Энэ онд 330.0 орчим мянган га-д тариалалт хийнэ
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай уулзаж, газар тариалангийн бэлтгэл ажлын талаар ярилцсан юм.
-Жил бүрийн хавар улс орон даяар өрнөдөг нэг том ажил бол газар тариалан. Тэгэхлээр усан луу жилийн газар тариалангийн ажлын бэлтгэл ажил хэр зэрэг хангагдаж байна вэ?
-Газар тариалангийн бэлтгэл ажил зохих ёсоор хангагдаж байгаа. Газар тариалангийн бэлтгэл ажлыг хангахад зайлшгүй анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай голлох хэдэн хүчин зүйлүүд байдаг. Тэр нь түлш, үр, техникийн бэлэн байдал. Урьдчилсан байдлаар 330.0 орчим мянган га-д үр тариа, тэр дотроо 320.0 орчим мянган га-д улаан буудай тарих тооцоо судалгаа гарсан байна. Мөн 18.0 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариална. Техникийн ургамал гэдгийг тосны ургамал гэж ойлгох хэрэгтэй. Мөн 15.0 орчим мянган га-д төмс тарина. 140.0 мянган га-д хүнсний ногоо тариалахаар бэлтгэлээ хангалаа. Мэдээж хэрэг 6 дугаар сарын эхний 10 хоногт багтаж Монгол улс хэдий хэр хэмжээний тариалалт хийчихэв гэдэг нарийвчилсан тоо гарна. Дээр хэлсэн бүх тоо бол урьдчилсан байдлаар хэлж байгаа тооцоо.
-Ярианыхаа эхэнд өөрөө зайлшгүй анхаарлаа төвлөрүүлэх хэд хэдэн хүчин зүйлийн дотор эхлээд түлш гэж хэлсэн. Энэ талаар эхлээд ярих уу?
-Түлшний хувьд ямар нэгэн хүү авахгүйгээр тодорхой хэмжээний урьдчилгаагаар түлш нийлүүлдэг. Энэ үйл ажиллагааг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулж явуулж байгаа. Тэгэхлээр энэ жилийн хувьд 50.0 хувийн урьдчилгаатай түлш нийлүүлэхээр болсон. Одоогоор аж ахуйн нэгжүүдээсээ захиалгаа авчихсан. Хуваарь нь ч гараад бэлэн болчихлоо. Тиймээс тариаланчид маань ирэх долоо хоногоос хуваарийнхаа дагуу түлшээ авах бүрэн боломжтой.
-Газар тариалан гэхлээр мэдээж үрийн асуудал яригдана. Энэ талаар ярих уу?
-Өнгөрсөн жил бид гаднаас нэг ч кг үр аваагүй. Өөрийн дотоодын үрээр тариалалт хийсэн. Ургац сайхан, үр тариа арвин, чанар нь ч сайн байсан. Тэр ч чанараараа өнгөрсөн жилийн ургацаасаа үрээ авч хангалттай хэмжээгээр нөөцөлсөн. Тиймээс энэ жилийн хувьд үрийн асуудлаар санаа .овох юмгүй гэж ойлгож болно. Зарим нэг аж ахуйн нэгжүүд ургацаа бүрэн тушаагаагүй, үрээ шинэчлэх шаардлага байгаа. Ийм чиг хандлагын улмаас үрийн захиалга хэд хэдэн газраас ирсэн. Тиймээс бүх захиалгыг нэгтгэж бэлэн болгох хуваарь гаргасан. Аж ахуйн нэгжүүдийн өгсөн захиалгын дагуу үр олгохоор “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-д хуваарь хүргүүлчихсэн. Уг хуваарийн дагуу үрээ татаж болно гэдгийг хэлэх байна. Эртхэн үрээ татах нь чухал. Нарлуулахаас эхлээд ургамал хамгааллын бодисоор ариутгал хийх,тариалалтанд бэлтгэх, соёололтыг жигдрүүлэх зэрэг ажлыг тариаланчид маань технологийн хугацаанд хийх нь ач холбогдолтой.
- Техникийн бэлэн байдал хэрхэн хангагдаж байгаа вэ?
-Үндсэндээ бригадууд бэлтгэлдээ гарсан, засварын ажил нь ид хийгдэж байна. Сэлбэгийн татан авалт хийгдэж байгаа. Хоёр жилийн өмнө төсөл сонгон шалгаруулалтаар сэлбэгийн хангамжийг бэлтгэх талаар компанитай гэрээ хийсэн байгаа. Тэр компани маань эхний ээлжинд сэлбэгээ нийлүүлээд одоо үндсэндээ хоёр дахь ээлжийнхээ сэлбэгийг татчихаад байна. Энэ бүхний үр дүнд тариаланчид маань засвартаа гол анхаарлаа хандуулж үндсэндээ 05-р сарын 01 гэхэд тариалалтанд бэлэн болчихно. Тэртэй тэргүй манай та¬риаланчид хүнээр хэлүүлэлтгүй бэлэн болгочихдог уламжлалтай тул энэ талаар санаа зовохгүй байна.
-Өнөө жил хур бороо их орно, эрт цас унана гэсэн яриатай байгаа...?
