дэд бүтцийг бүрдүүлэх шаардлагатай. Барьж байгуулсан томоохон дэд бүтцийг хөрөнгө оруулагч талын хөрөнгөөр хийж, тухайн улс орон эхний ээлжинд 50-аас доошгүй хувийг эзэмшиж, цаашилбал тодорхой хугацааны дараа бүрэн өөрийнхөө мэдэлд шилжүүлж авдаг.Байгалийн баялаг эзэмшигч орон тусгай зөвшөөрөл эзэмшүүлж байгаагийн хувьд гэрээ байгуулах үед урьдчилгаа мөнгө авдаг. Урьдчилгаа мөнгийг ямар нэгэн хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр. Бусад улс орнуудын дэлхийн нийтийн жишиг болсон ийм нөхцөлөөр гэрээ хийх чиглэлийг өгсөн. Харамсалтай нь тухайн үеийн Засгийн газар, хариуцсан сайдууд эх орон ард түмнийхээ эрх ашигт биш цаад талдаа ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж өгсөнд гол учир нь байгаа юм.
-Шинэчлэлийн Засгийн газрын танхимын гишүүдтэй уулзаж, ярилцсан уу. Танхимын цөөнгүй гишүүн нь өмнөх парламентад байхдаа Оюутолгойн гэрээг засаж, сайжруулах шаардлагатай хэмээн та нөхдийн хамт шаардах бичиг бариад явж байсан хүмүүс шүү дээ?
-Өнөөдрийн Засгийн газарт энэ асуудлын талаар тууштай явж байсан хүмүүс их бий. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр мөн С.Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд. Өмнөх Засгийн газрыг бодвол энэ талаар нэлээн өргөн ойлголттой тууштай байсан хүмүүс ажиллаж байгаа учраас Монголын ард түмэнд найдлага байна. Мөн УИХ-ын дарга бидэнтэй хамт тууштай байр сууриа илэрхийлж байсан хүний нэг. Түүнчлэн шинээр парламентад орж ирсэн хүмүүс дунд ч үзэл бодол нэгтэй цөөнгүй хүн бий. МАН-ын бүлгийн гишүүд ч дэмжиж байгаа. Бүрэлдэхүүний хувьд нааштай зүйл их бий тул итгэлтэй байгаа.
Гишүүдээ намаасаа хөөж, хасч, намын удирдлагуудаа л өөрчилсөн
-Өргөн бүрэлдэхүүнтэй болсон энэ үед гэрээг гадны талд ашигтайгаа үзэглэсэн тухайн үеийн сайд нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдөх үү?
-Хариуцлагын тухай асуудал хаана, хаанаа байхгүй. Монголд хариуцлага гэгч алга болсон гэж ойлгож болно. Ялангуяа улстөрчдөд тооцох хариуцлага гэж байхгүй. Тийм учраас улстөрчид “Би бүх хариуцлагыг нь хүлээнэ" гэх үгийг амнаасаа амархан унагадаг. Гэвч хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй. Гэхдээ Монголын ард түмэн 2012 оны сонгуулиар хариуцлагыг нь тооцсон гэж үзэж байгаа. Өнөөдөр эх орныхоо эрх ашгийн төлөө Оюутолгойн шударга бус гэрээг шударга болгохын төлөө байр сууриа илэрхийлсэн гишүүдийг УИХ-д дахин сонгосон. Мөн ард түмнийхээ эрх ашгийн төлөө байр сууриа илэрхийлж байсан С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, Л.Цог, Д.Батцогт нарыг ч парламентад орууллаа. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тухай намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан Шударга ёс эвслийг ард түмэн дэмжлээ.
Магадгүй эх орон, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө зогсож чадаагүй хүмүүст сонголтоороо хариуцлага тооцлоо гэж хэлж болно. Хэдийгээр шууд хариуцлага тооцох тогтолцоо байхгүй ч энэ бүхэн цаг хугацааны зүйл.
