В.Путиний тухай үнэн ба худал - ДОМОГ
2012.10.13

В.Путиний тухай үнэн ба худал - ДОМОГ

Владимир Путин 60 нас хүрлээ. Их хааны түмэн өлзий гийсэн ой болж буй мэт ерөөл магтаал, бэлэг сэлт хэдэн өдөр ундрав. Харин Германы “Focus” сэтгүүл түүний тухай хамгийн их дэлгэрсэн зургаан домог үнэн худал алин болохын учрыг тайлбарлажээ. 

ДОМОГ 1: В.ПУТИН ОРОСЫН НИЙГЭМД ЭМХ ЦЭГЦ, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН.

Б.Ельциний үеийн хөл толгойгоо алдсан нийгмийг В.Путин цэгцэлж, тарж бутрах дээрээ тулаад байсан их гүрнийг аварч авч гарсан гэж Баруун дахь Оросын ерөнхийлөгчийг дэмжигчид номлодог. Үнэн хэрэг дээрээ бол В.Путин 90-ээд оны төрийн хүчгүйдлийг үнэмлэхүй засаглал болгон өөрчилсөн юм. Ингэснээр төр дээрээ ч, доороо ч дураараа дургих болсон юм. 90-ээд онд оросууд зохион байгуулалттай ба зохион байгуулалтгүй гэмт хэрэгтнүүдийн гэрийн хатавчинд чичирч амьдардаг байсан бол өнөөдөр төрийн түшмэдийн өмнө сөхөрч амь зууж байна. Хатуу чанд хууль, хүн бүрт хамаатай тоглоомын тодорхой дүрэм бүхий хүчирхэг улс байгуулахын оронд В.Путин хүчтэй төрийн аппарат бий болгоод тэрийгээ бүхий л хууль, тоглоомын дүрмийн дээгүүр тавьсан юм. Төрийн түшмэдийн тоо түүний үед 1.16 саяас 1.65 саяд хүрээд байна. АНУ-тай харьцуулахад ОХУ-д санхүүгийн байгууллагын ажилтнууд дөрөв дахин, гаальчид нь 2.5 дахин олон байна. Төр, мафи хоёр нь сүлэлдэж нэгэн биед ууссан бол шүүх, парламент, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрд найр тавин үйлчилдэг болжээ.

ДОМОГ 2: В.ПУТИН ЗХУ-ЫГ МӨРӨӨДӨН САНАГАЛЗДАГ

Өвөө нь Ленин, Сталины тогооч байсан бол ач хүү нь Зөвлөлтийн хуучин төрийн дууллыг шинэ үгтэйгээр буцаан хэрэглэсэн. Түүний заавраар дунд сургуулийн сурах бичигт И.Сталиныг магтдаг. ЗХУ-ын задралыг тэрбээр XX зууны геополитикийн их гамшиг гэж үздэг бол түүний томилсон Соёлын сайд ердөө өнгөрсөн долоо хоногт “Өнгөрсөн түүхээсээ алдаа хайж шиншлэхээ болихыг” уриалсан. Гэх мэтчилэн Зөвлөлтийн уламжлалыг хүндэтгэн үздэг нь Барууны орнууд дахь зүүний үзэлтнүүдийн хувьд В.Путинийг талархах сайхан аян шалтаг болдог байна. Тэгвэл үнэн хэрэг дээрээ ямар байна вэ? В.Путиний хувьд Зөвлөлтийг хүндэтгэх үзэл нь их гүрний их зан аяг, большевик маягийн засаглалын арга барилыг нь авахаас хэтрээгүй. Нийгмийн салбарт гэвэл ЗХУ-ын олсон ололтоос В.Путиний Орост бараг юу ч үлдээгүй юм. Өнөөдрийн Орост эргэлт буцалтгүй, өршөөлгүй капитализм ноёрхож байна. Үүний хажууд АНУ үлгэр жишээ нийгмийн системтэй орон гэж харагдах бол Германыг ерөөсөө л социалист орон гэхэд болно. Орост баячуудын тоо улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд 2012 онд энэ улс долларын саятнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орж ирсэн билээ. Тэгвэл 2011 оны сүүл гэхэд хүн амынх нь 16 хувийн орлого амьжиргааны баталгаажих түвшингээс доошоо орсон юм.

ДОМОГ 3: В.ПУТИН-ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАГЧ

Ерөнхийлөгчийн алба хашсан эхний дөрвөн жилдээ (2000-04 он) В.Путинийг эдийн засгийн цогц шинэчлэл хийснээр нефтийн үнийг эрс өсгөж улс орны эдийн засгийг өөд нь суга татсан гэж хэлдэг. Орлогын албан татварыг иргэдэд тэгш 13 хувь хүртэл бууруулсан нь үнэн боловч тэрбээр үүнтэйгээ зэрэгцүүлээд олон нийтийн болон ардчилсан хөдөлгөөнүүдтэй тэмцэх тэмцэлд ханцуй шамлан орсон нь бас үнэн юм. Кремлийг шүүмжилдэг НТВ телевизийн шүүсийг шахсан нь үүний ганцхан жишээ.

