2010.04.03

Г.Баярсайхан: Миний өрөө жижигдээгүй

Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээ нь МУ-ын холбогдох хуулийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа УИХ-ын гишүүн олон байна. Тэдний нэг нь Г.Баярсайхан гишүүн. Иймээс бид Оюутолгойн асуудлаар тодруулга ярилцлага авсан юм.

-Оюутолгойн асуудал элдвээр яригдах боллоо, Засгийн газрынхан ямар ч хууль дүрэм зөрчөөгүй гэж байна. Харин зарим гишүүд хууль зөрчсөн гэж үзсэн. Тэдний нэг нь та?

-Монголчууд бид өөрсдийгөө асар их баялагтай гэж ярьдаг. Стратегийн олон орд газартай гэдэг. Яг бодит байдал дээр бид стратегийн 17 ордтой. Бусдыг нь илрүүлэх шатандаа явж байна. Монголчууд одоо асар их баялагтай гэсэн хөөрлөөс гарах хэрэгтэй болсон байна. Оюутолгой, Тавантолгой ганцхан . Өвөг дээдсээс өвлүүлж өгсөн энэ их баялгийг бид хариуцлагатайгаар эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой. Эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг чинь МУ-ын УИХ, Засгийн газартаа үүрэг өгнө, Засгийн газар нь МУ-д, монголчуудад ашигтай гэрээ хийх ёстой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн Оюутолгойн гэрээгээр бол Монголчууд бид Эрдэнэтийг тав дахин нугалах тэр том ордоос чамлагдахаар хувийг хүртэж байна.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг бүр мөсөн цуцалчихвал яасан юм?

-Өнөөдөр МУ-ын эдийн засаг хямарчихсан, Оюутолгойгоос 800 сая доллар орж ирнэ гэж хүлээгээд сууж байна. Үнэхээр гэрээ ашигтай болоод тэр мөнгө нь ороод ирвэл улсын эдийн засагт түлхэц болно. Банкны салбар ч барилгын салбар ч сэргэнэ. Энэ утгаараа би Оюутолгойн гэрээг дэмжиж байгаа . Яг өнөөдрийн байдлаар МУ-ын засгийн газар энэ гэрээний техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж авсан. Гэхдээ янз бүрээр яригдаж байна. УИХ Засгийн газарт 57 дугаар тогтоолыг зөрчсөн байна гэдгийг хэлсэн. Тогтоол ёсоор бол хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа нөхөнгүүт л 50 хувиа эзэмших ёстой . Гэтэл одоогийнхоор энэ нь хэрэгжээгүй , тиймээс бид засгийн газар энэ тал дээр ажилла гэсэн юм. Бодит байдал дээр 57 дугаар тогтоолыг ерөөсөө авч хэлэлцээгүй, шууд 30 жилийн дараа Монголчууд 50 хувиа эзэмшихээр заасан байна.

-Хамаг баялгийг ухаж авчихаад хоосон газар үлдээгээд явах юм биш биз дээ?

- Эрдэмтэн мэргэд, эдийн засагчдын тооцоолсноор 6-7 жилийн дараа шууд ашгаа олоод эхлэхээр байгаа. Ийм байхад бид 34 жилийн дараа 50 хувиа эзэмших ёстой гэдэг ойлгомжгүй байна. Энэ бүхнийг гэрээн дээр тусгаагүй. Урьдчилгаа авсан л гээд байгаа тэр нь хүүтэй мөнгө. Ингээд бодохоор бид гадаадад асар их өртэй болчихлоо. Миний бодлоор бол УИХ 57- р тогтоолыг гаргасан байхад хэрэгжилтийг хянаж шалгах ёстой гэж хэлэх байна.

-Одоо 1,5 сая төгрөгийг иргэддээ өгөхөөр болж байх шиг байна?

-Нэгэнт улс төрийн намууд иргэддээ баахан юм амлачихсан юм чинь өгөхөөс яах вэ дээ. Гол нь амлалтандаа хүрнэ гэж улайраад , дээр нь дараагийн сонгуульд ялалт байгуулахаа бодоод томоохон орд газруудаа том амлалтын барьцаанд битгий өгчихөөсэй гэж бодож байна. Тэрнээс биш бид иргэн бүртээ 1,5 сая төгрөг шууд гаргаад өгөх ямар ч боломж байхгүй. Төр бол Монголчуудыг ажилтай, амьдралтай, сайн сайхан амьдруулах үүрэгтэй. Гэхдээ бэлэн мөнгө амлаад залуусыг ямар ч амьдралын идэвхгүй, ажиллах сонирхолгүй, бэлэн мөнгө хараад сууж байдаг болгох ёсгүй. Ер нь бол сая иргэн бүрдээ 70,000 төгрөг тараасан ч тэр мөнгө иргэдэд юу ч болоогүй. Нэг халаасаар нь ороод нөгөө халаасаар нь бид булаагаад авчихлаа. Бид бэлэн мөнгөний амлалтаар ерөөсөө уралдаж болохгүй гэж боддог.