-Сонгуулийн үр дүнгээр ард түмэн хариуцлага тооцсон байж. Тэгвэл МАН-д хариуцлага илүү ногджээ дээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн эрх баригч нам ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн талд зогсож чадаагүй байж таарах нь. Тэгж ойлгож болох уу?
-Эх орныхоо эрх ашиг, газар шороо, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, байгалийн баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө тэр дундаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шударга болгохын төлөө байр сууриа илэрхийлж байсан тэр хүмүүсийг УИХ-д сонгосон. Харин манай намын хувьд ийм байр суурь илэрхийлж байсан хүмүүсээ хавчиж, шахаж, жийсэн. Харин АН ийм хүмүүсээ нүүр болгож, гаргаж чадсан. Тухайлбал, намын листэд З.Энхболдыг даргынхаа дараах хүнээр дэвшүүлсэн байх жишээтэй.
-МАН хүмүүсээ хавчиж, шахаж, жийсэн гэж үү?
-Ийм байр суурь илэрхийлж байсан хүмүүсийг намаасаа хөөж, хассан. Үлдсэнийг нь тойрогт жинхэнэ тулалдаан руу явуулсан. Үүгээрээ ялгаатай. Үр дүн нь УИХ-ын сонгуулийн үр дүн. Зөв бодлого гаргаж, эх орны төлөө байр суурин дээрээ байсан хүмүүсээ нүүр болгосон АН манай намаас 2-3 суудлаар илүүрхэж чадлаа. Ийм л асуудал. Манайхаас жийгдэж, хасагдсан Ц.Даваасүрэн сонгуулиар бие даан нэр дэвшиж, сонгогдлоо. Өөр нам руу хөөгдсөн Д.Тэрбишдагва мөн л ард түмнийхээ дэмжлэгээр сонгогдлоо. Тэгэхээр яалт ч үгүй асуудал үүнд байгаа биз.
-Сүүлийн үед MAH, МАХН- ын нэгдлийн асуудал эрчимтэй хөндөгдөх боллоо. Таны хувьд энэ хоёр нам нэгдэн нийлж чадах болов уу. Нөгөөтэйгүүр, МАХН МАН-ын гишүүдийг аймаг, дүүргээр нь урвуулж эхэлсэн нь нэгдлийн үндэс суурь мөн үү?
-Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, челөөтэй сонголтоо хийх үйл явц явагдаж байна. Тэднийг янз бүрээр хэлж, ярих нь утгагүй. Ер нь намын эв нэгдэл алдагдаж, хагарч байгаатай холбоотой асуудлаар намын даргад хоёр жилийн өмнө ил захидал илгээж байсан. Тухайн үед байр сууриа тодорхой илэрхийлсэн нь өнгөрсөн хойно нь хашгирснаас илүү ач холбогдолтой байсан гэж бодож байгаа. Хоёрдугаарт, зориуд дэглэсэн гадаадын бодлого түлхээсээр хагаралдах хандлага ч байдаг. Өнөөдөр ч гэсэн зарим зүйл дээр харагдаж л байна. Намаараа ялгаран, тэр үзэл бодлоороо ажилдаа ханддаг.
-Таны бодлоор МАН-д шинэчлэл хийгдэв үү, сонгуулийн үр дүнгээс улбаатай?
-Намын шинэчлэлийн тухай асуудал тасралтгүй, байнгын үргэлжилж тодорхой үр дүнд хүрсэн байх учиртай. Сонгуулийн дараа бий болсон шинэ зүйл нь сонгуульд намаа хариуцлагагүй, муу удирдсан удирдлага өөрчлөгддөг хандлага бий боллоо. Энэ бол олзуурхууштай зүйл. Гэхдээ нам бүрэн шинэчлэгдсэн үү гэвэл тийм гэж хэлж чадахгүй. Удирдлагын хувьд өөрчлөлт хийсэн гэвэл илүү зохимжтой.
