2012.10.30 | Сонин: Нийслэл таймс

Улстөрч нүүрс

Нүүрсний тулаан

Нүүрс бол хүний түүхийн хамгийн том эрчим хүчний хэрэглээ гэнэ. Дэлхийн эрчим хүчний 90 гаруй хувийг нүүрс хангаж байна. Удахгүй нөхөр нүүрс ноён нефтийг хэрэглээнээс гаргахаар тэмүүлж байна. 

Дэлхийн нүүрсний баталгаатай нөөц 120 жил. Хайгаад байвал 200 жил ч болох магадлал өндөр. Харин нефтийн хэрэглээ 50 жил. Нэмэгдээд 70 жилээс хэтрэхгүй. Өнөөгийн батлагдсан нүүрсний нөөцийн 30 хувь буюу 240 тэрбум тонн АНУ, 20 буюу 157 тэрбум тонн ОХУ, 14 хувь буюу 114 тэрбум тонн Хятад, 10 хувь буюу 92 тэрбум тонн Энэтхэг, есөн хувь буюу 78 тэрбум тонн Автрали, таван хувь буюу 50 тэрбум тонн нь ӨАБНУ-д ногдож байна. 2009 оны байдлаар 900 тэрбум тонн нүүрсний орд тоологдсон байдаг. Энэ нь дэлхийн нэг хүнд 130 орчим тонн нүүрс ноогдож байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл нэг монгол гэрийн 30 гаруйхан жилийн хэрэглээ.

Гэхдээ буурай хөгжилтэй орнуудын газар нутгийн тавхан хувь нь судлагдсан тул нүүрсний нөөц ойрын жилүүдэд хэд дахин нэмэгдэнэ гэсэн төлөгийг геологичид тавьж байгаа гэнэ. Харин уранаас эрчим хүч гаргах төсөл ирээдүйд худал болж таарч байна. Ирээдүйд төмөр, нүүрс, зэс, алтны хэрэгцээ баталгаатай нэмэгдэхийг эдийн засагчид баталдаг. Удахгүй нүүрсний төлөө тулаан өнөөгийн нефтийн төлөөх тулааны хэмжээнд очих тухай улстөрчид ярьж эхлэв. Сүүлийн тавхан жилийн дотор АНУ-ын нүүрсний хэрэглээ 50, Хятадын нүүрсний хэрэглээ хоёр дахин, Энэтхэгийн хэрэглээ 70 хувь нэмэгджээ. Америкчууд жил бүр хоёр тэрбум шахам тонн нүүрс хэрэглэнэ.

Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч бол АНУ-ын "Пибоди энержи’’ компани гэнэ. Тус компани байгаль орчинд халгүй технологи, менежментээрээ дэлхийд тэргүүлнэ. Нүүрсийг хамгийн өндөр ашигтай хэрэглэх, хамгийн өндөр үнэ хүргэх менежментээрээ энэ компани салбартаа онцгойрно. Буурай хөгжилтэй орнуудад нээгдсэн томоохон ордууд их гүрнүүдийн тулааны талбар болж байгаа нь өнөөдөр нууц биш. Энэ тулаанд хамгийн ялах магадлалтай улсаар Хятад тодорч байна. Хятад, Энэтхэг улс нүүрсний нөөцөөрөө тэргүүлэх ч нэг хүнд ноогдох нүүрсээрээ 50 гаруй орны дараа ордог мэдээ бий. Харин монгол улс нэг хүнд ноогдох нүүрсний хэмжээгээр тэргүүлж байна. Цаашдаа улам хол тасрах магадлал өндөр гэнэ.

Олон орнуудад нүүрсний асуудал шийдэх аргагүй байдалд хүрч байгаа тухай мэдээ гарч байна. Учир нь нүүрс эрчим хүчний хамгийн аюул багатай, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрт тооцогдоно. Жижиг орнууд барууны том хөрөнгийг татах замаар аюулгүй байдлаа хангах сонирхолтой болсон гэнэ. Удахгүй нүүрсний тулаан дэлхийн хэмжээнд даамжирна. Хоёр хөрш маань энэ бүхэнд олон жилийн өмнөөс бэлдэж нүүрсээ дарж эхэлсэн. Кремль Иранд тавьсан хоригийг ашиглаж нефтиэс олох ашгаа нэмэгдүүлж байгаа бол Бээжин дэлхий хямрах тухай жүжиг тавьж буурай орнуудын ашигт малтмалын ордуудад хязгааргүй хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Тэдний нүүрсний нөөц хүн ам, хэрэглээтэйгээ харьцуулахад тийм ч их биш. Эндээс нүүрсний тулаанд монголчууд бэлэн үү гэдэг асуулт гарна.

