Ормузын хоолойг хаах хуулийн төслийг Ираны парламент дэмжлээ
2012.07.24

Ормузын хоолойг хаах хуулийн төслийг Ираны парламент дэмжлээ

Ираны Парламентын 290 гишүүний 150 нь Ормузын хоолойг хаах хуулийн төслийг дэмжсэн байна. Парламентын төлөөлөгч Карими Кудусийн хэлснээр Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хуулийн төслийг дэмжвэл дэлхийн нефтийн 35 хувийг зөөдөг уг хоолойг хаах гэнэ. “Европын холбооны орнууд хориг арга хэмжээгээ дахин сунгавал Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх эрхгүй болно” хэмээн К.Кудуси онцолжээ. Түүнээс гадна хоолойг хаахад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн саад болж чадахгүй хэмээн үзэж буйгаа тэрбээр өгүүлэв.

Иранаас газрын тос импортлохыг хориглосон Европын холбооны хариуд нефть тээвэрлэх танкеруудыг Ормузын хоолойгоор явуулахгүй асуудлыг Тегеран сөхсөн билээ. Мөн Ираны газрын тос ачсан танкеруудыг даатгалдаа хамруулахыг Европын компаниудад хориглосон аж. Персийн буланг Оманы булантай холбосон Ормузын хоолойн хойд хэсгийг Иран, өмнөд хэсгийг Арабын нэгдсэн Эмират улс хянадаг. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта Иран ийм арга хэмжээ авбал Вашингтон хариу үйдэл хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.