С.Эрдэнэ: Оюутолгойн ордын ашгийн талаархи тархи угаалт маш хүчтэй явж байна
2012.10.04

С.Эрдэнэ: Оюутолгойн ордын ашгийн талаархи тархи угаалт маш хүчтэй явж байна

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн УИХ-ын 25 гишүүн гарын үсгээ зурж тэмцлээ эхлүүлсэн. Гэтэл  УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах гэсэн заалт уул уурхайн  гэрээ болон өөрчлөгдсөн нь маргааныг дэгдээсэн. Энэ үеэр нөгөө гарын үсэг зурсан засгийн газрын гишүүд хаачсан бэ, тэд  үзэл бодлоосоо урвалаа хэмээн нэр цохон шүүмжилж эхэлсэн. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй  ярилцлаа.
-Өнгөрсөн парламентын хугацаанд Оюутолгойн гэрээг хамгийн ихээр шүүмжилж байсан хүний нэг та. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэх үеэр энэ тухай заалтыг бүдгэрүүлчихлээ гэсэн шүүмжлэл нэлээд гарч нөгөө шүүмжлэгчид Засгийн газарт ороод үзэл бодлоосоо урвалаа гэж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Миний бодлоосоо  урвасан эсэхийг цаг хугацаа  харуулна. Хэн нэгний явуулга, хэн нэгний хэлсэнээр  би урвагч болчихгүй.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах тал дээр хуучнаасаа илүү эх орныхоо эрх ашгийг бодсон байр суурь дээр зогссон.   Зарим гишүүд зөвхөн Оюутолгойн гэрээг хянах, өөрчлөх талаар оруулж өгөх гэж зүтгэсэн. Энэ нь цаанаа өөр улс төрийн өөр зорилготой мэт бидэнд ойлгогдож байгаа. Өнөөдрийн байдлаар уул уурхайн чиглэлээр арван зургаан гэрээ хэлэлцээр хийсэн байдаг.  Эдгээр гэрээ хэлэлцээрийг дүгнэж, хянасангүй. Тийм механизм нь ажиллаагүй. Бидний мөрийн хөтөлбөрт оруулсан санал бол зөвхөн Оюутолгойн гэрээг биш өнгөрсөн хугацаанд хийсэн тэр 16 гэрээг нийтэд нь хянаж үзэх, шаардлагатай бол цуцлах арга хэмжээг авах хэрэгтэй гэж оруулсан. Үүний цаана зөвхөн Оюутолгой гэсэн нэрийн доор бусад гэрээ хэлэлцээрийг халхавчлах гэсэн зорилготой байгаа гэж би харсан. Нийт гэрээн дотор Оюутолгойн гэрээ хамгийн том байр суурийг эзэлж  байгаа. Тиймээс онцлох шаардлагагүй Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа арван зургаан компанийн  гэрээг нийтэд нь эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал “Бороогоулд”, ”Цайрт минерал”, “Хөшөөт” гээд энэ олон  ордуудын гэрээнд хэн хяналт хийсэн юм. Монгол Улс  зөвхөн Оюутолгой биш цаана нь хэдэн зуун саяын нөөцтэй олон ордууд  цөлмөгдөж байна.  Гэтэл яагаад энэ ордуудыг авч хэлэлцэхгүй байгаа юм. Үүний цаана хэний сонирхол байна. Тиймээс нийт гэрээг эргэн харж, стратегийн ордууд дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Одоо Баянголын орд, төмөрлөгийн ордууд, хилийн дагуу байрлах нүүрсний ордуудад  хэн ч анхаарлаа хандуулахгүй байна.
Энэ бүгдийг эргэж харъя, шалгая,  анхаарлаа хандуулъя гэж хэлсэнээр би өнөөдөр урвагч болж байна. Би Оюутолгойн гэрээг хянахгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Харин Оюутолгойн гэрээг оруулаад нийт ордын гэрээг эргэж харах шаардлагатай байна гэж хэлж байгаа.  Хуулийн дагуу монголын ард түмэнд ашигтай хэлбэрээр шийдэхийг  дэмжиж саналаа өгсөн. Үүнийхээ төлөө би буруутан болж байна.
Энэ бол тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн  явуулга. Тэгэхдээ Б.Бат-Эрдэнэ аваргыг ийм зорилго агуулсан гэж бодохгүй байна. Магадгүй энэ хүний ард тодорхой зорилго бүхий хүмүүс байхыг үгүйсгэхгүй.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бас тодорхой бодлогоор дайралт хийж байна. Би үүнд эмзэглэхгүй байгаа. Яагаад гэвэл би өөрийнхөө байр суурийг зөв гэж бодож байгаа учир эргэж буцахгүй.