-Дулааны улирлын урьдчилсан төлөв байдал гарсан. Үүн дээр бид Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд болон цаг уурын мэргэжлийн хүмүүстэй хамтарч дулааны улиралд ургамлын ургалтын үед ямаршуу технологи мөрдөх вэ? гэдэг талаар нарийвчилсан зөвлөмж гаргаад бэлэн болгочихсон. Удахгүй бид тариаланчдын зөвлөгөөн хийнэ. Энэ зөвлөгөөн дээр дулааны улирлын төлөв байдал яригдана. Бас эрдэмтдийн зөвлөмж яригдах учиртай. Энэ зөвлөмжийг ерөнхий гарын авлага гэж ойлгож болно. Яг тариалалт хийхдээ тулахад газар нутаг, талбай, тэр талбайд нэвтрүүлэх технологи болгон өөр. Ямар технологийг яаж баримтлах вэ гэдгийг манай тариаланчид болон агрономчид газар дээр нь шийднэ. Хөрсний дулаарал хэдэн хэмд хүрсэн, дулааны улирлын төлөв байдлаар хур тундасны хуваарилалт ямаршуухан байхаас хамаараад тариалалтаа хэднээс хийх вэ? ургамал хамгааллын арга хэмжээг хэдийд зохион байгуулах вэ? цаашилбал ургац хураалтын ажлыг хэдийд хийхээр төлөвлөх вэ? гэдэг асуудлууд байгаа. Урьдчилсан төлөв байдлаар 9-р сард ерөнхийдөө бага зэрэг сэрүүвтэр болно гэж байгаа. Гэхдээ энэ нь 8-р сар нилээд нарийвчлагдаж гарна л даа. Бидэнд шаардлагатай тоноглол хангалттай бий. Өнгөрсөн жил болон түүний өмнөх жил харьцангуй тайван байлаа. Тэглээ гээд санаа амарсан юм алга. Харин ч тэр бүхэнд бэлэн байх хэмжээний техник, технологийн арга хэмжээ авч байгаа. Гэхдээ тариаланчид өөрсдөө илүүтэй анхаарч бэлтгэлтэй байх учиртай. Бид 20 шинэ компанитай ажиллаж байна. Эдгээр компанитай үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулахаас гадна мөндрийн аюулыг зайлуулах тал дээр хамтран ажиллаж байна. Ялангуяа Өвөрхангай, Архангай, Увс, Сэлэнгэ, Булганы зарим бүс нутгуудад ажиллуулахаар урьдчилсан байдлаар төслөө хийсэн. Эдгээрийн хажуугаар манай тариаланчид өөрс¬дөө тухайн үед бороо хур, үер ус, цочир хүйтрэлээс гарахад даван туулахтодорхой хэмжээний бэллтгэ¬лээ хангасан байх учиртай.
-«Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ» гэж үгтэй. Өнгөрөгч онд урьд өмнө байгаагүй хэмжээний их ургац хураан авсан. Гэтэл агуулах савны багтаамж хүрэлцэхгүй байгаа тухай яриа гарч байсныг санаж байна. Энэ онд зоорь савны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Зоорь савны талаар зөв ойлголттой байх хэрэгтэй л дээ. Ноднин жил бодит байдал дээр хураасан ургац, хадгалах савны багтаамж хоёр аль, аль талдаа хангалттай байсан. Хамгийн гол нь эзэмшилтэй холбоотой асуудал тулгарсан. Хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засийн үед бүх сав улсынх байсан үед бид нэг өдөр бүгдийг нь хийчих бололцоо байлаа. Тэгвэл өнөөдөр олон эзэмшилтэй болсон. Онцгой байдлынх, нөөцийнх, компанийнх, аймгийнх, аж ахуйн нэгжийнх гээд сав болгон өөр өөр эзэмшилтэй учраас хураасан ургацаа агуулж, хадгалахад төвөг учирсан. Яагаад гэвэл тэр хүнд хувийн сав нь байж байдаг. Гэтэл өөрийн саванд нь 200.0 тн-ын багтаамж илүү гарахад өөр хүнийхийг хийлгүүлэхгүй ч гэдэг юм уу? Энэ мэтээр янз бүрийн шалтаг, шалтгаан гаргаад савны хомсдол маягийн юм гарсан. Гэхдээ бид энэ бүхнийг зохицуулж, зохион байгуулж чадсан. Өөрөөр хэлбэл бүх зохицуулалтыг хийснээр хурааж авсан улаанбуудай зоорь, савандаа багтсан.