-Гишүүд өөрсдөдөө 76 тэрбум төгрөг хуваарилсан нь нийгмийг их бухимдуулсан?

- УИХ-ын гишүүн тойрогтоо мөнгө гаргах гээд л өөрсдөө өөрсдийнхөө төлөө кноп дарсан. Үнэхээр энэ бол байж болохгүй. МУ-ын Ерөнхийлөгч 1 тэрбум төгрөгт хориг тавьж байхад 13 гишүүн дэмжсэн. Тэдний нэг нь миний бие байсан. Гэхдээ их хурал бол олонхоороо л асуудлыг шийдчихдэг шүү дээ.

-Та бол нийслэлээс сонгогдсон гишүүн. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн гэр хорооллынхон таны тойрогт ордог. Бид Чингэлтэй дүүргийн иргэдтэй нэг биш удаа уулзаж байхад, хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа хүн маш их байсан л даа. Яах аргагүй хүүхдийн мөнгө зарим нэг хүмүүсийг хоолтой байлгаж байсан гэж би бодож байна?

-Энэ бол яах аргагүй үнэн. Хэдийгээр миний бие бэлэн мөнгөний амлалтад шүүмжлэлтэй хандаж байгаа ч бид хүүхдээс мөнгө харамлах ёсгүй л дээ. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тойрогт 1 тэрбум төгрөг хуваарилуулж дэмжсэн юм чинь эрх биш энэ хүүхдийн мөнгийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай л байгаа. Ер нь өнөөдөр хамтарсан Засгийн газарт хариуцлага гэж алга байна. Монголын төр эхлээд өөртөө хариуцлагатай хандмаар байна.

-Яах аргагүй нийгэмд яг өнөөдөр үгүйлэгдэж байгаа , дутагдаж байгаа зүйл бол төрөх эмнэлэг болчихоод байна. Би нэг зүйлийг их гайхдаг, яагаад УИХ-ын гишүүд 4-р төрөх барих тухай асуудлыг ярихгүй байна вэ?

-Эхлээд би хэд хэдэн зүйл ярьмаар байна. УИХ 30 тэрбум төгрөг ямаанд өгсөн, дампуурч байгаа банкуудад зуу зуун тэрбум төгрөг өгсөн. Хэрвээ сөрөг хүчин байсан бол энэ их мөнгийг салхинд хийсгэхгүй л байсан. Хувийн компани дампуурлаа гэхэд бид май гэж мөнгө өгдөггүй. Тэрэнтэй ижил банкууд зах зээлийнхээ жамаар өрсөлдөөд амьдарч чадах нэг нь амьдраад , чадахгүй нь дампуурч байна. Тэрнээс биш тухайн банкийг дампууруулсан улс төрчдийн авсан мөнгөний өмнөөс улс мөнгө төлнө гэж байж болохгүй санагддаг. Эрүүл парламент байсан бол өөр байх байсан. Харин өнөөдрийн парламент эрүүл биш байна. Эмнэлгийн хэлээр бол Монголын парламент гаж болчихсон байна. Эрүүл , улс эх орны хөгжилд нэмэр болох шийдвэр үнэхээр гарахгүй байгаа учраас би ийм дүгнэлт хийж байгаа юм. Ер нь бол нэг том хэмжээний төрөх барихад 10-20 тэрбум төгрөг шаардлагатай. Ямаанд өгсөн 30 тэрбумаар их том эмнэлэг олон улсын стандарт хангасан эмнэлэг барих боломж байсан. Тэр банкуудад өгсөн зуу зуун тэрбумаар өчнөөн сайхан эмнэлэг сургууль барих байлаа. Би энэ бүгдийг эсэргүүцэж байсан ч харамсалтай нь олонхоороо асуудлыг шийдээд байна. Одоо Засгийн газрын ордны асуудал яригдаж байна. Хойд цэцэрлэгт хүрээлэнг нураагаад ордон барина гэх юм. Миний хувьд байр саваа жижигдээд байна гэж огт яриагүй. Ийм том өрөөнд би ганцаараа сууж байна. Тэгэхээр төрийн ордон барих 12 саяыг бид эмнэлгийн байранд оруулж болно гэж бодож байна. Заавал ордон барь гэсэн гэдэг. Бидэнд төрийн ордноос илүү төрөх эмнэлэг хэрэгтэй гэдгийг л бид бүгд ухаарах хэрэгтэй байна.

Ж.Батхишиг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.