Зөвшөөрөлгүй барилгуудыг нураавал төр гарсан зардлыг нь хариуцахгүй
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас тодрууллаа.
-Зөвшөөрөлгүй баригдаад байгаа барилгуудад хэрхэн хяналт тавих талаар өнөөдрийн /өчигдөр/хурлаар яригдсан уу?
-Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг цаашид хэрхэх талаар өнөөдрийн /өчигдөр/ хурлаар нэлээд яригдсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргаж зөвшөөрөлгүй барилгуудад хяналт тавих ажлын хэсэг гаргаж, тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Гэхдээ нэг талаараа барилгын компаниудад хууль сахиулах талаар шаардлага тавьж хариуцлага тооцно. Нөгөө талаас эдгээр барилгын компаниудад барилга барихад учирч байгаа хүндрэл юу байна гэдгийг мөн судлах болно.
Тухайлбал, шинээр барилга барихад 120 гаруй албан тушаалтнаас зөвшөөрөл авч гарын үсэг зуруулдаг. Энэ бүх зөвшөөрлийн цаана тодорхой хүнд суртал байгаад байгаа юм. Ер нь хүнд суртал өөрөө авлигыг дагуулдаг аюултай үзэгдэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, барилга барих компаниудад хуулийг мөрдөж ажиллахыг шаардана. Нөгөө талаас зөвшөөрөл өгөхдөө гол биш зөвшөөрөл авахад нь үйлчилгээ үзүүлэх чиглэл рүү нь хандах дүрэм журмыг боловсруулан ирэх сард ИТХ-ын хурлаараа хэлэлцэж шийднэ.
-Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах уу, хэрэв нураавал гарах хохирлыг хэн хариуцах вэ?
-Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хуулийн заалт байдаг. Гэхдээ шүүх хурлаар шийдсэний дараа нураана. Түүнээс одоо зөвшөөрөлгүй нь тогтоогдоод байгаа барилгуудыг бол бүгдийг нь нураана. Бид хуулийн дагуу холбогдох байгууллагад нь мэдэгдэнэ. Тухайн холбогдох байгууллагуудын шийдвэрээ гаргах ёстой. Хэрэв зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шүүхийн шийдвэр гарвал хууль зөрчиж барилга барьсан хүн өөрөө зардлыг хариуцдаг байна. Гадуур яриад байгаа шиг төр хариуцахгүй.
-Уг байгууллагуудад цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
-Зөвшөөрөлгүй барьсан барилгын байгууллага бүр тус тусын шалтгаантай байгаа. Тухайлбал, хүнд суртлын асуудлаас болоод зөвшөөрөл авч чадахгүй, эсвэл үнэхээр хууль зөрчөөд барилга барьсан гэх мэт олон шалтгаан байгаа. Тиймээс ямар шалтгаанаар барилга зөвшөөрөлгүй баригдсан байна гэдгийг тухайн компани тус бүр дээр нь тогтооно. Тиймээс барилга бүрт нь тодорхой өөр өөр хариуцлагын асуудал яригдана. Тодруулбал, торгох, тухайн барилга нь үнэхээр хөдөлмөр хамгааллын аюулгүйн ажиллагааг удаа дараа зөрчсөн бол тухайн барилгын эрхийг нь цуцлах, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгоно гэсэн үү, шууд нураах уу гээд олон байдлаар хариуцлага тооцогдоно.