-Ууган нэрээ сэргээснээс болж сонгуулиар ялагдал хүлээвэл бух хариуцлагыг тухайн үеийн намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хүлээхээ мэдэгдэж байсан...?
-Тэд хариуцлагаа хүлээж бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон гэж ойлгож байгаа.
Ийм төсөв хэлэлцэж байсныг мэдэхгүй юм
-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. МАН төсөвт шүүмжлэлтэй хандаж буйгаа удаа дараа илэрхийлэх боллоо. Магадгүй энэ нь сөрөг хүчний байр суурьтай нь холбоотой байж мэдэх юм. Олон жил төсвийн төсөл батлалцаж байгаа таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-2012 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон УИХ нэг намын дарангуйлал, хүчээр аливаа ажлыг шийдэх зарчмаар олон хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийхээ дагуу л улсын төсвийн хуулийг батлахаар харагдаж байна. Миний хувьд найман жил УИХ-Д суулаа. Жил бүрийн төсвийн төслийг хэлэлцэхэд оролцож байсан. Гэвч энэ удаагийнх нь шиг төсвийн төсөл хэлэлцэж байсныг үнэндээ мэдэхгүй юм.
Хэдэн арван тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй. Ерөнхий сайдын багцад гэхэд л 50 тэрбум төгрөг. Дээр нь 31 тэрбум төгрөг нэмж тусгасан байх жишээтэй. Гэвч хаана, юунд зарцуулагдах нь тодорхойгүй. Тооцоо судалгаагүй.
-Зураг төсөлгүй зүйлийг их хэмжээгээр суулгасан талаар та шүүмжилж байсан, чуулганы хуралдааны үеэр?
-Төсвийн тодотгол хэлэлцэхэд гишүүдийн сонгогдсон тойрогт хуваарилагдсан хийгдэх бүтээн байгуупалтын ажлыг бүгдийг нь зогсоосон. Зураг төсөл байхгүй, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил хангагдаагүй гэх нэрийн дор. Гэтэл 2013 оны төсвийн төсөлд огт зураг төсөл байхгүй олон арван обьектууд тусгагдсан байгаа. Үүнийг юу гэж үзэх үү. Ийм маягаар намын үзэл баримтлалаар асуудалд ханддаг. Наанаа шударга дүр эсгэж, цаанаа хамгийн дээд зэргийн шударга бус, хууль ёсгүйгээр асуудалд ханддаг ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Иймээс жинхэнэ татвар төлөгчид, иргэдийн оролцоог хангасан ийм механизмыг бүрдүүлж, үүнд дуу хоолойгоо илэрхийлж ажиллахгүй бол эрх баригчид улсын төсвийг үрэн таран хийж, дуусгах нөхцөл бүрдлээ. Улсын төсвийн тэлэлт сүүлийн жилүүдэд явагдаж байгаа. Тэлж байгаа төсөв хөрөнөөний гол эх үүсвэр нь уул нийтийн өмчийн баялгаас бий болсон хөрөнгө улсын төсөвт төвлөрснөөр тэлж буй юм. Тийм учраас улстөрчид, улс төрийн намууд дураараа төсөв хөрөнгийг захиран зарцуулдаг ийм жолоодлогогүй байдал цаашдаа газар авах шинжтэй болж байна. Үүний тод жишээ нь ирэх жилийн улсын төсөв.
-Засгийн газар бонд гаргах гэж буйд ч мөн та болон танай нам нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан?
