Барак Обама: Бидний анх үнсэлцсэн газарт самбар босгосныг сонин дээрээс л мэдсэн
2012.09.28

Барак Обама: Бидний анх үнсэлцсэн газарт самбар босгосныг сонин дээрээс л мэдсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар “ABC” телевизийн “The View” шоунд оролцож, халуун дотно яриа өрнүүлжээ.

-Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай. Манай шоунд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та хоёрын хуримын 21 жилийн ой тун удахгүй болох гэж байгаа. Яаж тэмдэглэх гэж байна даа?
Барак Обама: Ирэх бямба гаригт бидний хуримын ойн өдөр тохионо. Ямар нэг онцгой байдлаар тэмдэглэнэ дээ.
-Та романтик уу?
Барак Обама: Тийм ээ. Тийм гэж бодож байна.
Мишель Обама: Тийм шүү. Гарцаагүй надаас илүү байх. Би нэг түүх ярья л даа. Хуримын анхны ойгоо би таг мартчихсан байна. Тэгэхэд бас бямба гаригт таарч байсан юм. Тэр гэнэтхэн л бямба гаригийг яаж өнгөрүүлмээр байна даа гэж асуухад нь бямба гариг чинь юу билээ гэж хариу асуусан. Гэтэл тэр их гайхаад, бидний хуримын анхны ой шүү дээ гэж хэлж байсан.
Барак Обама: Тийм ч юм болсон шүү. Их хөшүүн хүн шүү.
-Хүмүүс таныг их романтик бус, хөшүүн гэж боддог шүү дээ?
Барак Обама: Би ер нь түүнд аль болох харамгүй их цаг зарцуулж, анхаарал тавихыг хүсдэг. Тэр ч их дуртай.
-Одоо гэргийдээ харамгүй зарцуулах цаг гарч байна уу?
 
Барак Обама: Яг одоо бол олдохгүй л байгаа.
-Нөхрийнхөө хувийн зан чанарыг тодорхойлбол?

 

Мишель Обама: Тэр их өгөөмөр, нээлттэй, элэгсэг, хайр татам. Бас их хөгжилтэй. Би бүр илүү хөгжилтэй.
-Тэр хэр их дуугаа өндөрсгөдөг вэ. Их уурладаг уу?
 
Мишель Обама: Хүн юм чинь хааяа уурлалгүй яахав. Гэхдээ тэр их хүлээцтэй. Тийм ч их сэтгэлийн хөдлөлтэй биш.
-Гэхдээ одоо бол тэгж харагдахгүй л байна даа?
 
Мишель: Би байгаа болохоор л тэр. Би түүний сэтгэлийг хөдөлгөж, догдлуулж чаддаг цөөн хүний нэг.
-Чикагогийн мөхөөлдөсний дэлгүүрийн гадна “Энд Барак Обама анх Мишелийг үнсч байсан” гэсэн бичигтэй жижиг самбар байдаг гэж сонссон. Тэгэхээр анхны үнсэлтийнхээ талаар сэтгэгдлээс хуваалцаач?
 
Барак Обама: Үнэхээр амттай байсан шүү.
-Тэргүүн хатагтай их ичмээр байсан гэсэн. Ерөнхийлөгчийн хувьд харин амттай байжээ?
Мишель: Тэр самбар манайхтай их ойрхон болохоор их ичмээр санагдаад.
Барак Обама: Бид тэнд тийм самбар тавьсныг мэдээгүй байгаад сонин дээрээс харсан. Би энэ талаар хоёр дахь номондоо бичсэн байсан даа. Тэгээд л хэн нэгэн нь санаа авсан бололтой. Бидний анхны үнсэлтийн хувьд тэр өдөр хамт гадуур алхаж явахдаа мөхөөлдөс авч идэхээр болсон юм. Мөхөөлдөсний дэлгүүрт сул зай байхгүй байсан болохоор гадна талын хашилга дээр нь сууж байгаад мөхөөлдсөө идсэн. Тэр үед би Мишелиэс “Чамайг үнсч болох уу” гэж асуусан.
-Түүнээс зөвшөөрөл авсан хэрэг үү?
 
