2012.07.27

"Эрүүл Монгол хүүхэд" аяны мэдээллийн санг хүлээлгэн өгөв

"Эрүүл хүүхэд" аяны үр дүнд Монгол улс 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болж, мэдээллийн санг Засгийн газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2012 оны 7-р сарын 25 нд ЭМЯ дээр болов. "Эрүүл хүүхэд" аяны үндсэн зорилтуудын нэг нь хүүхдийн эрүүл мэндийн талаар эрүүл мэндийн байгууллагын бүртгэл мэдээллийг сайжруулж, хүүхдийн эрүүл мэндийн хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдэж, энэ чиглэлээр зохион байгуулсан ажлууд амжилттай хэрэгжлээ. Цахим мэдээллийн сангийн программыг боловсруулах, эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн болон програм хангамжийн ажилтнуудыг сургах, дадлагажуулах, мэдээллийн тусгай маягт, мэдээлэл авах урсгалын бүдүүвчийг боловсруулах ажлуудыг аяны үзлэгтэй зэрэгцүүлэн эхлүүлсэн юм. Түүнчлэн эрүүл мэндийн үзлэгийн өдөр бүрийн болон долоо хоногийн мэдээллийг дээрхи тусгай маягт, мэдээллийн урсгалын бүдүүвчийн дагуу аймаг орон нутаг, нийслэлийн дүүргүүдээс өдөр бүр 16.00-17.00 цагт eruulhuuhed2012 @yahoo.com цахим хаягаар хүлээн авч байв.

"Эрүүл хүүхэд" аяны нээлт 2012 оны 3-р сарын 19 нд болж, үзлэг эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар үзлэгт хамрагдвал зохих 976941 хүүхдээс 816941 хүүхэд буюу 83.6 хувь нь хамрагдаж, мэдээллийн санд 796680 хүүхдийн буюу 97.5 хувь нь бүртгэгдээд байна.

Үзлэгт хамрагдсан хүүхдийн 68.0 хувьд нь ямар нэгэн өвчин эмгэг илэрсэн. Аяны эхний шатанд бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлынх нь талаар мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үйл ажиллагаатай зэрэгцүүлэн өвчлөлтэй илэрсэн хүүхдүүдийг эмчлэх ажлыг эхлүүлсэн. Илэрсэн өвчлөлийг нь эмчилж, эрүүлжсэн хүүхдийн тоо 73575-д хүрч, үүнээс 22680 хүүхдийн шүд цоорох өвчнийг эмчилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжийг 1700 хүүхэд аваад байна.

"Эрүүл хүүхэд" аяны мэдээллийн санг хүлээлгэн өгөх үйл ажиллагаан дээр Клиникийн 1-р Амаржих газрын Төрөх тасгийн эх баригч Б.Оюунгэрэлд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өөрийн нэрэмжит шагналаа гардуулан өгөв. Б.Оюунгэрэл нь тус амаржих газарт 34 жил ажиллахдаа 13800 хүүхэд эх барьж, 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэн, 1999 онд дэлхийн 6 тэрбум дахь хүн, 2007 онд Улаанбаатарын 1 сая дахь иргэнийг эх барьж, өлгийдөн авснаараа "Эрүүл хүүхэд" аяны хүрээнд Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагналыг хүртэх  энгийн хэрнээ онцгой үйлстэнээр шалгарчээ
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.