2010.02.11

Г.Баярсайхан: Би нударгаар бус ухаанаар асуудлыг шийдэх насан хүрсэн хүн

УИХ-ын хэсэг гишүүд Солонгосын казинод зодолдсон гэх яриа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр  цацагдлаа. Уг асуудлын гол эздийн нэг гэх УИХ-ын  гишүүн  Г.Баярсайханаас энэ тухай тодрууллаа.

-Та нэр бүхий гишүүдтэй Солонгос явж казиносудалсан гэдэг үнэн үү?

-Казино бол жуулчлалыг тэтгэх гол хөшүүргийн нэг гэж ойлгодог. Тэр ч утгаараа нэр бүхий гишүүдийн санаачилж буй Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт миний бие багтсан.

Ажлын хэсгийнхэн маань Солонгосын төрийн оролцоотой казиног өөрсдийн нүдээр харж туршлага судалъя   гэснээр тэнд очсон. УИХ-ын зургаан гишүүнтэй баг явсан л даа.

-Таныг арван таван сая төгрөг алдсан, басзодолдсон гэх яриа тархаж байна?

-(Инээв) Казиногоор ороод гарсан. Би казино тоглох нь бүү хэл хөзөр ч мэддэггүй. Энэ тухайд миний нөхөд сайн мэднэ. Хөдөлмөрлөж олсон мөнгөө казинод тоглож алдах хүн би бишээ. Хээр талаас их мөнгө гэнэт олсон хүмүүс л тоглодог байх. (инээв) Тэр зодооны талаар надад мэдэх юм алга. Насанд хүрснээсээ хойш нударгаар бус ухаанаар асуудлыг шийддэг болсон болохоор надад хэн нэгэнтэй гар зөрүүлэх шаардлага алга. Намайг их чанга дуугарч байсан гэж бичсэн байна лээ. Солонгосчууд хашгирч ярьдаг. Үгээ сонсгох гэж дуугаа чангалсан юм байлгүй.Одоо шивнэж ярьж байхаас. (инээв)

-Та тэгээд энэ бүхнийг эрс үгүйсгэж байгаа юм?

-Хэн нэгэн хийх ажил багатай хүн хов жив шуугиулаа л биз. Шидсэн чулуу болгоны хойноос явж байх зав алга. Ёстой л "Жингэр хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байна " гэгчээр энэ болгоны хойноос хөөцөлдөнө гэвэл нас, бие гүйцэхгүй биз.

-Хамт явсан гишүүд чинь энэ яриаг гаргасанюм биш биз?

-Үгүй байх л гэж бодож байна. Тэд өөрсдийгөө гүтгэмээргүй юм. Наад асуултаа тэднээс асуу. Хэлээд егөх биз.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.