Барак Обама: Тэгэлгүй яахав.
-Тэгээд түүний хариултыг хүлээсэн үү?
Барак Обама: Түүнийг хариу инээмсэглэхээр нь би үнссэн.
-Та хайртай гэргийдээ, охиддоо аль болох их цаг зарцуулахыг хичээдэг гэлээ. Энэ завгүй өдрүүдэд таны ажил хэдэн цагт дуусч байна вэ?
Барак Обама: Ихэвчлэн урьдын адил 18.30 цагт.
-Сайн байна. Тухайн өдөр болсон үйл явдлыг, өдөр хэрхэн өнгөрснийг хоолны ширээн дээрээ ярьдаг уу?
Мишель Обама: Хоолны үеэр өнөөдөр ямаршуухан байна, нэг тиймэрхүү гэх мэтчилэн товчхон яриа өрнүүлнэ. Хоолны дараа охидоо гарч явснаас хойш илүү өргөн сэдвээр ярилцдаг. Заримдаа охидтойгоо хамт байхдаа ч цаг үеийн асуудлаар ярьдаг. Учир нь нэгдүгээрт тэд аав нь өдөр болгон юу хийдгийг ойлгож мэддэг байх нь зүйтэй. Бас тэдэнд амьдрал тэр бүр амар биш, заримдаа эдрээтэй гэдгийг тодорхой хэмжээгээр ойлгуулах хэрэгтэй гэж боддог.
-Охид тань аавынхаа талаархи сөрөг мэдээллийг хэрхэн хүлээж авдаг бол?
Мишель Обама: Тэд тэгж их хүндээр хүлээж авдаггүй. Үнэндээ тэд их хатуужилтай. Нэг өдөр Малия хүмүүс аавынх нь талаар олон янзаар ярьж, зарим нь санал нийлэхгүй байгаа талаар сонссон гэлээ. Тэгэхээр нь чамд тэгээд ямар санагдав гэж асуутал нэг их тоосон шинжгүй “Энэ чинь та нарын л санаа тавих асуудал шүү дээ” гэж хариулсан.
-Таны засаг захиргааны эдийн засгийн бодлогыг бүтэлгүйтлээ гэж шүүмжилж байгаа. Үнэхээр ч ажилгүйдлийн төвшин өндөр, эдийн засгийн байдал сайнгүй байна.
Барак Обама: Ажилгүйдлийн төвшин буурч байгаа ч хэтэрхий өндөр хэвээрээ байгаа нь үнэн. Гэхдээ бид маш хүнд хямралын үеийг туулж гарч байгааг мартаж болохгүй. Бидэнд тулгараад байгаа эдгээр асуудлыг нэг шөнийн дотор шийдэх боломжгүйг олон хүн мэдэж байгаа. Хугацаа шаардлагатай.
-Ингэхэд ирэх сонгуульд Митт Ромни ялбал юу болох бол?
Барак Обама: Америкууд зөвхөн тэсч үлдэхийг биш дахин хамгийн хүчирхэг нь болохыг хүсч байгаа. Тиймийн тулд манай засаг захиргааныхан дундаж давхаргынхныхаа хүрээг тэлэн, хүчирхэгжүүлэх замаар эдийн засгаа өсгөхийг зорьж байгаа. Ромнийн багийнхан шиг дээрээс нь баян чинээлэг хэсгээс нь өргөх биш. Дээр нь хүн бүхэн хэн нэгэн өөрт нь сайн зүйл хийж туслахыг хүлээн зүгээр сууж болохгүй. Хүн бүр сэтгэл гарган зүтгэж, хөдөлж байгаа цагт эдийн засаг тэр чинээгээр өсч хөгжинө.
-Ливи болон Ойрхи Дорнодод болж буй үйл явдалд хэсэг зуур анхаарлаа хандуулъя. Ливид АНУ-ын Элчин сайд болон дипломат ажилтнууд амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон. Тэндхийн хүмүүс зөнч Мохаммедын талаархи киноноос болж галзууртлаа уурлаж буй талаар мэдээлж байсан. Харин сүүлд нь үүнийг санаатай зохион байгуулсан терроризм гэж ярьж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
Барак Обама: Бид мөрдөн шалгалт явуулж байгаа. Тэдний хэрэглэсэн хүнд зэвсэглэлээс харахад энэ нь гэнэтийн санаандгүй бослого хөдөлгөөн биш гэдэг нь эргэлзээгүй байгаа. Гэхдээ одоогоор хангалттай мэдээлэл ирээгүй байна. Хамгийн эмгэнэлтэй нь Ливийг чөлөөлөхөд хамгийн их тусалсан, Ливийн ард түмний олонхийн хайр хүндлэлийг хүлээгээд байсан Элчин сайд тэдний өөрсдийнх нь гарт амь үрэгдсэн явдал байлаа. Сонирхолтой нь, халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй хэт туйлшрагчдыг эсэргүүцэн Ливид олон мянган хүн жагсаал хийсэн байна лээ. Энэ нь лалын шашинтнуудын олонхи нь энд байгаа хүмүүсийн адил боломжийг, хүүхдүүддээ боловсролыг, ажлын байр, энхтайван амьдралыг хүсч байгааг бидэнд харуулж байна. Гэвч хэт туйлшрагчид тэдэнд саад болоод байна. Тэд одоо хэцүүхэн шилжилтийн үеийг давж байгаа ч хүчтэй интитуцүүд, цагдаагийн хүчин, өөрийн гэсэн зохион байгуулалттай арми байхгүй байна. Би Элчин сайд болон дипломатуудаа сүүлчийн замд нь үдэхдээ ийм зүйл хийсэн бүх хүнийг олж, шударга ёсыг сахиулна, дэлхий даяар байгаа бүх дипломат төлөөлөгчдийнхөө аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаална гэдгээ амалсан байгаа.
