Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын 11 гишүүн шаардлага хүргүүллээ
2010.03.29

Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын 11 гишүүн шаардлага хүргүүллээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим заалт Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчжээ. Иймээс УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Алтай, Н.Батбаяр, Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир, Д.Одхүү, Ш. Сайхансамбуу, Д.Энхбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, З.Энхболд нар УИХ-ын даргад зургаан зүйл бүхий шаардлага хүргүүллээ.

Бичгийн бүрэн эхээр нь нийтлэв.

МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Д.ДЭМБЭРЭЛ ТАНАА
Улсын Их Хурлын Шийдвэрийн
Биелэлтийг Хангах тухай


2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдан 2010 оны 04 сарын 06-наас  мөрдөгдөх Оюу толгойн Хөрөнгө оруулалтын  болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим заалт нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль, тогтоомж \ УИХ-ын 2008 оны   40, 2009 оны 57-дугаар тоот тогтоол \-той доорхи байдлаар нийцэхгүй байна.

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 30.1-н ордын нөөц,  техник, эдийн засгийн үндэслэлтэй холбогдсон заалт хэрэгжсэнгүй. УИХ дээр гэрээг хийх зөвшөөрөл өгөх үеэр танилцуулагдаж байсан тус ордын зэс, алтны нөөцийн 44 орчим хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэлгүйгээр ТЭЗҮ-г өчигдөр хүлээн авлаа.
  2. УИХ-ын  40 дүгээр тогтоол болон 57 дугаар тогтоолд “Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар  тохиролцох” гэж заасан боловч, хөрөнгө оруулагчаас 250 сая ам.долларийг жилийн 5 хувийн хүүтэй зээл авахаар болсон байна. Түүнчлэн энэ зээлийн урьдчилгааны 100 сая ам.долларийг урьдчилгаа төлбөр гэж олон нийтэд ойлгуулсаны шалтгаан тодорхой бус байна.
  3. УИХ-ын 57 дугаар тогтоолын “. . . эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай” гэсэн заалт огт хэрэгжээгүй байна.
  4. Эдгээр гэрээний “...энэ төсөлтэй холбогдсон зарим урсгал зардал улмаар Менежментийн үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.”  гэсэн заалт нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна.
  5. УИХ-аас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг  энэ төсөлд зориулж 2011 оны 01 сарын 01-ээс хүчингүй болгох хууль баталсан. Энэ татвар хүчингүй болоогүй өнөөдөр ч гэсэн Эрдэнэт үйлдвэр төлсөөр байгаа нь хууль батлагдсан боловч хүчин төгөлдөр болоогүйг харуулж байна. Ийм байхад хүчин төгөлдөр болоогүй хуулийг үндэслэж гэрээ хийсэн нь УИХ-аас “зөвхөн Монгол улсын хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн гэрээг хийх” гэсэн заалтыг зөрчиж байна.
  6. Гэрээг хүчинтэй болохоос өмнө УИХ-аас Засгийн газарт  нөөцийн татварын 5 хувийг шаталсан хэлбэрийн шинэ татвараар солихоор хууль өргөн барих чиглэл өгөгдсөн боловч, одоогоор ямар ч ажил хийгдээгүй байна.


Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.8,  Улсын Их Хурлын тухай хуулийн 4.1, 11.1.5-д заасныг баримтлан  УИХ-ын дарга Таны зүгээс ирэх 04 сарын 06-аас өмнө энэ гэрээтэй холбогдсон УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газартай ажиллах нь зүйтэй байна.

Ингэснээр Засгийн газар хууль,тогтоомж зөрчихгүй гэрээнүүд нь хуульд нийцэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Хүндэтгэсэн,

УИХ-ын гишүүд:

Д. Ганхуяг
З.Алтай
Н. Батбаяр
Ш. Сайхансамбуу
Г.Баярсайхан
Э.Мөнх-Очир
Д.Одхүү
Д.Энхбат

Хууль зүйн байнгын хорооны дарга Б. Батэрдэнэ

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн


Аюулгүй байдал гадаад бодлогын
байнгын хорооны дарга
З. Энхболд

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.