БОАЖЯ-ны дэргэдэх иргэний зөвлөл сэтгэл хангалуун байна
Иргэний нийгмийн өдрийг угтаж БОАЖЯ-наас өнгөрч буй долоо хоногийн турш байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаа хүлээн авч уулзан, санал бодлыг нь нээлттэй сонслоо. Тодруулбал, ой, ургамал, ус, амьтан хамгаалал, аялал жуулчлал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, мэдээлэл сурталчилгааны чиглэлийн нийт 120 гаруй ТББ-ыг хүлээн авч уулзлаа.
Төрийн захиргааны төв байгууллагуудаас БОАЖЯ анхлан салбарын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-уудынхаа оролцоог идэвхжүүлэх зорилгоор тэднийг нэгтгэн яамны дэргэдэх Иргэний зөвлөл байгуулсан юм. Тус зөвлөлтэйгээ яам өнгөрсөн онд хамтын ажиллагааны албан ёсны гэрээ байгуулж ажилласан. Энэ өдрүүдэд үр дүнг нь дүгнэн хэлэлцэхийн дээр цаашид бодлогын хүрээнд анхаарах асуудлуудаа ил тод, чөлөөтэй байдлаар ярилцав.
Иргэний зөвлөлийнхөн өнгөрсөн оны хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. "БОАЖЯ-ны зүгээс салбарын олон нийтийн байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад санаачилга гарган, онцгой үүрэг гүйцэтгэлээ. Төрийн болон ТББ-ын хүчээ нэгтгэсэн ийм хамтын ажиллагаа өөр газарт одоохондоо бий болоогүй тул үлгэр жишээ зохион байгуулалт боллоо гэж дүгнэж болохоор байна" гэж Иргэний зөвлөлийнхөн ярив.
Харин салбарын сайд Л.Гансүх "Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оруулж ирсэнд энэ ажлын гол ач холбогдол бий" гэж дүгнэсэн юм. Мөн цаашид, олон нийтийн байгууллагуудын санал, хүсэлтийг Иргэний зөвлөлөөр дамжуулан яаманд оруулж ирж байхыг хүслээ. Ингэвэл ТББ-уудын бодлого хөтөлбөр, үйл ажиллагааны давхардал арилахын дээр анхан шатны мэдээллүүдийг нэг дороос авах боломжтойг онцолсон юм. Ирэх долоо хоногт 2010 оны хамтын ажиллагааны бодлого, зорилтоо тодорхойлон, гэрээ байгуулах яриа хэлцлүүд үргэлжилнэ.