ДОМОГ 4: В.ПУТИН ОРОСЫГ ДАХИН ХҮЧИРХЭГ УЛС БОЛГОСОН

В.Путиний суртал ухуулгын аппарат “...үндэсний удирдагч Орос орныг хөл дээр нь босгож дахин хүчирхэг гүрэн болгосон” гэхчлэн маань мэгзэм уншиж байгаа аятай дуржигнуулдаг. Дэлхий дахин, юуны түрүүнд Барууны орнууд Оросоос дахин хирдхийн айж байна хэмээн тэр маань мэгзмээрээ хэлж байгаа нь тодорхой. Барууныхан Оросоос болгоомжилж байгаа нь үнэн, гэхдээ Орос хүчирхэг болчихоод ч тэгсэн юм биш. Хамгийн гол шалтгаан нь Оросын гадаад бодлого урьдчилж таахын аргагүй болчихоод байгаад буй юм. Б.Асад, М.Ахмадинежад, Хойд Солонгосын удирдагч гэх мэт дэлхийн улс төрд муу нэр, луу данстай, хэзээ ч яаж ч мэдэх нөхдүүдтэй Москва хошуу холбох гэж эрмэлзээд байгаа нь л болгоомжлол төрүүлж байгаа билээ.

ДОМОГ 5: В.ПУТИН УЛС ОРНОО ОЛИГАРХУУДААС ЦЭВЭРЛЭСЭН

Оросын хамгийн баян хүн байсан Михаил Ходорковский 2003 оноос хойш торны цаана сууж байна. Б.Ельциний үед хууль бус аргаар асар их хөрөнгө хураасан ойгүй баян этгээдүүдэд В.Путин байх ёстой газрыг нь зааж өгсөн нь энэ гэж олон хүн уг явдлыг үнэлдэг. Үнэндээ бол ЮКОС-ын эзэн Кремльтэй зөвшилцөлгүйгээр концерноо удирдаж, мөн сөрөг хүчнийг дэмжиж санхүүжүүлж байсан нь ерөнхийлөгчийн дургүйг хүргэсэн хэрэг юм. В.Путинийг ивээн тэтгэдэг байсан Борис Березовский, хэвлэлийн магнат Владимир Гусинский хоёрыг эс тооцвол Б.Ельциний үеийн баячууд, хураасан хөрөнгийнхөө гарал үүслийн асуудлаас өчүүхэн ч айж ичихгүйгээр ажил амьдралаа цэцэглүүлсээр байна.

ДОМОГ 6: В.ПУТИН ОЙРЫН ИРЭЭДҮЙД ОРОСЫГ АРДЧИЛСАН УЛС БОЛГОНО

Орос ардчилсан улс болох нөхцөл хараахан бүрдээгүй, ийм болгоход цаг хугацаа хэрэгтэй, В.Путин хөгжлийн замаа яг энэ чиглэлд аажим аажмаар хандуулж байгаа, юуны түрүүнд ард нийтээрээ нэгэн захиргаанд ороод авах хэрэгтэй гэхчлэнгийн үг байн байн сонсогддог. Төрийн мэдлийн телевиз нь ардчилалтай холбоотой үг дуугарахаараа өмхий самхай юмны тухай ярьж байгаа аятай хамар амаа дарж шахуу ярьдаг байхад төрийн байгуулалтын ардчилсан хэлбэр оросуудын сэтгэлийг татах нь юу л бол. Төрийн эрхэнд 13 жил байхдаа В.Путин өөрчлөн байгуулалтын үеийн ардчиллын тэртэй тэргүй маруухан ололтуудыг үгүй хийх ганц ч боломжийг алдаж байгаагүй билээ. Ноёрхлоо нэгэнт тогтоосон үзэл сурталдаа тэр хэвлэл мэдээлэл, парламент, хууль шүүх бүгдийг захируулж авсан юм. Оросын улс төрийн тавцанд болж байгаа бүхий л үйл явцыг тэрбээр хошин жүжиг болгож хувиргасан бөгөөд үүний улмаас хамгийн гэгээн сайхан мөрөөдөлтэй иргэн нь хүртэл улс төрийн тэмцэлд оролцох ямар ч сонирхолгүй болж хувирч байна. Иргэний ухамсар, нийгмийн идэвх, ил тод байдал, иргэний нийгэм гээд ирээдүйд Орос орныг ардчилсан болгоход чухал шаардлагатай юу л байна, тэр бүгдтэй В.Путин туйлбартай тэмцэж байгаа билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.