Өнөө жилийн хувьд савны тухайд нилээд томоохон ажлууд хийнэ. Төв аймгийн Угтаалын 36.0 мянган тн-ын багтаамжтай элеваторын асуудал шийдвэрлэгдчихсэн. Үүнийг намрын ургац хүлээж авахаас өмнө засварлаж ажилд оруулах учиртай. Дээр нь нийт багтаамжаараа 75.0 мянган тн-ын элеватор нилээд хэдийг барихаар яригдаж байгаа. Эдгээрийг хөнгөлттэй зээлийн хүрээнд хийх юм. Дээр нь «Тариалан эрхлэгчдийг дэмжих сан»-гийн хажууд энэ өргөтгөлийг хийх замаар нилээд томоохон сав хийхээр төлөвлөөд зураг боловсруулах хэмжээнд явж байгаа. Болж өгвөл ирэх намар барьчих төлөвлөгөөтэй. Мөн томоохон гурилын үйлдвэрүүдийн саванд өнгөрсөн жил дүүрэн хийгээгүй тохиолдол гарсан. Энэ бүх савныхаа хэмжээг тооцох юм бол 2012 оны ургацыг хадгалах хангалттай сав байна гэж ойлгож болно. Зөвхөн үр тариа гэхгүй, төмс, хүнсний ногоог хадгалах байр сав, зоорины тал дээр онцгой анхаарал хандуулж байна. Энэ чиглэлээр төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлэх юм. Өнөөдөр зоорьны төсөл гэхэд 70 гаруй байх жишээтэй. Хамгийн бага нь гэхэд 50.0 тн, дээд тал нь 5000.0 тн-ын багтаамжтай зоорь барихаар бэлтгэж байна. Бид өнгөрсөн жил зоорин дээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Тэрний хамгийн эхнийх Улаанбаатар хотын зүүн талд 10.0 мянган тн-ын багтаамжтай зоорь ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа ороод байна. Цаашдаа Улаанбаатар болон төвлөрсөн газруудыг т ойрсон зоорины асуудлыг шийдвэрлэх бодлого барин ажиллаж байгаа.
-Шинээр техник авах уу?
-Шинээр техник нэмнэ. Улсын төсвөөр, ялангуяа төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хураалтын техник дээр түлхүү анхаарч техник нийлүүлж байна. Өнөөдөр газар тариалан түлхүү хөгжихтэй уялдаад техник нийлүүлдэг хувийн компани, бизнесмэнүүд цөөнгүй гарч ирж байгаа. Хөдөө аж ахуйн машин, механизмуудыг нийлүүлдэг, албан ёсоор борлуулдаг компаниуд юм. Энэ бол их сайшаалтай тал. Төрийн зүгээс техник нийлүүлнэ гэдэг асуудлыг аль болох багасгаж байгаа. Гол нь хувийн хэвшилдээ тулгуурлан техник нийлүүлэлтийг явуулах, сэлбэг, засвар үйлчилгээг компаниууд хийнэ. Харин хөрөнгө мөнгөөр дэмжих, эрх зүйн орчныг нь сайн болгох тал дээр нь анхаарч ажиллана. Хувийн компаниудаар дамжуулж хамгийн орчин үеийн шинэ техникууд орж ирж байгаа.
-Газар тариалан дээр хичнээн компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ?
-2007 оны байдлаар 600 гаруй компани байсан. Газар тариалан хөгжихтэй зэргэцээд буцаад газар та¬риалан руугаа орж ирсэн тариаланчид олон бий. Уул уурхайгаас тариалан руу шилжсэн компаниуд ч байгаа. Улаг соёлоос газар тариаланч болсон хүмүүс ч бий. Ингээд одоогоор нийтдээ 1400 гаруй аж ахуйн нэгж байна. Дээр нь өөрсдийнхээ хэрэгцээнээс илүү гарсныгаа борлуулдаг өрхийн тариаланчид 63.0 мянга орчим бий.
-«Атрын III аян»-ны үргэлжлэл гэж ойлгож болох уу?
-“Атрын III аян»-ны үндэсний хөтөлбөр 2010 оны сүүлчээр үндсэндээ өөрийнхөө үүргийг гүйцэтгэж уг аян амжилттай хэрэгжсэнээр дуусан. Одоо “Атрын III аян»-ны үргэлжлэл болгоод “Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд улам өргөжүүлэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ рүүгээ анхаарсан өргөн цар хүрээтэй .ажил болгоно. Газар тариалангийн салбар нь цааш хөгжихдөө мал аж ахуйтайгаа, хөнгөн, хүнсний үйлдвэртэйгээ аль болохоор уялдаж ажиллах шаардлага тулгарч байгаа. “Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр”-өөр дамжуулж газар тариалангийн үйл ажиллагаа цаашаа явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Атрын III” аяны шууд үргэлжлэл гэж ойлгож болно. Гэхдээ хажуугаар нь бас “Чацаргана” гэж хөтөлбөр хэрэгжиж байгаа. Мөн “Ногоон хувьсгал” гэж хөтөлбөр ч бий. Дээр нь нэмээд “Хүнсний ногооны хөтөлбөр” шинээр хэрэгжүүлж эхэлсэн. Хүнсний ногооны үйлдвэрлэл 60.0 гаруй хувьтай байгаа. Энэ онд 70.0 орчим хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ тал дээр механикжуулалт, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, үрийн систем, хөрсний үржил шим, усалгаа гэх мэтээр цогц арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Дотоодын үйлдвэрлэлийг 100.0 хувь хүнсний ногоогоор хангах үүднээс ХААХҮЯ-наас “Хүнсний ногооны хөтөлбөр”-ийг Засгийн газарт оруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Ярилцсан Д.Сэрээтэр Монцамэ