Ховор амьтны квотыг энэ жил багасгалаа
2011.03.03

Ховор амьтны квотыг энэ жил багасгалаа

Тусгай зориулалтаар 2011 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг батлах тогтоолд Засгийн газар өөрчлөлт оруулав. Тусгай зориулалтаар 50 угалз агнуулахаар болжээ. Гадаадын анчид 120 тэх, таван халиун буга, 150 цагаан зээр, тус бүр 40 саарал чоно, бор гөрөөс, 20 зэрлэг гахай, ой, хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнаж болох юм байна. Судалгаа, шинжилгээний зориулалтаар хоёр хүрэн баавгай, дөрвөн хүртэл цоохор ирвэс агнах, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор хоёр толгой хулан адуу барихыг зөвшөөрчээ. Гадаадын анчдад тусгай төлбөртэй агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн таван жилд улс, орон нутгийн төсөвт 7.2 тэрбум төрөг төвлөрсөн байна. 2009, 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 17,9 мянган аргаль, 24,4 мянган янгир, 10 мянга гаруй халиун буга, 12 мянга гаруй хар сүүлт, 5.6 сая цагаан зээр, 1200 орчим ирвэс, зургаан мянга орчим идлэг шонхор шувуу байгаа нь тогтоогджээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Л.Гансүхээс тодрууллаа.

-Ховор ан амьтан агнахыг цөөрүүлж байгаа юмуу?

-Ховор ан агнуурын аялал жуулчлалд тодорхой квотыг жил бүр Засгийн газраар батлуулдаг. Энэ нь улсын төсөвт нэлээд их орлого оруулдаг.

Өнгөрсөн жил гэхэд ан агнуурын квотоор 1.2 тэрбум төгрөг улсын төсөвт орсон.

Шонхор шувуу экспортлох чиглэлээр гэхэд гурван тэрбум орчим төгрөг улсын төсөвт төвлөрсөн. Энэ жилийн хувьд ховор ан амьтны квотыг багасгасан. Харин олдоц ихтэй, тухайлбал тархмал байдаг загас, агнуурын шувууны тоог бага зэрэг нэмсэн. Ерөнхий утгаараа тоо, хэмжээг багасгалаа.

-Энэ жилийн тухайд ямар төрлийн ховор ан амьтныг барьж болох вэ?

-Аргаль угалз, янгир, гахайг болно. Мөн хуулиар хориглосон талын чоноос өөр төрлийг агнаж болно. Чоныг өндөр үнэтэй агнадаг л даа. Түүнчлэн тодорхой тооны загасыг, тэр дундаа тулыг барьчхаад буцааж тавина. Өнгөрсөн жил батлагдсан хуулиар ховор загасыг гадагшаа гаргахгүй болгосон.Тийм учраас мохоо дэгээгээр барьчхаад буцааж тавих юм. Тулаас өөр төрлийн загасыг цөөн тоогоор барьж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.