Хийснээ дүгнэж, зорилгоо тодорхойлов
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ.
Яам, харъяа агентлагууд, 21 аймгийн БОАЖГ, 24 хамгаалалтын захиргаа, салбарын төсөл хөтөлбөрүүд, олон улсын байгууллагын удирдлагууд энэ зөвлөгөөнд оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөний эхний өдөр байгаль орчин аялал жуулчлалын салбарынхан 2010 оны үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, 2011 оны зорилт төлөвлөгөөгөө хэлэлцэв. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн харъяа газруудын ажлын үр дүн, хяналт шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлуудаа ч ярилцав. БОАЖЯ 2011 оныг "Усны жил" болгон зарласан билээ. Мөн өчигдөр өнгөрөгч онд салбарын хэмжээнд үйл ажлаараа хошуучлагчдаа урамшууллаа.
Тухайлбал аймаг, нийслэлийн БОАЖГ, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хийсэн ажлыг дүгнэж байр эзлүүллээ.
"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 3 зорилт, 33 арга хэмжээ тусгагдаж дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 65 ажил төлөвлөгдөж үндсэндээ бүрэн хэрэгжжээ. Энэ хугацаанд байгаль орчны чиглэлийн 3 шинэ хууль, шинэчилсэн болон нэмэлт өөрчлөлт оруулахаар 13 хуулийн төсөл боловсруулж УИХ-аар батлуулснаас гадна УИХ-ын тогтоолоор 3 хөтөлбөр, Засгийн газрын 4 тогтоол гаргуулж, 10 журмыг батлуулсан" гэж БОАЖ-ын сайд Л.Гансүх тус зөвлөгөөнд илтгэв.
Харин өнөөдөр хог хаягдлыг бууруулах, боловсруулах, дахин ашиглах 311-ийн зарчим, Токиогийн тунхаглалыг хэрэгжүүлэх талаар тусгай хөтөлбөрөөр семинар зохион байгуулахаас гадна Нарангийн энгэр дэх ландфиллын аргад түшиглэсэн хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаатай зөвлөгөөнд оролцогчдыг танилцах аж.