Монгол нүүрс

Монголчууд өмнөд хөршдөө нүүрсээ хямдхан өгч байгаа тухай шүүмжлэл байдаг. Хэдхэн жилийн өмнө сэтгүүлч Г.Дашрэнцэн “Монголын хаана ч гахай хадрахад нүүрс гарна. Миний төрсөн Нялга гэдэг газар Таван толгойгоос ч их нүүрс бий. Нүүрсийг харамлах биш, авах хүн олдож байвал хэдэн төгрөг болгож л байх хэрэгтэй. Таван толгой чинь мөсөн уулын орой байхгүй юу. Удахгүй гуйгаад ч авах хүн олдохгүй болно” гэж айлдсан. Зөнч түүний хэлсэнээр өнөөдөр нүүрсний экспорт буурч байгаа тухай мэдээ гарч байна. Үнэн хэрэгтээ манайхны ухдаг 20-хон сая тонн нүүрс дэлхий сөнөөгүй бол хаана ч борлогдоно. “Эх газрын төвд байрлах нүүрсний орд төмөр замгүй бол үнс" гэж Конрад Аденауэрын сангийн сургалтад оролцсон нэгэн гадны мэргэжилтэн 1996 онд ярьж байсан. Түүний үг үнэн гэдгийг өнөөгийн нүүрсний борлуулалтын бууралт батална. Хэдэн жилийн өмнөөс улстөрчдийн гоншигнож эхэлсэн монгол төмөр замын тухай үлгэр өнөөдрөөс баригдаж эхэлж байна.

Хэрэв бид Орос руу төмөр замаа тавьчихсан бол хэзээ нэгэн цагт болох улстөрчдийн пиар хийгээд байгаа дэлхийн хямрал бидэнд хязгааргүй ногоон босгох боломж байсан гэнэ. Харамсалтай нь өнөөгийн монгол нүүрс хятадаас өөр хэний ч аманд орох замгүй болчихоод байгаа аж. Энэ байдал цаашдаа хэр удаан үргэлжилнэ тэр хэмжээгээр хятадууд үнэ унагах бодлого баримтална.

Дэлхий хямарсан ч, эс хямарсан Ху овогт авахгүй гэвэл ухсанаас илүү хохирлыг монголчууд амсана. Дэлхийн хэмжээнд танигдсан монгол бизнесмен байхгүй болохоор сараар биш хэдэн арван жилээр гэрээ хийдэг үндэстэн дамнасан корпорациуд гэрээ хийхээс болгоомжилно. Дээр нь “Бэрдийн нүдэнд далай харам” гэгчээр хэдэн үеэрээ идээд барахгүй нүүрсэн дээрээ зодолдож байгаа монголчуудыг хараад захын соёлт бизнесмен ой гутна. “Монголчууд нүүрс зарахыг алтан бөгж хил гаргаад зарахтай адил ойлгож байна” хэмээн гадны нэгэн хөрөнгө оруулагч ярьсан гэдэг. Харин монгол эдийн засагчийн ярьж буйгаар болж нүүрс борлуулахад хэр улс төржинө. Тэр хэмжээгээр үнэ буурч хятадуудад таатай байх болно. Хоёр төмөр холбосон манай төмөр замын нэг төмөр орост харьяалагдана. Үндсэндээ бидэнд төмөр зам байхгүй гэсэн үг. Тэгэхээр монгол нүүрс үнс болж таарна. Түмэн гуйлгачинтай Хятад гүрэн өөрсдийгөө бус биднийг бодоод нэг тонн нүүрсийг нэг мо-гоор авч мэднэ.