-Оюутолгойн гэрээ хэнд ашигтай вэ? Гэх талх, сүү ашиглан хийсэн реклам сурталчилгаа явж байна. Таны өмнө байгаа сонин дээр ч байгааг харж байна. Энэ гэрээг өөрчлөхтэй холбоотой тархи угаалт гэж хэлж чадах уу, та?

-Оюутолгойтой холбоотой тархи угаалт сүүлийн үед маш хүчтэй явагдаж байгааг харж байна. Энэ бодит үнэн.  Тэгэхдээ зөвхөн Оюутолгойгоор халхавч хийж бусад уул уурхайн гэрээг  нүднээс далд байлгах гэж байгаа бол энэ хэзээ ч бүтэхгүй.  Бид төрийн эрх барьж байгаа нам, засгийн хувьд нүүрс, уран, төмрийн ордод адилхан анхаарлаа хандуулах хэрэгтэй.  Энэ бүгд монголын  стратегийн орд, эдийн засгийн бааз, бидний ирээдүй, үр хүүхдэд үлдэх өмч хөрөнгө. Сүүлийн жилүүдэд зөвхөн Оюутолгой, Тавантолгой дээр ард иргэдийн анхаарлыг хандуулж тэр хоёрыг тойрсон улс төрийн, эдийн засгийн, бизнесийн бүх анхаарлыг  төвлөрүүлсэн. Үүний ардуур бусад ордыг чимээгүй цөлмөж дуусч байгаа.

-Одоо нийт 16 гэрээ хэлэлцээрийг харна гэхээр эргээд улс төр, бизнесийн бүлэглэлүүд хөдөлгөөнд орж дайралтаа хийнэ. Оюутолгойгоос гадна 15 ордынх гэхээр тэр. Өнөөдөр  эрх барьж байгаа улс төрийн бүлэглэл  ч холбоотой?

-Тиймээ. Тэгэхдээ үүнээс айхгүй байна. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий. Хууль нь хууль шиг, төр нь төр шиг ажиллах цаг одоо болсон.  Мэдээж бизнесийн орчинг дэмжиж улам нээлттэй болгох, таатай орчинг бүрдүүлэх ёстой . Гэхдээ нөгөө талаасаа үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашгийг хамгаалах нь төрийн үүрэг. Тиймээс бүгдийг хуулийн хүрээнд хийх хэрэгтэй.  Цайрт минерал, Хөшөөт, Бороогоулд, Төмөртийн ордыг хараа хяналтгүй ашиглахын тулд Оюутолгой, Тавантолгойд ард түмний анхаарлыг хандуулж байгаа гэдэг нөгөө талыг ч мартаж болохгүй тэгш хяналт тавих хэрэгтэй байна.

- 16 гэрээг бүгдийг өөрчлөхөд улстөр, бизнесийн дарамтнаас гадна цаг хугацаа шаардлагатай?

-16 гэрээг нэг дор хийнэ гэдэг хэцүү.  Тэгэхдээ энэ ажлыг одоо л эхлүүлэх хэрэгтэй. Аливаад хяналт тавиад эхлэх нь дураар авирлагчдад том сургамж болно.  Тэгэж байж дараа дараагийн гэрээ хэлэлцээрт эерэг үр дүнд хүрнэ.

-Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд бүгд ийм улстөрийн  зориг гаргаж чадна гэдэг эргэлзээтэй. Тухайн ордуудын бүлэглэлд багтсан, улстөрийн хамгаалалтыг нь хийдэг гэж хардагддаг хүмүүс бас байгаа?

-Мэдээж бүх юм хэцүү. Тэгэхдээ эхний алхам хийж байна гэдэг нь чухал. Тухайлбал  УУл уурхайн сайд  Д.Ганхуяг бид хоёр энэ бүх гэрээг эргээд эхнээс харъя гэдэг санал оруулж байна гэдэг нь том алхам болж байгаа юм. Гэтэл бид хоёрыг урвагчаар нь дуудаад байгаа. Харин  бид хоёр байр суурьнаасаа ухраагүй. Надад заавал сайд хийж муу муухайгаараа дуудуулж суух шаардлага байхгүй. Гэхдээ би өнгөрсөн дөрвөн жилд нийгмийн хамгааллын томоохон шинэчлэлийг  хийх хуулиудыг боловсруулж батлуулсан. Одоо энэ ажлаа эхлүүлмээр байна.  Хүүхдийн мөнгөний санаачлагыг би гаргаж судалгаа шинжилгээг хийж  танилцуулсан. Одоо хүүхдийн мөнгийг олгоод эхэлж байна. Эрүүл мэндийн  даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ салбарт надад хийх ажил их байгаа  болохоор салбарын сайдын ажлыг хүлээж авсан. Ингэлээ гээд үзэл бодлоосоо урвасан гэж харж байгаа бол эндүүрэл.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.