2012.11.05

Олон “яагаад” дагуулсан огцом шийдвэр

Эрхэм гишүүн У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд сэтгүүлчидтэй муур, хулгана болж тоглов. Утсаа унтрааж, суудлаа эзгүй орхиод одсон тэрбээр Төрийн ордонд дөнгөж ороод гарахдаа УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад гардуулсан нь олны анхаарлыг эрхгүй татлаа. У.Хүрэлсүхийн барааг хальт хараад алдсан сэтгүүлчид намын дарга Ө.Энхтүвшинг нь байцаасан. Тэрбээр журмын нөхрийнхөө гэнэтийн энэ шийдвэр хувийн шалтгаантай буюу гэргийнх нь биеийн байдал сайнгүй, гадаадад эмчлүүлэхээр болсонтой холбоотой хэмээн тайлбарлана билээ.

Ө.Энхтүвшин нэгэн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Ийм шийдвэр гаргах бодол төрснөө Хүрэлсүх нэлээд эрт ярьж байсан” гэсэн байсан. Харин эрхэм гишүүний шийдвэртэй холбоотойгоор янз бүрийн яриа, олон “яагаад” хэдийнэ гарчээ. Түүнийг зайлшгүй ийм алхам хийхэд хүргэсэн хэн нэгний шантааж байсан байх, мань эр ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг санаархаж албаа өгсөн байх магадлалтай гэж зарим нь үзэж байгаа бол, МАН-ын нэрийг сольж сонгуульд ялагдал амссаныхаа хариуцлагыг хүлээж байгаа нь тэр гэх хүн ч байгаа аж.

Мөн Г.Баярсайхан гишүүнтэй нударга зөрүүлсэн асуудалтай холбоотой гэх хүн ч байна. Өөр нэгэн эх сурвалж авлигын хэрэгтэй хол боотойгоор асуудал үүсэхээс өмнө чимээгүйхэн зайгаа тавьж өгөх гэлээ хэмээж байна. Ямартай ч улс төрийн тавцангаас буухаар тэр шийдэж. У.Хүрэлсүх гишүүний гэргийг Болормаа гэдэг бөгөөд нийслэлийн 50 дугаар цэцэрлэгийн эрхлэгч юм байна. Тус цэцэрлэгт олон жил багшаар ажиллаж байгаад сүүлийн хэдэн жилээс эрхлэгчийн алба хашиж буй аж.

У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг нь бид зарим хүнээс сонирхлоо.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Гэргийгээ удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болж байна гэж надад ярьж байсан юм. Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүний албанаас чөл өөлөгдлөө гэхэд намын нэрсийн жагсаалтаар орж ирсэн болохоор дахин сонгууль явуулж орных нь хүнийг гаргаж ирнэ гэх түвэг байхгүй л дээ.

Ер нь бол аргагүй байдлын улмаас УИХ-ын гишүүний үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болох, тэгээд тухайн хүн бүрэн эрхээсээ татгалзахаар шийдэж хүсэлтээ илэрхийлэх чинь эвэртэй туулай гэдэг шиг гайхмаар явдал биш шүү дээ. Урьд нь Д.Бямбасүрэн, Н.Жанцанноров гээд ... хүмүүст ийм явдал тохиолдож л байсан.

 УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Хувь хүний өөрийнх нь л гаргасан шийдвэр. Тэр хүн тэгж л шийдэж.

-Тантай хийсэн зодооноос болж ийм шийдвэр гаргалаа гэсэн яриа гадуур байна лээ?

-Үгүй байх аа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Би ямар байр суурьтай байх ёстой гэж. Яагаад УИХ-аас гарахаар шийдсэн талаар надад мэдээлэл алга байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн асуудлаар манай нам ямар нэг байр суурь илэрхийлэхгүй. Хувь хүнийхээ хувьд би түүний шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа.

Гэр бүлийнх нь хүний эрүүл мэндийн байдал үнэхээр хүнд байгаа бол гэр бүлдээ анхаарах нь зүйн хэрэг. У.Хүрэлсүхийн хувьд хэнийг төлөөлж байгаа вэ гэдгийг бас бодолцох ёстой байх.

Иргэн А.Мекей: Хувь хүний өөрийнх нь л сонголт. Хүндэтгэх хэрэгтэй. Ийм шийдвэр гаргах шалтгаан байсан байх. Ер нь хүнд ухамсар, эр зориг байх ёстой. Би У.Хүрэлсүхийг барагийн аавын хүүгээс гарахгүй эр зориг гаргасан гэж үнэлж байгаа.

У.Хүрэлсүх МАХН-ыг МАН болж нэрээ солиход “Нэр сольсноос болж сонгуульд ялагдвал би хариуцлага хүлээнэ” гэж амлаж байсан шүү дээ. Тэр амлалтаа биелүүлсэн байх. Саяхан Ц.Даваасүрэн гишүүн “Ганц У.Хүрэлсүх биш бусад нь ч хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн байсан. Би үүнийг дэмжиж байгаа. Гэвч бусдад нь хариуцлага хүлээх эр зориг байхгүй л болов уу.

Иргэн Н.Гүндэгмаа: Биеийн байдал нь тааруу байгаа учраас өргөдлөө өгчих шиг боллоо. Уг нь ийм сайхан эрч хүчтэй залуу УИХ-д байсан бол зүгээр байсан юм. Жаахан харамсалтай л байна даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.