Д.Ганхуяг: С.Баярцогт, Д.Зоригт нар биднийг "Үхэхдээ үхэр буугаа тавилаа" гэж байх юм
2010.03.31

Д.Ганхуяг: С.Баярцогт, Д.Зоригт нар биднийг "Үхэхдээ үхэр буугаа тавилаа" гэж байх юм

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим gankhuyag_02заалт Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн 11 гишүүн УИХ-ын даргад шаардлага хүргэсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж чадах уу?

-Бид гэрээг буцаах тухай яриагүй. Энэ гэрээ сайн, муу аль нь ч бай Монгол Улсын эрх ашиг хөндөгдөнө. Монгол улс хууль зүйт төртэй. Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбоотой гаргасан УИХ-ын 40, 57 дугаар тогтоол гэж бий. Гэрээг эцэслэн гарын үсэг зурахдаа энэ хууль тогтоомжийг баримтлаарай гээд Засгийн газарт зөвшөөрөл олгосон. Гэтэл гэрээ байгуулах явцад Хөрөнгө оруулагч болон Монгол Улсын Засгийн газраас хэдхэн хүн ашигтай ажиллаж байна. Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн хугацаанд нөхөөд хэд дахин нугалж байгаа тоо, баримт бүхий хардлага ард түмэн, улстөрчдийн дунд байна. Тэгэхээр энэ бүх хардлага, тоо баримтыг ойлгомж-той, нэгдсэн мэдээлэлтэй болгох хэрэгтэй. 2009 оны аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш Засгийн газар, "Айвенхоу майнз"-ынхантай хамтарч ажиллаад эцсийн хувилбараа танилцуулахад Ашигт малтмалын тухай хууль бусад хууль тогтоомжуудыг хангалтгүй биелүүлжээ. Яахав УИХ-аас гаргасан шийдвэр тогтоомж бүрэн хэрэгжихгүй байж болно. Ажлын явцад энэ заалт нь хэрэгжих боломжгүй байна гэдгээ мэдэгдээд шийдвэрийг эргэж харуулж өөрчлүүлэх, хүчингүй болгуулах боломж байсан. Ер нь Засгийн газар улс орныхоо эрх ашгийн төлөө эцсийн хүчээ шавхаж ажиллах ёстой. Миний хувьд УИХ-ын даргад өгсөн шаардлагын хоёр зүйл санаа зовж байгаа.

-Тодруулбал?

-Хөрөнгө оруулалтын гэрээг 10 дугаар сарын 6-нд баталж байхад Оюутолгойн ордын нөөц 45 сая тонн зэс, 1838 сая тонн алттайгаас 44,5 хувь гэрээнд тусгагдсан. Үүнээс хойш Засгийн газрын ажлын хэсэгт иргэний нийгэм, мэргэжлийн байгууллага, эрдэмтэд шаардсаны хүчээр Монголын талд оногдох хувь хэмжээг 5-6 тонноор нэмэгдүүлсэн. Монголчууд нэгдэж эрх ашгийнхаа төлеө тэмцвэл юунд хүрч болдгийг харууллаа. Монголчууд өөрсдөө хийчихсэн техник эдийн засгийн үндэслэлгүй "Айвенхоу майнз" компанийнхийг бариад хоёр талаас нь тайлбарлаад сууж байна. Материалыг нь харахаар зэсийн хүдрийн агууламж нь 0,92 хувьтай, тодорхой нөхцөлд ашиглаж болно гэсэн хэсгийнх нь нөөц 0,84 хувьтай гэж. Хайгуул нь дуусаагүй болохоор цаашид нөөц нэмэгдэх байтал эндээс ямар нэг ашгийн тооцоо хэлбэлзэхгүй гэсэн байна. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолд ирээдүйд олох ашгаас урьдчилгаа ав гэсэн. Гэрээ анх үзэглэхэд урьдчилгаа төлбөрийг 12 хувийн хүүтэй оруулж ирсэн. Тухайн үед яагаад ийм өндөр хүүтэй зээл оруулж ирж байгаа юм. Үүнийгээ багасга гэсэн үүрэг өгсөн. Дараа нь бидэнд өгсөн мэдээлэл дээрээ таван хувь болсон гэж байхад Сангийн сайд С.Баярцогтын ярилцлагад гурван хувь байна лээ. Үүнийгээ бага хүүтэй зээл болгоод бондоор Засгийн газраас барьцаа гаргаад өгчихсөн гэдгээ хэлчихгүй хэрүүлийн алим болгоод сунжруулаад байх юм. Уг нь ирээдүйд олох орлогоороо худалдаа хийж хөрөнгөө босгох байхгүй юу.

-Таван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо хийсэн байгаа. Зарим гишүүн үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Та ч ийм байр суурьтай байгаа юу?

-Хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа Монголын талын хувь хэмжээг 51-д хүргэх талаар зохицох гэж байгаа. Зэсийн үнийг 4200 ам.доллараар тооцоход 4,5 жил, 6200 ам.доллараар тооцвол 2,5 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх боломж бий. Тэгэхээр төр төмбөгөр, ёс ёмбогор байя л гэж байгаа юм.

-УИХ-ын даргад шаардлага өргөн барьсан гишүүд Засгийн газрыг унагаж дараагийн ээлжийн сайдын суудалд санаархаж байна гэсэн хардлага гараад байгаа. Тийм санаа үнэхээр байна уу?

-Монгол улс мөнгө босгох хамгийн боломжтой орд нь яах аргагүй Оюутолгой. Тиймээс бид энэ боломжийг алдахгүй, гадныханд баялгаа тавиад туучихгүй гэсэндээ үндэслэл бүхий шаардлага тавьсан. Бид Засгийн газрын сайдын сандал ширээ бодоогүй. Өчигдөр орой Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар биднийг "Үхэхдээ үхэр буугаа тавилаа" гэж хэлж байх юм. Биднийг Засгийн газрыг унагаах гэж хамгийн сүүлийнхээ аргыг хэрэглэж байна гэж байгаа юм уу, ойлгоогүй. С.Баярцогт олон жил парламентад суусан хүн. УИХ-ын шийдвэрийг Засгийн газар гүйцэтгэдэг гэдгийг мэдэх л ёстой.

-Хамтарсан Засгийн газрыг унагаах гэсэн нөхөд Ардчилсан хүчний холбоо байгуулаад МАХН-ынхантай хүч хавсарч байгаа гэсэн бор шувууг сүүлийн үед их нисгэж байна?

-"Ардчилсан хүчний холбоо" улс орноо, нийгмээ шинэчилье гэсэн хүсэлтэй хүмүүсийн нийлж байгуулсан төрийн бус байгууллага. Шинэчлэлийг УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар хийдэггүй юм байна. Өнөөдөр нийгмийн салбаруудад шинэчлэл хийх, бодлого боловсруулах менежмент нь явахгүй байгааг хүн бүр харж байна. Түүнээс биш Засгийн газрын унагаахын төлөө холбоо, төрийн бус байгууллага байгуулаад явж байгаа гэх жижиг зүйл ярьж байгаад гайхаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.