Өнөөгийн монгол нүүрсийг ийм л хувь заяа хүлээж байна. Хоёр хөрш нигүүлсэж нутгаараа өнгөрүүллээ гэж зүүдэлж болно. Гэтэл хэн бидэнтэй гэрээ хийх нь сонирхол татна. Манайх шиг бизнесмен төрт оронтой гэрээ хийх хувийн өмчтөн олдохгүй л болов уу. Ашгаа бодоод хийлээ гэхэд бидний улс эв саналаа нэгтгэж гэрээгээ хэрэгжүүлж чадах уу гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Учир нь тэд нэг авахдаа хэдэн зуун галт тэргээр авна. Цаг нар, чанар стандарт гэж хатуу. Захын нэгэн өлөн нүдэт түшмэл хэдэн мянган тонн ачааг нь зогсоохыг тэд хүлцэхгүй. Заваарсан нэгэн авгай төмөр замыг хаагаад хэвтэхийг тэд тэвчихгүй. Эрхэм гишүүд гэрээг нь эсэргүүцээд илүү харж, билүү долоогоод байхгүй тэд ойлгохгүй. Нэг нь гэрээ хийгээд нөгөөдөх нь хүчингүй болгодог хар Африкийн бузар технологийг тэд мэднэ. Тэр хэрээрээ сонжих, тагнах ажиллагаанд тэд мөнгө цаг хайрладаггүй. Инээдтэй нь тэдэнд судлах, шинжих гэж цаг, хөрөнгө барах шаардлагагүй нэгэн баримт тэдний гарт очиж
 байна.

Алт сандайлсан гуйлгачин

Дэлхийд нэг хүнд ноогдох баялагаараа тэргүүлдэг Монголчуудын 40 хувийг ядууруулсан онолыг хүн төрөлхтөн бодож олоогүй гэнэ. Нэг хүнд ноогдох нүүрс, махаараа бас л хүний ертөнцийг тэргүүлж байгаа монгол хүн хэрэглээгээрээ Африкийн буурай хөгжилтэй орнуудын л өмнө гишгэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан нэг кг нүүрсийг 250 төгрөгнөөс 80 болтол бууруулав. Нийслэлийн гэр хорооллын 800 мянган иргэний идэх хоол энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх энэ баяртай мэдээг дуулгаж, түгээх ажлыг зохион байгуулахаар нийслэлийн гэр хорооллын хэсгийн ахлагч хэмээх мянга шахам хүнийг цуглуулав. Энэ бүх ажиллагааг зохион байгуулахдаа энгэр дүүрэн одон хүртэхгүй ч, их хэмжээний цэцэг, жимсээр үдүүлнэ хэмээн тэрээр сэтгэж. Харамсалтай нь нүүрсээр бүү хэл мөнгөөр дутдаггүй хэсгийн дарга нар “салаавч үзүүлэх нь” холгүй салав. Төмөр замтай, нүүрсний ордтой, цэрэг цагдаатай Ерөнхий сайд энэ хямд 28-хан вагон нүүрсийг гэр хорооллынхонд хүргэх чадал алга. Монголдоо ордны хаяанд байгаа хэдэн гэрт нүүрс түгээчих тогтолцоо манайд алга. Хэмжээгүй баялагтай монголд хэрээс хэтэрсэн ядуус төрсний шалтгаан ердөө л энэ. Идвэл би л иднэ эс бөгөөс хэн ч биш гэдэг монгол түшмэдийн араншин. Эрхэм хэсгийн дарга нар иргэдэд түгээх хямд нүүрсний тухай ярьж байхад Октябрийн баяраас эхлээд Ленин, Марксийг ярих нь холгүй байна. Тэдний хувьд иргэдэд хямд нүүрс хүргэх чухал биш. Хэн тарааж байгаа нь чухал бололтой юм. 

Монголын хамгийн том албан тушаалтан 28-хан вагон нүүрс борлуулж чадахгүй байхад өдөрт 200 вагон нүүрс авах гадны бизнесмен ямар ч монголтой харьцахгүй нь ойлгомжтой. Багануурын нүүрсийг нийслэлд борлуулах боломжгүй монголын тогтолцоо Таван толгойг дэлхийн зах зээлд гаргана гэдэг нь гонжийнжоо гэнэ. Хэсгийн дарга нар нүүрсийг улс төржүүлж байна. Хэрээс хэтэрч гэр хорооллыг тамлаж байна. Тэдэнгүйгээр гэр хорооллынхон амьдарч чадахгүй юм гэнэ. Цагаандаа гарсан энэ улсуудыг тартагтаа тулсан цагтаа МАН ашиглах гэж бэлдээгүй л баймаар.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.