Л.Гансүх сайд ТББ-ынхныг байгаль хамгаалахад уриалав.
Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын анхдугаар зөвлөлгөөн өчигдөр боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтран зохион байгуулсан тус зөвлөлгөөнд төр, төрийн бус байгууллагуудын 300 гаруй төлөөлөгч оролцлоо. Манай улсад байгаль орчны чиглэлээр ажилладаг 620 гаруй төрийн бус байгууллага бий. Тэд ан амьтан хамгаалах, агаарын болон хөрсний бохирдол, модны хулгай, хулгайн антай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
"Байгалийн онгон дагшин байдлыг хамгаалахад иргэний хяналт тавих, судалгаа шинжилгээ хийх, зөвлөх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч санхүүгийн хүндрэл, боловсон хүчний асуудлыг шийдэхэд төр, засгаас анхаарал хандуулах хэрэгтэй байна. Байгалийг үнэнчээр хамгаалагчид нь нутгийн иргэд, малчид байдаг.
Тэдний хүчийг ашиглая гэхээр хяналт тавих эрхзүйн зохицуулалт алга" гэж Байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Ж.Батболд ярив Мөн төрийн бус байгууллагуудыг дэмжих сан байгуулах уриалга гаргаж буйгаа зарлалаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх "Яамнаас иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа хүнд суртал, чирэгдэл учруулж болзошгүй 47 тушаал шийдвэрийг хүчингүй болголоо. Зарим улсын жишгээс харахад төрийн бус байгууллагууд нэгдэн байгаль орчны парламент байгуулж, шаардлагатай үед тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийдэг аж. Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомж боловсруулахад төрийн бус байгууллагуудыг оролцуулснаар хууль бус үйлдлийг таслан зогсоох, гаргасан шийдвэрийн хариуцлагыг хамтран хүлээх нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль орчны олон нийтийн экспертиз бол хууль дүрэм зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хүчирхэг зэвсэг. ОХУ, Украин, Узбекстан зэрэг оронд ийм байгууллага ажилладаг. Дээрх чиг үүргийг манай оронд байгаль орчны төрийн бус байгууллагуудын зөвлөл хэрэгжүүлнэ" хэмээн үзэж байна гэлээ Төр болон төрийн бус байгууллагууд цаашид хэрхэн ажиллахаа зөвлөлдөж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм билээ.