-Таван тэрбум ам.долларын бонд. Энэ бол Монгол Улс 70 жилийн хугацаанд авсан нийт өрийн талтай дүйцэхүйц мөнгө. Мөн 1990 оноос хойш авсан зээлийн хэмжээтэй дүйцэхүйц. 1990 оноос өмнө авсан зээлээр Монгол Улс юу хийсэн бэ. Тухайн үеийн төрийг барьж байсан бодлого боловсруулагчид юу бүтээснийг ард түмнээс асуултгүй бүгд мэднэ. Монгол Улсыг цоо шинэ улс болгосон. Үйлдвэр, аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт шинэчлэл явагдсан. Хүн ардаа боловсролтой болгож, эрүүлжүүлсэн. Нэгдэл, үйлдвэр, завод, тосгон гээд их бүтээн байгуулалтыг хийлээ. Ийм учраас 1990 оноос өмнөх зээлийн зарцуулалтад асуух зүйл байхгүй. Тухайн үеийн ЗХУ-аас 11 тэрбум ам.долларын зээл авч, энэ улс орноо өдий зэрэгт хүргэж, сүүлд нь 97 хувиар хөнгөлж, их өрийг тэглэж чадсан. Гэтэл өнөөдрийн авна гэж байгаа таван тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгийн гадаадын зээлийн зарцуулалт маш тодорхой байх шаардлагатай. Учир нь 1990 оноос хойших 20 жилийн хугацаанд гадаадаас авсан зээлээр юу хийж, юу бүтээв гэвэл хэлэх юм байхгүй. Улаанбаатар хотод нэг шинэ театр, номын сан нэмэгдсэн үү. Нэмэгдээгүй.
БНХАУ-ын тусламжаар нисэхийн цагаан хаалганы тэнд баригдсан спорт цогцолборыг эс тооцвол огт юм хийгдээгүй. Ядаж л Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ганц цахилгаан станц нэмэгдсэн үү. Нэмэгдээгүй. Гагцхүү “Энержи ресурс" гэж хувийн компани жижиг цахилгаан станц барьсан. Бид өнгөрсөн 22 жилд “Их өр”-тэй тэнцэх 11 тэрбум ам.долларын талтай тэнцэх хэмжээний зээл авсан ч нүдэнд харагдах том хэмжээний бүтээн байгуулалт хийж чадсангүй. Үүндээ дүгнэлт хийж, гадаадаас авсан зээлийн хэмжээ үзүүлэлт нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхөөр хэмжээнд хүрсэн эсэхийг нягтлах хэрэгтэй.
-Та энэ талаар Засгийн газрын тэргүүнд асуулга тавьж байсан байх аа?
-Гадаадаас авсан зээл тусламжийн зарцуулалт, үр дүн ямар байгаа талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх учиртай. Гэвч хэлэлцүүлж чадаагүй. Гол нь зээлийн зарцуулалт маш тодорхой байх учиртай. 2013 оны төсөв хэлэлцэж байгаа шигээ хаана, юунд зарцуулах нь тодорхойгүй. Нэг яам, сайдын мэдэлд өгвөл хэцүү л үр дагавар угтана даа. Сүүлд нь таван тэрбум ам.долларын өрийг хэн хариуцах юм. Ард түмэн, Монгол Улс хариуцах болно. Ер нь 1990 он хүртэл эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо баталгаажуулж ирснээс биш газар нутгаасаа нэгээхэн хэсгийг зарж үзээгүй. Гэтэл 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиас хойш лиценз хэлбэрээр “арилжиж” дуусах нь.
Энэ бүхнийг цэгцэнд нь оруулахын тулд бид тэмцэж байна. Ямар ч байсан 7000 мянга гаруй лицензийн талыг нь цэгцэллээ. Одоо үлдсэн 4000 гаруйг нь журамлаж, цэгцлэх нь чухал. Өнөөдөр эрдэс баялгийхаа олсон орлогоор төсвийн алдагдлаа нөхөж, халамждаа зарцуулдаг. Мөн улс төрийн амлалтад үргүй зарцуулах байдлаар өнөөдрийг хүрсэн. Урьдчилаад газрын гүнд байгаа бүтээгдэхүүнээ зардаг байсан бол одоо бүр улс орноо бүтнээр нь барьцаанд тавьж зээл бонд гаргадаг болох нь. Ийм урьдчилсан тооцоо судалгаагүй, үр ашиг, үр дүнг нь тооцож үзээгүй их зээл авах нь сайны эхлэл биш.