-Мэдээж Ерөнхийлөгч, ялангуяа АНУ-ын төрийн тэргүүн байна гэдэг маш хүнд, асар өндөр хариуцлагатай ажил. Харин тэргүүн хатагтай байх хэр хэцүү вэ?
Мишель Обама: Хүнд хэцүү шийдвэр гаргах шаардлагагүй болохоор миний ажил хамгийн сайхан нь. Хүссэнээ хийж, өөртөө цаг гаргаж чадна. Улс орноороо аялна. Заримдаа охидтойгоо хамт дээс тоглоно. Ер нь хийж байгаа бүх зүйл минь надад таалагддаг. Харин Ерөнхийлөгчийн хувьд дургүй ч, хэцүү ч хийх ёстой л бол хийх л болдог.
-Мишель Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзэх хэрэгтэй байх аа. Гэтэл тэр огт хүсэхгүй байна гэж байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
Барак Обама: Мишель гайхалтай Ерөнхийлөгч болж магадгүй л дээ. Гэхдээ түүний темпераментыг бодохоор өөрийнх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Тэр улс төрд тохирохгүй байх.
Мишель Обама: Нээрээ шүү, үнэн. АНУ-ын Ерөнхийлөгч болохын тулд асар их тэвчээртэй байх ёстой. Гэтэл би тийм ч тэвчээртэй хүн биш.
-Цагаан ордонд өнгөрүүлсэн жилүүд амар байгаагүй ч та хоёрыг илүү ойр дотно болгож, гэрлэлтийг тань бэхжүүлсэн гэж та хэлж байсан. Энэ талаар яриач?
Барак Обама: Сүүлийн хэдэн жилд бидэнд өмнөхөөсөө илүү олон цагийг хамт өнгөрүүлж, саад бэрхшээлийг хамт туулах боломж олдсон гэх үү дээ. Ихэвчлэн би хол явлаа гэхэд түүнээс нэг давхрын л дээр байгаа болохоор. 30-хан секунд явах л газар шүү дээ.  Дээр нь бид гэрлээд хэдийнэ 20 жил болчихсон болоод ч тэр үү бие биедээ илүү гүн уусч, илүү гүн бат итгэдэг болсон байна.
-Та хоёр хэрэлдэж, муудалцдаг уу?
Барак Обама: Мэдээж.
-Охидтойгоо хэр их цагийг өнгөрүүлж байна вэ?
Барак Обама: Мэдээж аль болох ойр байхыг хичээдэг. Гэхдээ маш хурдан өсч том болж байна. Илүү биеэ даах шинжтэй болж байгаа. Мэдээж аавдаа өмнөх шигээ л хайртай хэвээрээ ч надад нэг удаадаа хамгийн ихдээ л таван минут зарцуулна шүү дээ. Сайн уу, аав аа гээд л хажууд сууна. Намайг үнсэхгүй юм уу гэнэ. Тэгээд л за баяртай гээд яваад өгнө.
-Малия теннис тоглох дуртай. Харин Саша сагсан бөмбөгт хорхойтой. Ингэхэд та Сашагийн багийг дахин дасгалжуулах уу?
Барак Обама: Миний бодлоор Сашагийн “Vipers” багийнхан энэ жил дахиад ялагдашгүй хэвээр байна. Тэгэхээр…
-Таны хувьд охидын багийг дасгалжуулах, Конгрессын гишүүдийн саналыг аливаа асуудалд нэгтгэх хоёрын аль нь илүү хэцүү вэ?
Барак Обама: Өө, харьцуулшгүй. Охид багаараа тоглох дуртай.
-Тэд багаараа хэрхэн ажиллахыг мэддэг байх нь.
Барак Обама: Конгрессынхан тэднээс зарим зүйлийг сурах хэрэгтэй байх.
-Сонгуульд ялах, ялахгүй нь хамаагүй. Ирэх таван жилд юу хийхийг хүсч байна вэ?
Мишель Обама: Маш урт аялалд явахыг хүсч байна. Бал сараар явсан маршрутаараа. Тэр үед бидний аялал Сан Францискогоос эхлээд Лос Анжелост дуусч байсан. Бараг долоо хоногийг машиндаа өнгөрүүлж, хээрээр хооллон, хамтдаа дарс шимж, гайхалтай байсан.
-Харин Ерөнхийлөгч та Чикагод буцаж очоод юу хийнэ гэж бодож байгаа вэ?
Барак Обама: Үгүй ээ, яагаад намайг Чикаго явуулах гээд байна вэ. Хамгийн түрүүнд хийж амжуулах ёстой ажил энд байна шүү дээ. Биднийг сонгууль хүлээж байна. Надад хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа хийхийг төлөвлөсөн маш олон ажил байгаа. Харин бүрэн эрхийн хугацаагаа дууссаны дараа ихэнх цагаа хүүхдүүдтэй ажиллаж өнгөрүүлэхийг хүсч байгаа. Би хичээл заах дуртай. Хичээл зааж байснаа их үгүйлж байна. Гэхдээ аль нэг ангид суугаад хичээл заахыг бодохгүй байна. Түүний оронд олон хотоор аялж, сурагчид, оюутнуудтай уулзан тэдэнд боломж ямагт байдгийг ойлгуулахыг хүсч байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.